2025 оны 02 дугаар сарын 02-нд Аминаагийн Аав гэх хаягтай Facebook хэрэглэгч “Дөнгөж саяхан гэрээ хийж ухаж эхлээд байгаа ураны уурхайгаас 85 км зайд байх худгаас хүнцэл, цацраг идэвхт бодис илэрч байна” гэсэн пост нийтэлжээ.
Тус пост нь хоёрдугаар сарын 17-ны байдлаар нийт 19 сэтгэгдэл, 616 реакц авч, 1200 гаруй удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны гурван орд бий. Тухайлбал Дулаан-Уул(18916), Зөөвч-Овоо(18915) ,Өмнөт (18914) гэсэн гурван газарт “Бадрах энержи” ХХК нь ашиглалтын лиценз эзэмшиж байна.
- Энэ талаар “Бадрах Энержи” ХХК-ийн олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Өнөөдөр ураны олборлолтын үйл ажиллагаа хийгдээгүй байгаа, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үндсэн олборлолтыг бүтээн байгуулалтын үе шатыг хийсний дараа эхлүүлнэ. Гэрээ ёсоор бэлтгэл үе шат 4 жил үргэлжлэх бол үндсэн олборлолт үүний дараа эхлэх ёстой” гэж бидэнд мэдээлсэн юм.
2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан.
Уг гэрээний 3.4-т Төсөл хэрэгжих үе шатыг зааж өгсөн. Үүнд
- “а. Төслийн үйл ажиллагаа дараах үе шатуудад хуваагдана.
- (i) Бүтээн байгуулалтын үе шат;
- (ii) Уурхайн ашиглалтын үе шат;
- (iii) Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үе шат.
- b. Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь Бүтээн байгуулалтын үе шатыг дөрвөн (4) жилийн дотор дуусгахыг эрмэлзэнэ” гэжээ.
Түүнчлэн Улаанбадрах суманд уран олборлолт явагдаж байгаа эсэхийг тус сумын ЗДТГ-ын дарга М.Хишигбаяраас тодруулахад “уран олборлолт явагдахгүй байгаа” хэмээн бидэнд мэдээлсэн юм.
Дүгнэхэд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан даруйдаа уран олборлож, экспортолж эхлэхгүй, бэлтгэл үе шатыг дөрвөн жилийн хугацаанд хийх юм байна. Үүний дараа ашиглалтын үе шат эхлэх нь. Тиймээс шалгасан мэдээлэлд дурдсан “гэрээ зурагдангуут 85 км зайтай худгаас хүнцэл, цацраг идэвхт бодис илэрсэн” гэдэг нь төөрөгдүүлжээ. Улаанбадрах суманд уран олборлолтын үйл ажиллагаа одоогоор явагдаж эхлээгүй байна.