Search

“Бамбай булчирхайн хавдрыг уусгагч тос” гэх бүтээгдэхүүн шинжлэх ухаанаар нотлогдоогүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1317

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Бамбай булчирхайн хавдрын эмчилгээний шинэ нээлт -Бамбай булчирхайн хавдрыг уусгагч тос” гэх бүтээгдэхүүнийг орц найрлага, хэрэглэх зааврын тайлбартай хамт нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Японы Сенжоко бамбай булчирхайн тос нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж сурталчилдаг ч түүний үр дүн, аюулгүй байдлыг нотолсон шинжлэх ухааны судалгаа байхгүй байна. Бамбай булчирхайн асуудалтай хүмүүс мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээний аргыг сонгох нь зүйтэй.

2024 оны арванхоёр дугаар сарын 24-ний өдөр Health Care Channel хуудсаас “Бамбай булчирхайн хавдрын эмчилгээний шинэ нээлт – Бамбай булчирхайн хавдрыг уусгагч тос” гэх бүтээгдэхүүнийг орц найрлага, хэрэглэх зааврын тайлбартай хамт нийтэлжээ. Уг бичлэг одоо ч идэвхтэй хуваалцсаар 2200 орчим реакц, 1300 сэтгэгдэл авч, 5000 гаруй удаа цааш түгээгдсэн байна.

Уг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Google lens хэрэглүүр ашиглан зургаар хайлаа. Хайлтын үр дүнд Японы ”Сенжоко” гэх бүтээгдэхүүн илэрсэн. Тус бүтээгдэхүүнийг худалдаалж буй үндсэн сайтад “бамбай булчирхайг арилгах үйл явцыг дэмжиж, үрэвслийг намдаана, арьсыг зөөлрүүлж, өвдөлтийг намдаана” гэж тайлбарлажээ. Гэсэн ч уг тосыг зөвхөн хоргүй бамбай булчирхайн өвчнийг намдаахад хэрэглэнэ. Бамбай булчирхайн хортой хэлбэрийг эмчлэхгүй гэж мэдээлсэн байна. Мөн эмчийн хяналтад тогтмол хамрагдахыг зөвлөсөн байна.

Харин шалгаж буй мэдээлэлд нийтэлсэн линкээр нэвтрэхэд, уг тосыг “бамбай булчирхайн хорт хавдрыг эмчлэхэд аюулгүй, хоргүй” бүтээгдэхүүн гэж тайлбарлажээ. Мөн хавсаргасан гэрчилгээний хуудсыг шалгахад, бүтээгдэхүүний нэр, зориулалт зэрэг мэдээллүүд зөрсөн байна.

Зургийн тайлбар: Шалгаж буй мэдээлэлд буй линк дэх хавсаргасан зураг

Үүнээс гадна хэрэглэгчдийн сэтгэгдэл, худалдан авалт зэргийг олон удаагийн давтамжтай, ижилхэн текст үзүүлэн, хувийн мэдээллийг цуглуулж буй нь залилангийн шинжтэй байна. Залилангийн шинжийг агуулж буй өөр нэг хэлбэр нь холбогдох дугааргүй, гаднын бүртгэлтэй хаяг байгаа юм.

Мөн бамбайн булчирхайн хавдрыг хайлуулах уг тосны үр дүн, аюулгүй байдлыг нотолсон судалгаа илэрсэнгүй. Тиймээс шинжлэх ухааны судалгаа дутмаг бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөгөө авч, тухайн бүтээгдэхүүний талаар судалгаа, түүнийг борлуулж буй хаягийг шалгаж хэвшээрэй.

Бамбай булчирхайн тухай мэдээлэл

Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсэгт байрлах жижиг, хагас бөөн хэлбэртэй булчирхай бөгөөд биеийн метаболизмыг зохицуулдаг даавруудыг үйлдвэрлэдэг. Энэ булчирхай нь биеийн олон чухал үйл ажиллагаанд, тухайлбал, зүрхний хэмнэл, биеийн температурыг зохицуулах, энергийн хэрэглээг удирдах зэрэгт нөлөөлдөг. Бамбай булчирхай нь тироксин (T4) болон трийодтиронин (T3) гэдэг гол даавруудыг ялгаруулдаг.

Эрүүл мэндийн мэдээлэл хүргэдэг Мэйо клиник сайтад бамбай булчирхайн хавдар эсвэл бахуу (бамбай булчирхайн томрол) нь хэд хэдэн шалтгаанаар үүсэж болохыг мэдээлсэн байна. Үүнд:

  • Иодын дутагдал – Иод нь бамбай булчирхайн даавар үйлдвэрлэхэд шаардлагатай элемент бөгөөд иодын дутагдал нь бамбай булчирхайн томрол үүсгэх магадлалтай.
  • Хашимото өвчин – Энэ нь автоиммун төрлийн өвчин бөгөөд бамбай булчирхайн үйл ажиллагааг бууруулдаг, ингэснээр бамбай булчирхай томорч болно.
  • Бамбай булчирхайн хавдар – Хавдар нь эсийн хэт өсөлтөөс үүсдэг бөгөөд энэ нь бамбай булчирхайг томруулахад хүргэдэг гэх мэтээр үрэвсэл, өөр төрлийн өвчлөл зэрэгт нөлөөлж болдог байна.

Дүгнээд хэдэхэд, эмийн бус эмчилгээ, тос зэрэг нь зөвхөн нэмэлт эмчилгээ учир дангаар өвчин эмгэгийг бүрэн эдгээх баталгаагүй. Тиймээс мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн, албан ёсны эмчилгээний аргыг сонгох нь зүйтэй. Мөн нэмэлт эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг найдвартай газраас худалдан аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document