Search

Уран ухсаны улмаас эзгүйрсэн Казакстаны тосгон гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1323

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Уран ухсаны улмаас эзгүйрсэн гэх Казакстан дахь тосгоны бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэг дэх тосгон нь уран ухсаны улмаас орхигдсон бус загасны аж ахуй хаагдсаны улмаас эзгүйрсэн тухай Казакстаны хэвлэл мэдээллийн эх сурвалжууд мэдэгджээ.

Хоёрдугаар сарын 12-нд Казакстан дахь нэгэн тосгон уран олборлосны улмаас эзгүйрсэн гэх бичлэгийг (архивлагдсан хувилбар) түгээжээ. Бичлэг хэд хэдэн Facebook хаягуудад түгэн өндөр хандалт авсан. Бичлэгийг анх түгээсэн Bayarmagnai S Myangan гэх хаяг дахь пост нь 17-ны байдлаар 1,100 орчим удаа цааш түгээгдэж, 534 реакц авсан байна.

Эзгүйрч сүйдсэн тосгоны дээрээс авсан бичлэгт харуулснаар олон байшин эвдэрч сүйдэн, хүн амьдардаггүй дүр зургийг харуулсан байна. Бичлэгийн тайлбарт бичсэнээр “Уран ухсан Казакстаны тосгон. Эх орноо хэзээ ч ийм болгож болохгүй.” хэмээжээ.

Бид бичлэгийн эх сурвалжийг хайн тосгоны талаарх мэдээллийг олсон ба энэ тосгон нь уран олборлолтоос болж эзгүйрсэн гэх баримт байхгүй юм.

Бичлэг нь анх Bayarmagnai S Myangan гэх хаягт хоёрдугаар сарын 12-нд нийтлэгдсэн ба бичлэгийн дээд хэсэгт “Бұл Маңғыстауымызда қаңырап жатқан қай ауыл екенін білесіз бе?” хэмээн казак хэлээр бичсэн байна. Үүнийг орчуулбал “Мангистау дахь ямар тосгон эзгүйрсэн болохыг мэдэх үү?” гэсэн утгатай бөгөөд энэ газар нь Казакстан улсын хамгийн баруун захын орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн нэг юм.

Үргэлжлүүлэн бид бичлэгийн эх сурвалжийг хайхаар Google Lens ашиглан түгээсэн бичлэгийн хэсгийг зургаар хайхад Казахстаны хэвлэл мэдээллийн Otpannews.kz, Beyneu зэрэг вэбсайтууд бичлэгийн талаар мэдээлж байжээ. Тус бичлэг нь хоёрдугаар сард онлайн орчинд дахин түгж эхэлсэн ба 2023 онд мөн түгж байжээ. Харин 2025 оны хоёрдугаар сарын 10-нд Otpannews.kz мэдээллийн вэбсайт Instagram хаягтаа бичлэгийг түгээж энэ тосгон нь “Қараған” гэх нэртэй болохыг тодотгосон байна.

Зүүн талд шалгасан бичлэгийн зураг, баруун талд Казакстаны Beyneutoday-д нийтлэгдсэн бичлэгийн тухай мэдээлэл

Google Maps-аас энэхүү тосгоны байршлыг хайхад Каспийн тэнгисийн зүүн хойд эрэгт байрлах орхигдсон тосгон гарч ирсэн ба казак хэлээр “Қараған ауылы” хэмээн Караган тосгон болохыг тэмдэглэсэн байна.

Караган тосгоны зураг, Эх сурвалж: Google Maps

Дээр дурдсан Казакстаны хэвлэлүүдэд тосгоны тухай мэдээлсэн ба тус тосгон оршдог Тупкараган районд оршин суудаг иргэн Айсагали Кыдырын мэдэгдсэнээр “1931-32 онд энд [Караган] анх “Исаев”, дараа нь “Каганович” нэртэй загасны нэгдэл байгуулагдаж байжээ.” хэмээн Otpannews.kz мэдэгдсэн байна. Түүнчлэн тус улсын Beyneu вэбсайтын Instagram-д 2023 оны нэгдүгээр сарын 06-нд нийтлэгдсэн мэдээлэлд тэмдэглэснээр “1957 онд Казак ССР-ийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор нэгдлийн аж ахуйг томруулах зорилгоор “Красный долгинец” нэгдлийг Долгийн районоос энэ нэгдэлд шилжүүлж, одоогийн намын 20-р их хурлын нэрэмжит Загасчдын нэгдэл гэж нэрлэжээ. Караганда барилгажиж, 8 жилийн сургууль, колхозын [нэгдэл] контор, дэлгүүр, клуб, орон сууц баригдав. Хуучин жижигхэн тосгон том, үзэсгэлэнтэй суурин болжээ. Гэвч 1963 онд колхозууд хаагдаж, Карагандагийн загасчид ихэнх нь Форт руу нүүж, малчин болцгоож, эсвэл аймгийн бусад газруудад нүүдэллэв. Ийнхүү үзэсгэлэнтэй, том, тохь тухтай суурин ээнэгшин хоцров.” хэмээсэн байна. Мөн ижил агуулгатай мэдээллийг 2023 оны нэгдүгээр сарын 03-нд nurkentazhibay гэх хаяг түгээж байжээ.

Дээрх эх сурвалжуудын мэдээлэлд тус тосгон уран олборлосны улмаас эзгүй орхигдсон тухай огт байхгүй бөгөөд харин Мангистаун хэвлэл мэдээллийн Lada вэбсайтын мэдэгдсэнээр загасны аж ахуйн нэгдэл нь 1963 онд хаагдаж оршин суугчид ойролцоох Форт Шевченкод амьдрахаар явсан тухай тайлбарлажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document