Search

Клинтон сан USAID-аас 84 сая ам.доллар авсан баримт байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1322

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Челси Клинтон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас 84 сая ам.доллар авсан гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Челси Клинтон болон Клинтон сан тус агентлагаас 84 сая ам.доллар авсан баримт байхгүй.

2025 оны 02 дугаар сарын 09-нд Delgermaa Beckbat (архивлагдсан хувилбар) гэх хаягтай Facebook хэрэглэгч АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) Клинтоны санд мөнгө өгсөн тухай мэдээллийг түгээжээ. Постод тайлбарласнаар “USAID-г ухах тусам аймшигт гэмт хэрэгтнүүд илэрсээр байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Клинтоны охин “Клинтоны сан”-аар дамжуулан USAID-аас асар их мөнгө авдаг байжээ. Клинтоны охин Челси хуримандаа зориулж 3 сая ам доллар, дараа нь шилтгээн худалдан авахын тулд нийт 84 сая ам доллар авчээ. 2010 онд Хайтид болсон газар хөдлөлтийн асар их мөнгөн  тусламж хаашаа орсон нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд үүнийг шалгаж байгаа юм байна. Хамгийн аймшигтай нь газар хөдлөлтийн дараа Хайтигаас насанд хүрээгүй 1000 хүүхэд авч явсан бөгөөд сэкс боол болгон зарж, дараа нь зэрлэгээр алсан тухай яригдаж байна. Энэ бүхэн нотлогдвол Клинтон Обама зайлшгүй холбогдоно гэнэ. Юуных нь монголын замыг заах “ардчилалын алтан од америк ” вэ. Жинхэнэ Сатанууд” хэмээн Челси Клинтоны зураг, Хаитид Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) албан хаагчид педофилд оролцсон тухай мэдээллийн зургийн хамт нийтэлжээ.

Тус пост нь хоёрдугаар сарын 14-ны байдлаар нийт 86 сэтгэгдэл, 663 реакц авч, 264 удаа цааш түгээгдсэн байна.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн үйл ажиллагаа олон улсад түр зогссон явдалтай холбогдуулан олон төрлийн мэдээлэл сошиал медиад хөврөх болсон. Үүний нэг нь 2 дугаар сарын эхлэлд гарсан USAID-аас АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч асан Билл Клинтоны охин Челси Клинтонд Клинтон сангаар дамжуулж 84 сая ам.доллар авсан гэх мэдээлэл юм.

Челси Клинтон USAID-аар дамжуулж 84 сая ам.доллар авсан гэх мэдээлэл нь Data Republican сайтад орсон графикийг ашиглаж төөрөгдүүлсэн тайлбартай түгээсэн постоос эхлэлтэй болохыг бид зургаар хайх аргаар тогтоосон. Data Republican сайтад нийтэлсэн анхны графикийн хэлбэр өөрчлөгдсөн ч Клинтон сангийн мэдээлэл хэвээр байна.

Энэхүү санхүүжилтийн тухай мэдээллийг АНУ-ын Newsweek болон PolitiFact, Snopes зэрэг Олон улсын баримт шалгах сүлжээний (International Fact-Checking Network) гишүүн байгууллагууд баримт шалгалт хийн мэдээлсэн байна.

Тухайлбал, АНУ-ын баримт шалгах төв PolitiFact-ын мэдээлснээр Data Republican-д байршсан график дахь Клинтон сангийн мэдээлэл нь тус сангийн санхүүжилтийг харуулсан бөгөөд 2023 онд байдлаар 83,624,489 ам.долларын орлого олсон ба татварын төлөгчдийн 17,500 ам.долларыг авсан тухай мэдээлсэн байна.

Клинтон сангийн орлогын тухай мэдээлэл, Эх сурвалж: Data Republican

Мөн Snopes-ын мэдээлснээр Клинтон сан 2008 оноос хойш USAID-аас мөнгө аваагүй болохыг USAspending.gov хэмээх засгийн газрын төсвийн гүйлгээний мэдээллийн сан дахь хамгийн сүүлийн үеийн мэдээллээс шүүн мэдэгдсэн байна. Түүнчлэн Челси Клинтон тус сангаас ямар ч мөнгө авдаггүй болохыг тус сангийн 2023 татварын мэдээлэлд мэдэгдсэн байсныг ProPublica мэдээлжээ.

Клинтон сангийн ажилчдын цалингийн мэдээлэл, Эх сурвалж: ProPublica

Хэдийгээр ерөнхийлөгч асан Билл Клинтон 2010 онд Хаитид болсон газар хөдлөлтийн дараа Хаитийн Сэргээн босголтын комиссын даргаар томилогдсон ч Клинтон сан 30 орчим сая ам.долларын хандив босгон тухай BBC мэдээлж байсан. Билл Клинтоны албаныхан тооцоолсноор гадаадын тусламжийн 9% нь Хаитийн засгийн газарт, 0.6% нь орон нутгийн байгууллагуудад шууд очсон ба үлдсэн нь олон улсын донор байгууллагууд, НҮБ-ын агентлагууд, ажил гүйцэтгэгч нараар дамжсан нь шүүмжлэл дагуулж байжээ.

Газар хөдлөлтийн дараа 33 хүүхэд хулгайлах гэж оролдсон тухай мэдээлэл байгаа боловч 1,000 хүүхэд алга болсон тухай баримт байхгүй юм.

Клинтон сан Америкийн Олон Улсын Хөгжлийн Агентлагаас 84 сая орчим ам.доллар авсан гэх баримт байхгүй бөгөөд бидний шалгасан постод Хаитид болсон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлын талаар дараалан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Delgermaa Beckbat гэх хаягийн түгээж байсан хэд хэдэн худал мэдээллийг бид шалган мэдээлж байсан ба олон улсын улс төр, үйл явдлын талаар худал мэдээлэл түгээж байсан юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document