Search

Доналд Трамп Нигерийн улстөрчид болон иргэдийг албадан гаргах захирамж гаргаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1319

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Доналд Трамп Нигерийн улс төрч болон оюутнуудыг албандан гаргах, АНУ-д нэвтрэхийг хориглох шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Доналд Трамп Нигерийн улс төрчид, иргэдийг албадан гаргах, АНУ-д нэвтрэхийг хориглох эд хөрөнгийг хураах гэсэн агуулгыг бататгах албан ёсны мэдэгдэл, захирамж огт байхгүй.

2025 оны 02 дугаар сарын 09 нд Chimgee Chimka (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Шуурхай мэдээ: Трамп Нигерийн улстөрчдөд эзэмшдэг бүх хувийн онгоц, тансаг эд хөрөнгөө АНУ-д зарахыг тушаажээ. Мөн АНУ-д сурч буй хүүхдүүдээ албадан гаргахыг уриалав. Таны хүүхдүүд танай улсын сургуульд сурч цаашлаад улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой” гэх тайлбартай Доналд Трампын зургийг хавсарган нийтэлжээ. Тус постыг нийт 111 реакц, 24 сэтгэгдлээр идэвхжүүлж, 18 удаа цааш түгээжээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зурагт “бүрэн мэдээлэл TikTok-ийн танилцуулга хэсэг дэх линкэнд байгаа” гэх текстийг оруулжээ. Үүнээс харахад мэдээллийг түгээсэн хэрэглэгч TikTok платформоос баталгаагүй мэдээллийг эх сурвалж болгон авсан байх магадлалтайг харуулж байна. Түгээсэн мэдээлэлтэй ижил агуулга бүхий “Доналд Трамп Нигерийн улстөрчид болон сурагчдыг АНУ-аас албадан гаргаж, эд хөрөнгөө зарахыг тушаасан” гэх мэдээллүүд TikTok, Facebook зэрэг платформд олон дахин түгсэн.

Харин Олон Улсын Баримт Шалгах сүлжээний гишүүн баримт шалгах төвүүд уг мэдээллийг баримтаар шалгаж няцаасан байна. Тухайлбал, Өмнөд Африкийн баримт шалгах төв Africa Check “Трамп Нигерийн улстөрчдийг албадан гаргах, эд хөрөнгөө зарахыг тушаасан”, “АНУ-д оруулахыг хориглох шийдвэр гаргасан”, “АНУ-д сурч буй Нигер оюутнуудыг албадан гаргахыг уриалсан” гэх гурван агуулгад баримт шалгалт хийж (энд, энд, бас энд ) Трамп Нигер улс руу чиглэсэн шийдвэр гаргаагүй, уг агуулгыг нотлох баримт байхгүйг мэдээлсэн.

AFP агентлаг “Трамп Нигерийн улстөрчдийн АНУ-д орохыг хориглосон” гэх агуулгад баримт шалгалт хийж тайлагнажээ. Тус баримт шалгалтад Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулсан ба тэрээр мэдээллийг үгүйсгэж, худал болохыг баталгаажуулан мэдэгдсэн.  Мөн Нигер улсын ерөнхийлөгчийн харилцааны зөвлөх Daniel Bhawa AFP агентлагт  АНУ-аас өнөөг хүртэл гаргасан захирамжуудад Нигер улс руу тусгайлан чиглэсэн захирамж гаргаагүй гэх тодруулга өгсөн. Тэрээр “Эдгээр мэдээлэл нь болхи, үндэслэлгүй байна. Олон улсын хуулийн дагуу хэрэв хориг арга хэмжээ зарлаж байгаа бол тодорхойлон заасан байх ёстой. АНУ-тай манай дипломат харилцаа хэвээр байгаа ба холбооны засгийн газар иймэрхүү мэдээлэл огт хүлээж аваагүй”  хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Үндэсний архивын сайтад орсон Доналд Трампын 2025 онд гаргасан захирамжууд дунд Нигер улс руу чиглэсэн, түүнтэй холбоотой захирамж огт гараагүй байна.

АНУ-ын Үндэсний архивын сан

Доналд Трамп Нигерийн улстөрчид, иргэдийг албадан гаргах, АНУ-д нэвтрэхийг хориглох эд хөрөнгийг хураах гэсэн агуулгыг бататгах албан ёсны мэдэгдэл, захирамж огт байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document