2025 оны хоёрдугаар сарын 11-нд Хэрэгтэй Хэрэггүй нэртэй пэйжээс “Ууж байсан чинь жоом гараад ирвэл тэ?” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ. Тус бичлэг нь “Snow” хэмээх хятад шар айраг 2015 онд эталон хэт өндөр байна гэх шаардлагаар зах зээлээс буцаагдаж байсан, дотроос нь савханцар хорхой, өт, жоом зэрэг гарч ирсэн, хятадууд ядуустаа борлуулдаг, өнөөдөр Монголд гурав дахин их үнэтэй зарагдаж байна” зэрэг агуулгыг багтаажээ.
Тухайн бичлэг 2100 гаруй реакц, 367 сэтгэгдэл авч, 8500 гаруй удаа түгжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах нь
Хамгийн эхлээд тухайн мэдээллийг түгээж буй хаягийг шалгахад Хэрэгтэй Хэрэггүй гэх Facebook хаягийг 2015 оны тавдугаар сард анх нээсэн бөгөөд “Анимэ эндээс” гэдэг нэртэй байжээ. Харин 2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Хэрэгтэй Хэрэггүй болгон нэрээ өөрчилж, энэ өдрөө “Snow” шар айрагны талаар хоёр удаа бичлэг нийтэлснээс өөр постгүй байна. Энэ нь 10 жилийн өмнө нээхдээ ч пост оруулаагүй байх боломжгүй тул өмнөх мэдээллүүдийг устгасан гэх шинж тэмдэг юм.

Мөн оруулсан хоёр постоо төлбөр төлж үзэгдэлтийг нэмэгдүүлсэн байна. Энэ нь зорилготойгоор мэдээлэл түгээх үйл ажиллагааны илрэл юм.
Агуулга нягтлах
Эталон гэж стандарт, хэмжүүр зэрэгт ихэвчлэн ашигладаг. Харин шар айрагны хувьд этанол буюу этилийн спирт хэмээх нэршлийг ашигладаг. Этилийн спирт нь шар айрагны гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мансууруулагч нөлөөг хариуцдаг байна. Шар айраг дахь этилийн спиртийн агууламж нь шар айрагны төрлөөс хамааран 3%-12%-ийн хооронд хэлбэлздэг аж. Тухайлбал:
- “Lager” нь ихэвчлэн 4-6% этилийн спирт(этанол) агуулдаг
- “Ales” нь ихэвчлэн 5-8% этилийн спирттэй байдаг
- “Strong Ales” нь 12% хүртэл этилийн спирт (этанол) хүрдэг байна.
“Snow” шар айргийн этилийн спирт нь 2.5%-4.5%-тай байдаг учраас этанол буюу этилийн спиртийн өндөр агууламжтайд тооцохгүйг дээрх жишээ баталж байна.
“Snow” шар айрагнаас савханцар хорхой, өт, жоом зэрэг гарч ирж буй бичлэгийг шалгахад 2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр ТикТок платформд хэд хэдэн хаягаас яг ижил тайлбартайгаар тухайн бичлэгийг нийтэлжээ. Тайлбар нь “Есдүгээр сарын 11-ний өдөр Гуандун хотод нэг эр задлаагүй шар айрагнаас жоом олсноо мэдэгдэж, “Snow” шар айрагны үйлчилгээний баг тухайн асуудлаар дотоод шалгалт явуулна гэжээ” гэсэн байна. Харин төрийн байгууллагаас хяналт шалгалт хийсэн талаар одоогийн байдлаар албан ёсны мэдэгдэл гараагүй байна.
Түүнчлэн 2016 онд Хятадын China News Network мэдээллийн сайт Snow шар айрагны үйлдвэрийн талаар нийтэлжээ. Тус нийтлэлд “2000 оноос хойш Хятадын шар айрагны үйлдвэр бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмжөөр шар айраг үйлдвэрлэх эрин үе рүү шилжиж эхэлсэн. 1993 онд үүсгэн байгуулагдсан China Resources-ийн Snowflake шар айрагны үйлдвэрлэл маш хурдацтай хөгжиж, цагт дөчин мянган лонх үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ” хэмээн дурдсан байна. Энэхүү бүрэн автоматжуулсан үйлдвэрлэлийн явцад гаднын биед орох боломжгүйг мэргэжилтнүүд хэлдэг.

Борлуулалт болон үнийн мэдээллийн талаар:
2022 онд Snow шар айраг нь Хятадын шар айрагны зах зээлийн хамгийн их буюу 31.1 хувийг эзэлсэн тухай статистикийн нэгдсэн плаформын statista сайтаас 2024 онд мэдээлжээ.

Snow шар айраг нь хэмжээ болон алкохолын эзэлж буй хувиасаа шалтгаалж, Хятадад 3-15 юанийн үнэтэй зарагддаг байна. Харин монголд 500 ml-ийн лаазтай нь 5,078 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд тус төрөл нь Хятадад дунджаар 5.25 юань буюу 2,446 төгрөг болно. Үүн дээр тээвэрлэлтийн зардал, татвар, хураамжийн төлбөр нэмж, тодорхой хэмжээний ашиг харахаар борлуулах үнийг тогтоодог нь ямар ч бизнесийн үйл ажиллагаа билээ.
Дүгнэхэд ТикТок платформ нь баталгаатай мэдээллийн эх сурвалж байж чадахгүй бөгөөд хэн ч хүссэн мэдээллээ оруулах боломжтой. Түүнчлэн бүрэн автоматжуулсан үйлдвэрлэлийн явцад гаднын биет орох боломжгүй бөгөөд үйлдвэрлэгч China Resources компаниас болон хяналт шалгалтын төрийн байгууллагаас албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Тиймээс мэдээлэлд шууд итгэж, цахим орчинд цааш хуваалцахаасаа өмнө баталгаатай эх сурвалжаар баталгаажуулж байгаарай. Мөн насанд хүрсэн иргэн та согтууруулах ундааны сурталчилгаа болон түүний талаарх хуурамч мэдээллийг үл харгалзан зохистой хэрэглээг чухалчлаарай.