2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 1072 Хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн групп тэргүүтэй 31 группэд “1072 хувьцаа авна. Найдвартай зарах хүмүүс чатаар холбогдоорой. 1072 хувьцаа зургаан сая төгрөг, 750 хувьцаа дөрвөн сая төгрөг” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь тусгай хууль тогтоомжийн дагуу зохицуулагддаг. 2012 оны Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд зааснаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд хувьцааг саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэдэд эзэмшүүлэхээр зохицуулсан байдаг.
Түүнчлэн, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22.9-д “Санал гаргагчийн хувьцаа худалдан авахаар санал болгох үнэ нь тухайн хувьцааны зах зээлийн үнээс доошгүй байх ба зах зээлийн үнийг тогтоох аргачлалыг Хөрөнгийн биржийн саналыг үндэслэн Хороо тогтооно” гэж заасан байна. Үүнээс гадна тус компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа албан ёсоор эхлээгүй байгаа тул хувьцааг чөлөөтэй арилжаалах боломжгүй.
Шалгаж буй мэдээллийг түгээсэн хаяг нь нэр, зураг, хуваалцсан пост зэрэг тодорхой мэдээлэлгүй тул уг хаяг хуурамч байх магадлалтай. Мөн холбоо барих дугаар, нэмэлт мэдээлэлгүй зар байршуулж, зөвхөн чатаар харилцахыг хүссэн нь залилангийн шинжтэй үйлдэл юм. Түүнчлэн хувьцаа худалдан авах уг зараа өөр олон бүлгэмд нийтэлсэн байна. (Энд, энд бас энд)
Иймд баталгаагүй хаягаас оруулсан зараар холбогдож, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг сануулж байна. Хувьцааны арилжаатай холбоотой аливаа үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу, зохих байгууллагуудаар дамжуулан хийдэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газрын зөвшөөрлөөр худалдах боломжтой бөгөөд хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй байгаа үед хувьцаа худалдаж, дурын үнэ тогтоох эрхгүй.