Search

Стивен Липэр “уран олборлохоо хойшлуул” гэж хэлээгүй ч, цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчийн хувиар ураныг эсэргүүцдэг гэдгээ бидэнд мэдэгдлээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1328

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Америк цөмийн шинжээч “Монгол улс уран боловсруулалтад ядаж хяналт тавих чадамжтай болтлоо уран ашиглахыг хойш тавьсан нь дээр дээ” хэмээн зөвлөсөн гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Цөмийн зэвсгийн эсрэг, дэлхийн энхтайвны төлөөх байгууллагыг удирдагч, сэтгэл судлаач Стивен Липэр нь ураныг эсэргүүцсэн байр суурь баримталдаг хэдий ч “Монгол Улсад уран олборлохыг хойшлуулах”-ыг зөвлөж байгаагүй буюу эш татсан үгийг хэлээгүй гэдгээ өөрөө мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тэрээр цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчийн хувьд уран олборлолтыг эсэргүүцдэг гэдгээ бидэнд хуваалцлаа.

Стивен Липэр гэх Америк цөмийн шинжээч “Монгол улс уран боловсруулалтад ядаж хяналт тавих чадамжтай болтлоо уран ашиглахыг хойш тавьсан нь дээр дээ. Эс тэгвэл ээ мөн их зовно доо!” гэж хэлсэн гэх мэдээлэл Facebook-т олон хаяг түгэн өндөр хандалт аваад байна. Хоёрдугаар сарын 16-нд Бямбасүрэн Баярмаа гэх хаягт нийтэлсэн пост 20-ны өдрийн байдлаар 101 реакц, 10 коммент авч, 462 удаа цааш түгээгдсэн байна.

Бид энэхүү эшлэл буюу Стивен Липер гэх шинжээч уран боловсруулалтыг хянаж чадах хүртлээ хойшлуулсан дээр гэж зөвлөсөн эсэхийг анхдагч эх сурвалжаас тодрууллаа.

Бид эшлэлийн анхдагч онлайн эх сурвалжийг хайхад нэгдүгээр сарын 16 болон 17-нд буюу Францын уран олборлох “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ зурах өдөртэй зэрэгцээд Facebook-т ихээхэн түгсэн байсныг олсон ба энэ үеэс өмнөх эх сурвалжууд онлайн хайлтын илэрцээр гарч ирээгүй (Google Search Engine 1 2, Facebook 1 2).

Үргэлжлүүлэн цөмийн шинжээч Стивен Липэр (Steven Leeper) гэх хүний талаар Google хайлтын системд хайхад хамгийн ойрын эх сурвалж нь Хирошимагийн Энхтайвны Соёлын Сангийн тэргүүн асан Стивен Липэр гэх хүн байна.

Тэрээр 2009 онд Улаанбаатар хотод болсон Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болох тухай хуралд оролцсон гэх мэдээлэл байна.

Мөн 2010 онд Нью Иорк хотод болсон Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох талаарх өөр нэг хуралд оролцож байсныг нээлттэй мэдээллээс олсон.

Өдгөө тэрээр Япон улсад Peace Culture Village хэмээх цөмийн зэвсгийн эсрэг, дэлхийн энхтайвны төлөөх байгууллагыг удирдаж байна. 2020 онд Японы NHK телевиз түүнийг олон жилийн туршлагатай энхтайвны төлөөх тэмцэгч хэмээн тодотгосон байна. Түүнчлэн тэрээр сэтгэл судлалаар мэргэшсэн болохыг танилцуулгаас нь харж болно. Бид түүний хэлсэн үг гэх мэдээллийг тодруулахаар имэйлээр холбогдон Монгол Улсад ураны боловсруулалтыг хойшлуулахыг зөвлөсөн эсэх талаар мэйлээр тодруулсан.

Стивен Липэрийн зураг, Эх сурвалж: NHK

Түүнээс “Монгол Улс уран боловсруулалтад ядаж хяналт тавих чадамжтай болтлоо уран ашиглахыг хойш тавьсан нь дээр…” гэж хэлсэн эсэх талаар тодруулахад “Мэдээллээ нягталж буйд маш их баярлалаа. Үгүй, би энэ үгийг хэлээгүй бас хэзээ ч хэлэхгүй. Би цөмийн эрчим хүчийг эрс эсэргүүцдэг бөгөөд Монгол Улс уран олборлолтоо зогсоох хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ Монгол Улс үүнийг хийхгүй гэдгийг ойлгож байна. Би зөвхөн ураны талаар ямар бодолтойгоо хуваалцаж байна, харин дээрх эшлэл үгийг би хэлээгүй гэдгийг та бүхэн ойлгох байх” гэжээ.

Стивен Липэрийн бидэнд илгээсэн имэйлийн зураг

Цөмийн зэвсгийн эсрэг, дэлхийн энхтайвны төлөөх байгууллагыг удирдагч, сэтгэл судлаач Стивен Липэр нь ураныг эсэргүүцсэн байр суурь баримталдаг хэдий ч “Монгол Улсад уран олборлохыг хойшлуулах”-ыг ямар нэг байдлаар өмнө нь зөвлөж байгаагүй буюу эш татсан үгийг хэлээгүй гэдгээ өөрөө мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тэрээр цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчийн хувьд уран олборлолтыг эсэргүүцдэг гэдгээ бидэнд хуваалцлаа.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document