2025 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр ”Ноцтой но-той мэдээлэл” нэртэй хуудсаас “Засгийн газар 2 мега төслөө эхлүүлэхэд, нэг хүнд ноогдох ДНБ 7027 долларт хүрчээ. Энэ эрчээрээ зоригтой хөдлөөд хэрэгжүүлж чадвал нэг хүнд ногдох ДНБ тун удахгүй 10000 долларт хүрэх нь ээ” гэсэн тайлбартай зургийг нийтэлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээллийн агуулгаар хайхад ижил утгатай нийтлэлийг олон төрлийн хаягаар түгээжээ. (Тухайлбал: Энд, энд бас энд)
Уг мэдээллийг шалгахын тулд Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сангаас албан ёсны тоон мэдээллийг хайн баталгаажууллаа. Хайлтын үр дүнд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 2024 оны байдлаар 6890 ам.доллар байна.

Үүнээс харахад “7027 долларт хүрчээ” гэх мэдээлэл нь албан ёсны тоон мэдээллээс зөрүүтэй байгаа юм. Түүнчлэн нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлтийг тооцох давтамж нь нэг жил байдаг бөгөөд өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос 2025 оны хоёрдугаар сарын 17-нд шинэчлэн оруулсан байна.
Өөрөөр хэлбэл, статистикийн албан ёсны мэдээлэл гарахаас өмнө батлагдаагүй мэдээллийг түгээж, олон нийтийг төөрөгдүүлжээ.
Он дамнуулж хөдөлгөсөн мега төслүүдийн гэрээний өгөөж 2024 онд илрэх боломжгүй
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл хэрэгжүүлэхээр заасан.
Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 17-нд Францын Орона майнинг САС-тай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “гурав дахь мега төсөл хөдөллөө” гэж хэлсэн байна.
- 2024 оны 11 дүгээр сарын 05-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхай хотноо ажлын айлчлал хийх үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банкны Улс хоорондын бизнес харилцааны газрын дэд дарга Жан Тианьчин нар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар 253 сая ам.долларын санхүүжилт шийдсэн.
- 2025 оны 01 дүгээр сарын 17-нд УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг гацаанд оруулаад байсан нөхцөлийг өөрчлөх Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлсэн. Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл үргэлжилж байна.
Шалгасан мэдээлэлд дээрх хоёр мега төслийг хэлсэн байх магадлалтай. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр бодлогын баримт бичиг, эрх зүйн орчин нь бүрдсэн мега төслүүдийн өгөөж нь 2024 оны ДНБ-нд шууд тусгалаа олж, нэг хүнд ногдох ДНБ-ийг өсгөсөн гэж төөрөгдүүлжээ. Энэ үзүүлэлтийг жилд нэг гаргадаг.
Иймд олон нийтийн сүлжээгээр түгээгдэж буй мэдээллийг албан ёсны эх сурвалжаар баталгаажуулж, үнэн боловч хэтрүүлсэн, эсвэл өөрт хэрэгтэй хэсгийг л өгүүлсэн дутуу мэдээллээр олон нийтийн санаа бодлыг чиглүүлэх гэсэн санаархлыг таньж мэддэг хэрсүү нэгэн байгаарай.