Search

Өвөрмонголд болсон хурдан морины өвлийн уралдааны бичлэгээр төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1326

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“200 газрын морин уралдаан гэнэ хөөрхий мал тамлаж байгаа юм шүү” гэх тайлбартай өвлийн хурдан морины уралдааны бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан бичлэг нь Өвөрмонголын Хөлөнбуйрын Хуучин Барга хошуунд болсон өвлийн хурдан морины тэсвэр хатуужлын уралдаан юм.

2025 оны 02 дугаар сарын 12-нд Bataa Bataa нэртэй хаягаас “200 газрын морин уралдаан гэнэ хөөрхий мал тамлаж байгаа юм шүү” гэх тайлбартай морин уралдааны бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 943 реакц, 369 сэтгэгдлээр идэвхжүүлж, 300 удаа цааш түгээжээ. Уг постын сэтгэгдэл хэсэгт Монголд болсон өвлийн морин уралдаан мэт ойлгосон хэрэглэгч цөөнгүй тул дутуу мэдээллийг гүйцээж, мөн бичлэгийн эх сурвалжийг хятадын платформуудаас хайх аргыг дараах баримт шалгалтаар хүргэж байна.

Морин уралдааны бичлэгийн хэсгийг Google Lens, Yandex, Baidu зэрэг хайлтын системээр хайхад Baidu сайтад тохирсон илэрц гарч ирлээ. Тодруулбал, Baidu сайтад @软夫夫  гэх хаягт “Барианы шугам хүртэлх тулаан-Хуучин Барга хошууны тэсвэр хатуужлын морин уралдаан” гэх тайлбартай нийтэлжээ. Үргэлжлүүлэн бичлэгийн тайлбарт оруулсан түлхүүр үгээр Douyin платформоос хайхад тус морин уралдаантай холбоотой хэд хэдэн бичлэг илэрцээр гарлаа. Шалгасан бичлэгийг @羊百万 Douyin хаягт 2025 оны 02 дугаар сарын 13-нд “Хөлөнбуйр дахь уралдааны төгсгөл: Хуучин Барга хошууны тэсвэр хатуужлын морин уралдаан” гэх тайлбартай нийтэлжээ.

Мөн шалгасан бичлэгийг өөр өнцгөөс бичсэн бичлэгийг @Nagin гэх Douyin хаягт 2025 оны 02 дугаар сарын 12-нд нийтэлжээ. Тус бичлэгийг нийтлэхдээ “2025.02.12 Хуучин Барга Хошууны өвлийн 03 дугаар хурдан морины уралдаан, 100 км-ийн тэсвэр хатуужлын морин уралдаан” гэх тайлбартай оруулсан байна.

Sohu сайтад Хөлөнбуйр хотод харьяалагддаг Хуучин Барга автономит бүсэд болсон өвлийн гурав дахь хурдан морины уралдааны тухай мэдээлжээ. Түүнчлэн, тус уралдаан нь 100 км зам туулах тэсвэр хатуужлын уралдаан хэмээн тайлбарласан байна.

Өвөрмонголын Хөлөнбуйрын Хуучин Барга хошуунд болсон өвлийн морин уралдааны бичлэгийг хаана болсон тухай ямар нэг тайлбаргүй түгээсэн нь Монголд болсон мэт ойлголт өгч төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document