2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Khukhuu Khukhuu гэх нэртэй хаягаас “За за! Оройтсон бороо гэдэг. Улаанбаатараас зүүн урагш 100км-т “Баян”(Мааньт) суманд хүхрийн хүчлээ шахаж уран олборлолт эхлэх нь тодорхой болж байна.” гэсэн пост оруулжээ. Уг пост нь 270 сэтгэгдэл авч, 2300 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Цацраг идэвхт ашигт малтмалын хүчин төгөлдөр, тусгай зөвшөөрөлтэй холбоотой найдвартай эх сурвалж бол Ашигт малтмал, газрын тосны газрын cmcs.mrpam.gov.mn сайт юм. Уг сайт нь Монгол Улсад олгогдсон хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг нэгтгэж харуулдаг. Тухайн сайтаас нягталж үзэхэд “Баян” суманд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын лиценз олгоогүй байна.
Харин Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнд:
- Дорноговь аймагт
- Дулаан-Уул(18916),
- Зөөвч-Овоо(18915),
- Өмнөт (18914) гэсэн гурван газарт ашиглалтын лиценз “Бадрах энержи” ХХК эзэмшиж байна.
- Сүхбаатар аймагт хайгуулын нэг лиценз (22810) “Монгол ураниум ресурс” ХХК эзэмшиж байна.
- Дундговь аймагт ашиглалтын нэг(22849), хайгуулын нэг (12685) лиценз “Алкалли метал монголиа” ХХК эзэмшиж байна.
- Дорнод аймагт гурван лиценз олгосноос ашиглалтын хоёр, хайгуулын нэг зөвшөөрөл байна. Үүнд:
- 247 дугаартай ашиглалтын лицензийг “Шинь Шинь” ХХК,
- 13555 дугаартай ашиглалтын лицензийг “Хунбөө” ХХК,
- 3367 дугаартай хайгуулын лицензийг “Адамасмайнинг” ХХК тус тус эзэмшиж байгааг бүртгэжээ.
Төв аймгийн “Энгэр Ар” гэх газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лиценз 2020 онд бүртгэлтэй, 2021 оноос хасагдсан байна
Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаас гаргадаг 2020 оны тайланд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл, хайгуулын 14 тусгай зөвшөөрөл байна гэж тэмдэглэсэн бөгөөд Төв аймгийн “Энгэр Ар” гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газруудын жагсаалт дунд байсан.
Харин 2021 оны тус тайланд дурдсанаар цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын нийт 14 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна гэсэн бөгөөд үүнд Төв аймгийн “Энгэр Ар” гэх газар нь хайгуулын хүчинтэй зөвшөөрлийн жагсаалтад байгаагүй.
- Үүнээс харахад тус газарт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 2021 он хүртэл хүчинтэй байсан бөгөөд 2021 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан эсвэл дуусгавар болсон эсэх талаар баталгаатай мэдээлэл одоогоор байхгүй байна. Тэгэхээр шалгасан мэдээлэлд дурдсан шиг “Төв аймгийн Баян суманд уран олборлож эхлэх” боломжгүй, төөрөгдүүлсэн мэдээлэл байна.