Search

“Уран олборлох лицензийг есөн аймгийн нутагт олгосон” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1312

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“УРАН ОЛБОРЛОХ ГАЗРУУД …монголчуудын шүтээн болсон газар оронд ураны лиценз олгогдсон” гэсэн тайлбартай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Дорнод гэсэн дөрвөн аймагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Харин шалгасан мэдээлэлд дурдсан есөн аймгийн нутагт, тэр дундаа “тусгай хамгаалалттай, байгалийн цогцолборт газарт уран олборлоно” гэдэг нь төөрөгдүүлсэн байна.

2025 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Баасанжавын Отгон нэртэй хаягаас “УРАН ОЛБОРЛОХ ГАЗРУУД ! Архангай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь , Ховд зэрэг есөн аймгийн нутагт олгосон. Дандаа тахилга шүтлэгт уул ус, байгалийн үзэсгэлэнт газрууд, улс орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ойр хавь, сав газрууд, хамгаалахаар төлөвлөгдсөн газрууд орчихсон. Тухайлбал, Дорноговь аймагт Хамрын хийд, Бүрдэнэ булаг рашаан, Хар Загийн шугуй, Дундговь аймагт Говь гурван сайхан, Хэнтий аймгийн Онон Балжийн сав газар, Сүхбаатар аймагт Дарьгангын байгалийн цогцолборт газар Алтан-Овоо, Хатиганы тахилгат Зотолхаан уул, Дорнод аймагт Яхь нуур, Архангай аймгийн Хүннүгийн гол модны булш, Далтын овоо гэх мэт монголчуудын шүтээн болсон газар оронд ураны лиценз олгогдсон” гэсэн тайлбартай, Монгол Улсын газрын зурагт есөн аймгийн газар нутагт цацраг идэвх бодисын тэмдэглэгээ тавьсан зургийн хамт постолжээ. 

Уг пост нь 772 реакц, 202 сэтгэгдэл авч, мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Шалгасан мэдээлэлд нийт есөн аймгийн газар нутагт уран ашиглалтын лиценз олгосон гэж дурдсан. Ашигт малтмал, газрын тосны газар cmcs.mrpam.gov.mn сайтад Монгол Улсад олгогдсон хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг нэгтгэж харуулдаг. Эндээс дээр дурдсан аймгуудад уран олборлох лиценз олгосон эсэхийг нягталлаа.

Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнд:

  1. Дорноговь аймагт
    • Дулаан-Уул(18916),
    • Зөөвч-Овоо(18915),
    • Өмнөт (18914) гэсэн гурван газарт ашиглалтын лиценз “Бадрах энержи” ХХК эзэмшиж байна.
  2. Сүхбаатар аймагт хайгуулын нэг лиценз (22810) “Монгол ураниум ресурс” ХХК эзэмшиж байна.
  3. Дундговь аймагт ашиглалтын нэг(22849), хайгуулын нэг (12685) лиценз “Алкалли метал монголиа” ХХК эзэмшиж байна.
  4. Дорнод аймагт гурван лиценз олгосноос ашиглалтын хоёр, хайгуулын нэг зөвшөөрөл байна. Үүнд:
    • 247 дугаартай ашиглалтын лицензийг “Шинь Шинь” ХХК,
    • 13555 дугаартай ашиглалтын лицензийг “Хунбөө” ХХК,
    • 3367 дугаартай хайгуулын лицензийг “Адамасмайнинг” ХХК тус тус эзэмшиж байгааг бүртгэжээ.

Харин Архангай, Баянхонгор, Хэнтий, Өмнөговь, Ховд зэрэг аймагт уран ашиглалт болон хайгуулын лиценз олгоогүйг цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой нийтэд нээлттэй мэдээллийн сайтаас харах боломжтой. 

Монголчуудын шүтээн болсон газарт уран олборлох зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Шалгасан мэдээлэлд дурдсанаар Дорноговь аймагт Хамрын хийд, Бүрдэнэ булаг рашаан, Хар Загийн шугуй, Дундговь аймагт Говь гурван сайхан, Сүхбаатар аймагт Дарьгангын байгалийн цогцолборт газар, Алтан-Овоо, Хатиганы тахилгат Зотолхаан уул, Дорнод аймагт Яхь нуур гэх мэт монголчуудын шүтээн болсон газар оронд ураны лиценз олгогдсон” гэжээ.

Энэ дөрвөн аймгийн газар нутаг дахь ураны ашиглалтын лицензтэй газрыг Google Maps дээр координатаар нь хайж, Datawrapper хэрэглүүр ашиглан доор харууллаа.

Дарьгангын байгалийн цогцолборт газраас Хэрмийн цагаан өндөр гэх газар хүртэл ойролцоогоор 120 гаруй км зайтай. /Google map дээр шулуун татаж тооцоолов/
Говь гурван сайхан байгалийн цогцолборт газар Өмнөговь аймгийн нутагт байх ба шалгасан мэдээлэлд Дундговь аймагт гэжээ. Хоорондын зай Google map-ийн тооцооллоор 450 гаруй км.
Хамарын хийд болон Дулаан уул хоорондын зай ойролцоогоор 60 км. /Google map дээр шулуун татаж тооцоолов/
Яхь нуур болон Улаан хоорондын зай ойролцоогоор 35 км /Google map дээр шулуун татаж тооцоолов/

Дүгнээд хэлбэл, Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Дорнод гэсэн дөрвөн аймагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Харин шалгасан мэдээлэлд дурдсан “есөн аймгийн нутагт, тэр дундаа тусгай хамгаалалттай, байгалийн цогцолборт газарт уран олборлоно” гэдэг нь төөрөгдүүлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document