Search

“МкДоналд хүний мах ашигладаг” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1321

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“МкДоналдс түргэн хоолны сүлжээ ресторан хүний мах ашигладаг” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

10 жилийн өмнө нийтлэгдэж байсан шог нийтлэлээс үүдэж МкДоналдс хүний мах ашигладаг гэх худал агуулгатай мэдээлэл олон хувилбараар одоог хүртэл түгсээр байна. МкДоналдс түргэн хоолны сүлжээ ресторан хүний мах ашигладаг гэх баримт нотолгоо байхгүй.

2025 оны 02 дугаар сарын 11-нд Tsendee Purev  (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Түргэн хоолны газрууд махандаа хүний мах ашиглаад удаж байгаа. McDonald’s бол 9% нь хүний мах. Түүнийг нь Пентагонд ажилладаг байсан еврей багш ханган нийлүүлэх системийг бий болгосон байдаг гэдгийг Сома багш номдоо тодорхой бичсэн байдаг. Тийм л учраас McDonald’s хэдэн тэр бумаар нь зарсан гэж гайхуулдаг. Энэ бол та нар өөрсдийгөө идсэн гэдгийг бидэнд хэлж, харуулж, тавлаж байдаг юм…” гэх мэдээллийг Макдоналдс сүлжээ түргэн хоолны газрын зурагтай нийтэлжээ. Тус постыг нийт 944 реакц, 404 сэтгэгдлээр идэвхжүүлж, 251 удаа цааш түгээжээ.

Интернэт орчинд хэдэн жилийн турш МкДоналдс сүлжээ түргэн  хоолны газар хүний махаар хоол хийдэг гэх цуу яриа олон дахин түгсээр байна. “Мкдоналдсын махны үйлдвэрээс хүний мах илэрсэн” “Макпоналдс хүний мах хэрэглэсэн нь ил боллоо” “Айдохагийн каннибализмын хуулийн төсөл нь Макдоналдс хүний мах хэрэглэдэгтэй холбоотой” “Холбооны мөрдөх товчоо Мкпоналдсын мах нийлүүлдэг газраас хүний цогцос олсон” гэх мэт олон хувилбараар хүний мах хэрэглэдэг гэх худал мэдээллийг түгээдэг байна.  Үүнийг олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллагууд хэд хэдэн удаа шалгаж няцааж байсан.

2014 онд АНУ-ын Snopes баримт шалгах төв МкДоналд хүний мах хэрэглэдэг гэх мэдээллийг шалгаж худал болохыг мэдээлж байсан. Тус баримт шалгалтад “МкДоналд хүний мах хэрэглэдэг” агуулга нь Huzzlers гэх сайтад орсон  шог нийтлэлээс улбаалан хуурамч мэдээлэл болон түгсэн тухай мэдээлсэн. Үүнээс хойш уг агуулгатай холбоотой худал мэдээллүүд олон хувилбараар түгсээр байна. Мөн “Huzlers сайт өөрийн хуудастаа “Huzlers.com сайт нь уншигчдын үл итгэх байдлыг хадгалахын тулд жинхэнэ цочирдуулсан мэдээ болон егөөдлийн нэгдэл” хэмээн тэмдэглэсэн байдаг” гэх мэдээллийг Snopes баримт шалгах төв онцолжээ. Huzlers сайт нь одоо идэвхгүй болсон ч МкДоналдсын тухай оруулсан шог нийтлэлийн архивласан хувилбар нь Way Back Machine сайтад үлджээ.

Мөн Politifact, Myth Detector баримт шалгах төв, AP, Reuters агентлаг, USA Today мэдээллийн сайт зэрэг баримт шалгах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд МкДоналдс хүний махаар хоол хийдэг гэх агуулгыг шалгаж, нотолгоо баримтгүй, худал мэдээлэл гэдгийг тайлагнажээ.

10 жилийн өмнө нийтлэгдэж байсан шог нийтлэлээс үүдэж МкДоналдс хүний мах ашигладаг гэх худал агуулгатай мэдээлэл олон хувилбараар одоог хүртэл түгсээр байна. МкДоналдс түргэн хоолны сүлжээ ресторан хүний мах ашигладаг гэх баримт нотолгоо байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document