2025 оны 02 дугаар сарын 07-нд Хурд.мн гэх нэртэй (архивласан хувилбар) Facebook хуудас Б.Орхонбаяр хүн зодож танхайрсан гэх бичлэгийг түгээжээ. 10 секунд үргэлжлэх бичлэгт нэгэн эр газарт хүчтэй унаж буй харагдах ба бичлэгийн тайлбарт “2025.01.08-ны орой 22 цагийн орчим Арслан Б.Орхонбаяр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах хоолны газарт согтуу орж ирэн агсам тавьж тус газарт үйлчлүүлж байсан иргэн Б-г ”намайг танихгүй байна уу, сандал тавьж өг” гэх шалтгаанаар зодож танхайрсан байна. Хохирогчийн зүүн талын 2 хавирга хугарсан, эгмийн яс цууралттай байна. Энэ бөхчүүд чинь Түвшинбаярын ардаас л явах гээд байна аа даа“ хэмээн Б.Орхонбаярыг хүн зодсон хэмээн анхааруулжээ. Тус бичлэг нь хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт 460 гаруй реакц, 400 сэтгэгдлээр идэвхжүүлж, 438 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хүн зодсон гэх бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад 10 жилийн өмнө нийтэлсэн мэдээллүүд гарч ирсэн. Тухайлбал, Перу улсын Diario Correo мэдээллийн сайтад 2015 оны 01 дүгээр сарын 31-нд “Гурван эрэгтэйг зодсон эмэгтэйн бичлэг интернэт орчинд тарж байна” гэх гарчигтай нийтэлжээ. Түүнчлэн уг үйл явдал хятад хоолны ресторанд болсон ба үйлчлүүлэгчид шалтгаангүй танхайрсан хэмээн Daily Mail мэдээлсэн бол Mirror сайтын мэдээлснээр энэ бичлэг нь жинхэнэ зодоон эсвэл жүжиг байсан эсэх нь тодорхойгүй болохыг тэмдэглэсэн байна.
Энэ үйл явдлыг мэдээлсэн 2015 оны 02 дугаар сарын 04-нд мэдээлсэн Их Британийн Daily Mail мэдээллийн сайт мэдээлэн “ресторанд гурван танхай эрийг кунг-фугээр унагав” гэх тайлбартайгаар бичлэгийн бүтэн хувилбарыг нийтэлжээ.

Daily Mail-д нийтлэгдсэн бичлэгийн тухай мэдээ Эх сурвалж: Daily Mail
Бичлэгийн эх хувилбарын баруун дээд буланд бичлэг хийгдсэн хугацааг 28/01/2015 буюу 2015 оны 01 дүгээр сарын 28-нд гэж тэмдэглэсэн байна. Харин шалгасан бичлэгт 28/01/2025 гэж эвлүүлэн түгээжээ.

Бичлэгийн бүтэн хувилбарыг үзвэл нэгэн эмэгтэй гурван эрэгтэйг зодсоныг харж болох ба бичлэгийн 0:40 дэх секундэд Б.Орхонбаярын зодсон гэх эр унаж буйг харж болно.
Хурд.мн хаяг нь 2024 оны 02 дугаар сарын 29-нд “Амин-эрдэнэ Амина” гэх нэртэй нээгдэж, 2025 оны 01 дүгээр сарын 22-нд нэрээ “Хурд.мн” болгон өөрчилсөн ба Б.Орхонбаярын гэх бичлэгээс өөр пост огт оруулаагүй байна.

Санаатайгаар хуурамч мэдээлэл түгээгчид нь сэтгэл сэрдхийлгэх эсвэл олны бухимдлыг төрүүлэх агуулга бүхий мэдээллийг түгээн зөвхөн нэг удаа тухайн хаягийг ашиглах (энд бас энд) тохиолдол байдаг. Бид өмнөх баримт шалгалтууддаа энэ үзэгдлийг тэмдэглэж байсан ба ийм төрлийн бичлэгүүд нь олон хаягуудад тархахгүй зөвхөн нэг хаягт нийтлэгдэн өндөр хандалт авдаг.
Хэдийгээр бичлэг хаана бичигдсэн нь тодорхойгүй ч Б.Орхонбаярын хүн зодсон гэх бичлэг нь үнэндээ 10 жилийн өмнө болсон үйл явдлын бичлэг бөгөөд хохирогч иргэн Б-гийн мэдэгдэл болон гэмтэл гэх тайлбар нь бичлэгтэй огт хамааралгүй юм.