2024 оны 12 дугаар сарын 04-нд Nomgon shop хэртэй хуудаснаас “Халуун наалтны гайхамшиг” гэх гарчигтай тураах наалт сурталчилсан бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт “Хоолоо цэгцэлж, дасгал хөдөлгөөн хийхгүйгээр яав ч эрүүлээр жин хасаж чадахгүй гэдгийг анхааруулъя. Ямагт хоолыг нэг номерт тавиарай.. Халуун наалт… Хятадын алдарт жүжигчин Жиа Лингийн 8-н сарын хугацаанд 50кг-ийг эрүүлээр хасахад тусалж чадсан халуун наалт нь 6 төрлийн эмийн ургамалтай. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөнийг гадагшлуулж, өндгөвчний үйл ажиллагааг сайжруулж, өөхийг шатаана, эрэгтэйчүүдийн түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн сав эрхтэн, асар олон зүйлд нэмэр тус болдог. Цусан дахь хорт бодисыг гадагшлуулдаг. Хэрэглэхдээ ус сайн ууж өдөрт 1 цаг алхаарай…” гэх агуулгыг дурдсан байна. Мөн тус хуудаст бүтээгдэхүүнд орсон орц найрлагыг тайлбар бүхий зурган хэлбэрээр оруулсан ба үүнд ялам модны навч, борнеол, татмын шарилж, гааны нунтаг, гүргэм, хотой өвч, чихэр өвс гэх ургамлуудыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Nomgon Shop хуудасны худалдаалж буй “Max-Z burning hot compact patch” бүтээгдэхүүнийг Google Lens, Baidu, Tineye, Microsoft Bing, Yandex зэрэг хэрэглүүр ашиглан зургаар хайхад гадаад сайтад худалдаалж буй мэдээлэл огт байхгүй байна. Google Lens хайлтын системд buduunmiss гэх монгол сайтад зарагдаж буй нь илэрцээр гарч ирлээ. Тус сайтад бүтээгдэхүүнийг шалгасан бичлэгт дурдсантай ижил агуулгаар тайлбарлажээ. Үргэлжлүүлэн хятад бүтээгдэхүүн худалдаалдаг Alibaba, Ali Express онлайн дэлгүүрээс зургаар хайхад илэрц огт байхгүй. Мөн Suning, DangDang зэрэг хятадын онлайн дэлгүүрээс “Max-Z burning hot compact patch” гэх түлхүүр үгээр англи, хятадаар хайхад илэрц огт байхгүй байна.
- Nomgon Shop хуудаст 2024 оны 12 дугаар сарын 11 нийтэлсэн зурган мэдээлэлд “БНХАУ-ын оюуны өмчийн патенттай бүтээгдэхүүн бөгөөд 100 сая гаруй ширхэг зарагдсан” гэж оруулсан ч хятадын онлайн худалдааны сайтуудад тус бүтээгдэхүүний тухай мэдээлэл огт байхгүй байна.
Түгээсэн бичлэгт “халуун наалт нь Хятад жүжигчин Жиа Лингийг 50кг турахад тусалсан” хэмээн мэдээлсэн. Жүжигчин Жиа Линг YOLO кинонд дүр бүтээхдээ 85 кг-аас 105 кг болтол жин нэмж, дараа нь 50 кг турсан. Гэвч уг халуун наалтыг ашигласан гэх мэдээлэл, баталгаатай эх сурвалж байхгүй. Жиа Лингийн турсан нь Хятадын сошиал медиад ихээхэн шуугиан тарьсан. Хятадын хэд хэдэн мэдээллийн сайтад түүний дэглэм, сургуулилтын тухай мэдээлжээ. Тэрээр “16+8” буюу найман цагийн хугацаанд юм идэж, 16 цаг мацаг барих техникийг ашигласан ба давс, тос багатай хүнс хэрэглэж, ихэвчлэн байцаа, тахианы цээж мах, бор будаа иддэг байсан тухай China News мэдээллийн сайт, Гуанжоу хотын спортын захиргааны сайтад оруулжээ. Мөн түүнийг өдөрт 6-8 цаг бэлтгэл хийдэг байсан тухай мэдээлсэн. Chinese Herald мэдээллийн сайтад Жэжяны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн харьяа Run Run Shaw хоол тэжээлийн тэнхимийн захирал Фэн Лижүн “Жүжигчид богино хугацаанд зураг авалтад зориулж жингээ хасах нь зүгээр, гэхдээ жирийн хүмүүст урт хугацаанд жингээ барихад тохиромжгүй… Жин хасах нь хоолны дэглэм барих биш, харин тэнцвэртэй хооллолт, тохирсон дасгалын хослол юм” гэж хэлсэн. Сансар судлалын төвийн эмнэлгийн Хоол тэжээлийн албаны дарга Сюй Мэйян Chinese Herald сайтад “Өдөрт гурав, дөрвөн цаг дасгал хийхийг зөвлөдөггүй. Хэт их дасгал хийх нь бие махбодод гэмтэл учруулдаг…” хэмээн тодруулга өгсөн ба хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хийхгүйгээр жингээ барьж чадахгүй тухай онцолсон.
Зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийж эрүүлээр жин хасна. 7 хоногт ойролцоогоор 0.5-1кг хасах нь эрүүл гэж зөвлөдөг.
Шалгасан бичлэгийн эхлэлд “зохистой хооллолт болон дасгал хөдөлгөөн хамгийн чухал” гэх агуулгыг дурдсан. Зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах шидэт арга байхгүй тухай АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулж, тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны мэдээллийг хүргэжээ. Үүнд:
- Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.
- Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны зохих дэглэм барихгүйгээр жин хасна (Худал)
- Манай бүтээгдэхүүнийг хэрэглээд дахин таргалахгүй
- Богино хугацаанд их жин хасна
- Хүн болгонд тохирно
- Тураах тос, наалт ашиглаад л жин хасна гэх мэт агуулгатай хуурамч сурталчилгаа явуулдаг хэмээн онцолсон байна.
Хурдан хугацаанд их хэмжээний жин хасах нь эрүүл бус бөгөөд булчин сулрах, цөсний чулуу үүсэх, хоол тэжээлийн дутагдалд орох, бодисын солилцоо буурах зэрэг эрсдэл учруулж болзошгүй. АНУ-ын Зүрх, уушги, цусны үндэсний хүрээлэнгийн сайтад 7 хоногт ойролцоогоор 1-2 фунт буюу 0.5-1кг хасах нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв, Үндэсний эрүүл мэндийн албанаас эрүүлээр жин хасахад 7 хоногт 0.5-1 кг жин хасахыг зөвлөсөн байна.
Тураах наалт үр дүнгүйг олон улсын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Бид өмнөх баримт шалгалтаараа (энд бас энд) тураах наалт үр дүнтэйг баталсан өргөн хэмжээний судалгаа байхгүй, мэргэжилтнүүд наалт нь үр дүнгүй болохыг мэдэгдсэн тухай хүргэсэн.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Lead Stories, Factly , THIP баримт шалгах төвүүд тураах наалтын тухай холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авч, тураах наалт баталгаагүй болохыг мэдээлжээ. Тухайлбал, Аюурведийн Амхитагийн Дэвшилтэт судалгааны төвийн (ĀCĀRA) Судалгааны захирал доктор П.Рамманохар “Таргалалтын эсрэг ид шидийн арга байхгүй. Дотор болон гаднын ямар нэг эм асуудлыг шийдэж чадахгүй. Стрессийн менежмент, амьдралын хэв маяг, хоолны дэглэм нь гол эмчилгээний арга барил юм…” хэмээн Энэтхэгийн THIP баримт шалгах төвд тодруулга өгсөн. Мөн тус баримт шалгалтад бичил зүү бүхий наалт нь үр дүнтэй гэх шинжлэх ухааны нотолгоо байхгүй ба үүнд агуулагдах найрлага цусны урсгалаар дамжиж үр дүн гаргана гэж баталсан томоохон судалгаа байхгүй тухай онцолсон.
Lead Stories баримт шалгах төв Таргалалтын эсрэг нийгэмлэгийн төлөөлөгч, таргалалтын эсрэг эмчилгээний мэргэжлийн эмч, мэс засалч Жихад Кудистай холбогдож тураах наалтын тухай тодруулахад тэрээр “Тураах наалт үр дүнтэй гэж нотолсон судалгааны ажил байхгүй. Ер нь хүчний болон хурдны дасгалаас өөр өөхийг эрчимтэй шатааж, урт хугацаанд үр дүнг барих шалгарсан арга алга. Эдгээрийг дэмжих зорилгоор шаардлагатай буюу ховор тохиолдолд мэргэжлийн эмчийн олгосон жорын дагуу зориулалтын тураах эм уух хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Мөн Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сэтгүүлийн (Women’s Health) сайтад 2024 оны 10 дугаар сарын 10-нд нийтлэгдсэн тураах наалтын тухай мэдээлэлд таргалалтын эсрэг мэргэжлийн эмч Чарли Селцер тураах наалт хурдан турахад тус болохыг тухай мэдээлсэн6 Lead Stories баримт шалгах төв эмч Чарли Сецлертэй и-мэйлээр холбогдож тодруулахад “Тураах наалт нь үр дүнгүй. Жин хасахад туслах цорын ганц зүйл бол бага калори авч, ихийг шатаах” хэмээн тайлбарлажээ.
6 эмийн ургамлыг нэг зэрэг ашиглаж хийсэн наалт ба үр дүнг нь харуулсан судалгаа огт байхгүй.
2013 онд яламын навч, жимсний ханд тураах үйлчилгээтэй эсэхийг хархан дээр хийсэн судалгаагаар харуулжээ. Судалгааны үр дүнд навч, жимсний хандыг хослуулсан эмчилгээ нь таргалалт, үүнтэй холбоотой бодисын солилцооны стрессийг сайжруулах, таргалалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ болгон ашиглаж болохыг харуулсан. Гэвч тус ургамлыг наалт хэлбэрээр бус хооллож, хэрэглэх хэлбэрээр судалгаа хийсэн. “Ялам (Morus multicaulis)-ийн латекс уураг MLX56 нь ургамлыг хортон шавж, өвчин үүсгэгчээс хамгаалдаг” судалгаанд яламны навч нь хүний биед бага зэргийн хортой цагаан шүүс бүхий латекс агуулдгийг харуулсан бөгөөд энэ нь зарим тохиолдолд ходоодыг хямрааж, арьсыг цочрооход хүргэдэг.
“Эрүүл хүмүүсийн биеийн өөхний массыг бууруулахад чихэр өвсний нөлөө” судалгаанд 15 хэвийн жинтэй хүнийг хамруулж 2 сарын хугацаанд өдөрт 3.5гр чихэр өвсний ханд хэрэглэсний дараах үр дүнг тодорхойлжээ. Түүнчлэн, ижил илчлэг авч байсан хоёр бүлгийн хүмүүсийг харьцуулахад чихэр өвчний ханд хэрэглэсэн хүмүүсийн биеийн өөхний масс буурсан хэмээн дүгнэжээ. Харин чихэр өвсийг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэж, хэм алдагдуулах, бөөрний дутагдал үүсгэх, уушгины хаван үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй байна.
2023 онд 74 өсвөр насныхныг судалгаанд хамруулж 12 долоо хоногийн турш өдөрт 60 мг гүргэмийн бэлдмэл уух нь биеийн жингийн индекс (BMI), бүсэлхийн тойрог, жинг бууруулахад плацебо бүлгээс илүү үр дүн үзүүлснийг харуулжээ. Мөн 40-65 насны 84 өвчтөн хамруулсан судалгаанд өдөрт 30 мг гүргэмийн хандыг 8 долоо хоногийн турш хэрэглэснээр хоолны дуршил, биеийн жингийн индекс, бэлхүүсний тойрог, өөхний массыг бууруулахад тустай гэх үр дүнг харуулжээ. Гэвч эдгээр туршилтад бичил зүүн наалт бус гүргэмийн бэлдмэлийг амаар хэрэглэсэн. Гүргэмийг 1.5 гр доош хэмжээгээр хэрэглэх нь хүнд аюулгүй ба 5гр-аас дээш хэрэглэвэл хортой, 20 хүртэлх грамм хэрэглэвэл үхлийн аюултай. Бага хэмжээний хордлого нь толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, суулгахад хүргэдэг бол илүү хүчтэй хордлого нь арьс, нүдний салст бүрхэвч дээр шар өнгийн пигментүүд хуримтлагдаж, гар, хөл мэдээ алдах, хорсох, арьс, нүдийг шаргал өнгөтэй болгодог.
Тураах наалтад орсон зарим эмийн ургамлын ханд, бэлдмэл тураах үйлчилгээтэйг харуулсан судалгаа бий ч нийлүүлж хэрэглэх, наалт хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэй эсэхийг харуулсан судалгаа байхгүй. Pubmed. Google Scholar, Research Gate, Springer Nature зэрэг судалгааны сангаас дээрх ургамлуудыг түлхүүр үгээр хайхад нэг зэрэг ашиглаж, үр дүнг нь харуулсан судалгаа огт илрээгүй.
2025 онд хийсэн “Хиймэл оюун ухааны загвар ба эм, ургамлын харилцан үйлчлэлийн үнэлгээний хэрэгсэл” судалгаанд “Ургамлын найрлага дахь олон идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд нь тус бүр өөрийн гэсэн PK (биед үзүүлэх эмийн концентраци) болон PD (эмийн биологийн нөлөө) профайлтай байдаг нь ургамлын гарал үүсэл, хураах нөхцөл, боловсруулах арга зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ижил ургамлын багц хооронд хүртэл өөр өөр байж болно. Энэ нь химийн болон биологийн нөлөөллийн зөрчилд хүргэдэг” хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээ хийгээгүй идэвхтэй бүрэлдэхүүнтэй олон эмийн ургамал хамтад нь хэрэглэх нь хоорондоо зөрчилдөх, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч болзошгүй.
Бүтээгдэхүүний орц найрлагад дурдсан эмийн ургамлуудыг нэг дор ашигласан, үүний үр дүнг харуулсан судалгаа огт байхгүй. Гэсэн хэдий халуун наалтыг олон төрлийн биеийн зовуурийг арилгаж, бие организмын үйл ажиллагааг дэмжинэ гэж сурталчилж байна. Нэг бүтээгдэхүүнээр бүх төрлийн өвчнийг эмчлэх, бие организмын үйл ажиллагааг сайжруулна гэж амлах нь өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны нэг хэлбэр юм.
Сүүлийн үед тураах тос, наалт, цай, саван гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг баталгаатай мэт хуурамчаар сурталчилж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх зар сурталчилгаа ихэссэн. Зохистой хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хийлгүйгээр хурдан хугацаанд ямар нэг нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж турах боломжгүй. Шалгасан мэдээлэлд дурдсан шиг олон төрлийн үйл ажиллагааг нэг дор дэмжих наалт нь батлагдаагүй бөгөөд энэ нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. Тиймээс аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.