2025 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Facebook-т “Азийн хамгийн цэвэр агаартай 10 хотын 4 дүгээрт Улаанбаатар хот бичигджээ” гэх пост олон хаягуудад түгэн өндөр хандалт авчээ. Зөвхөн Medee.mn-д нийтлэгдсэн пост (архивлагдсан хувилбар) гэхэд 7800 гаруй реакц, 1100 гаруй сэтгэгдэл авч, 1200 гаруй удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Мэдээллийн эх сурвалжид “Incredible Asia” хэмээн бичсэн ба бид мэдээллийн эх сурвалжийг мөшгөн “Incredible Asia” Facebook хуудас руу орж шалгахад хоёрдугаар сарын 04-ний өдөр “Азийн хамгийн цэвэр агаартай 10 хот” гэсэн пост нийтлэн, 12 мянга гаруй реакц авчээ.
Тус постод эх сурвалж хэмээн IQAir агаарын чанарын мониторинг сайтыг дурдсан байна. IQAir нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаарын бохирдлыг бууруулах газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газруудаас эх сурвалж авч агаарын чанарын индексийг гаргадаг хэмээн вэбсайтдаа мэдэгдсэн. Тус сайтад харуулснаар хотуудын агаарын чанарын индекс болон жагсаалт нь цаг тутамд шинэчлэгддэг байна. Харин тухайн пост нийтлэгдсэн хоёрдугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 112 байсныг (архивлагдсан хувилбар) тус сайтын архиваас харж болно.

Incredible Asia гэх Facebook хуудас нь “Азийн хамгийн цэвэр агаартай 10 хот” гэсэн постдоо он, сар, цагийг нь бичээгүй ба ямар хугацаанд үнэлсэн болон ямар өдрийн мэдээллийг авч нийтэлсэн эсэх нь тодорхойгүй нь ташаа ойлголт үүсгэхэд хүргэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны агаарын чанарын мэдээллийн сайтад тэмдэглэснээр агаарын чанарын индекс нь 101-200 хооронд байхад бага бохирдолтойд тооцогдох ба “хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө” хэмээн анхааруулсан байна.
Улаанбаатар хот нь олон жилийн турш агаарын чанарын индексээр хамгийн муу хотуудын нэг болон жагсаж байсан ба 2023 онд IQAir мэдээлснээр Улаанбаатар дэлхийн 7,812 хотоос 982-т жагссан байна.