2025 оны 02 дугаар сарын 04-нд Tseren Enebish (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Монголд ДОХ гэгч өвчин тараасан этгээдүүдийг (2 камеруны иргэн) USAID санхүүжүүлж зориуд Монгол руу илгээсэн болохыг the washington post нийтлэлдээ дурдав..Энэ зүгээр төсөл байсан болж таарлаа” гэх мэдээлэл түгээснийг нийт 292 реакц, 84 сэтгэгдлээр идэвхжүүлж, 258 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд “The Washington Post нийтлэлдээ дурдав” хэмээн оруулсан учир The Washigton Post сайтад орсон ижил төстэй агуулгатай мэдээллийг шүүлээ. “USAID, Mongolia, HIV”, “USAID, Cameroonians, HIV”, “Mongolia, Cameroonians, HIV” зэрэг түлхүүр үгээр байхад шалгасан мэдээллийн агуулгатай огт холбоогүй хэд хэдэн илэрц гарсан (энд, энд бас энд).
Жамъян Долгорсүрэн гэх хаягт нийтэлсэн АНУ-ын хөгжлийн агентлаг болон Куба улсын хэргийн тухай мэдээллийг хайхад The Washington Post сайтад 2014 оны 08 дугаар сарын 04-нд АНУ-ын хөгжлийн агентлаг эрүүл мэнд, иргэний хөтөлбөрөөр халхавчилж Латин Америкийн залуучуудыг Куба руу нууцаар илгээсэн тухай Asssociated Press агентлаг мэдээлснийг оруулжээ. Тодруулбал, 2009 оны 10 дугаар сарын эхлэлд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дор хэрэгжиж байсан төсөл Венесуэл, Косто-Рика, Перу улсын залуусыг Куба руу илгээсэн ба тэд жуулчдын дүрээр нууцаар ажиллаж, улс төрийн идэвхтэн болох хүмүүсийг хайдаг байсан тухай мэдээлсэн байна.

Куба руу илгээсэн Латин Америкийн залуустай холбоотойгоор Associated Press агентлагийн 2014 оны 08 дугаар сарын 05-нд нийтэлсэн мэдээлэлд “Эдгээр залуусын даалгавар нь ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх семинар зэрэг иргэний хөтөлбөр нэрийн дор Кубын залуучуудыг засгийн газрын эсрэг үйл ажиллагаанд элсүүлэх” гэж мэдээлжээ.

ДОХ-ын анхны тохиолдол ОХУ-д сурч байсан монгол залуугаас илэрсэн
Монгол Улсад ХДХВ-ийн халдвар хамгийн анх 1992 онд бүртгэгдэж байсан ба ОХУ-д сурч байсан монгол залуу найз залуугаасаа халдвар авсан гэж мэдээлж байжээ. Баримт нэн тэргүүнд үндэсний сүлжээний гишүүн GoGo.mn мэдээллийн сайтад 2013 оны 03 дугаар сарын 27 -нд “Ч.Уртнасан: 1997 онд Камеруны иргэнээс ДОХ-ын халдвар авсан эмэгтэй амьд байгаа” гэх гарчигтай ярилцлага оруулсан. Тус ярилцлагад ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасан ХДХВ, ДОХ-ын тухай ярьсан байна. ХДХВ-ийн хоёр дахь тохиолдол 1997 онд оношлогдсон бөгөөд Камерун улсын иргэдээс халдвар авсан тухай дурдсан.
USAID буюу АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийг 1961 онд Ардчилсан намын ерөнхийлөгч Жон Кеннеди АНУ-ын засгийн газрын нэрийн өмнөөс хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулжээ. Түүнчлэн 10 мянган ажиллах хүчний гуравны хоёр нь гадаадад ажилладаг ба 130 орчим улсад тусламж үзүүлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг 90 хоног гацааж, татан буулгах тухай яригдаж байгаатай холбоотой олон мэдээлэл түгээд байна.
“Монголд ДОХ тараасан хоёр Камеруны иргэнийг USAID санхүүжүүлж зориуд Монгол руу илгээсэн” гэх мэдээллийг батлах нийтлэл The Washington Post сайтад байхгүй. Харин хамгийн ойролцоо байж болох агуулгатай мэдээлэлд Камеруны иргэд Монголд ирсэн тухай бус Латин Америк гаралтай залуусын Куба дэх ажиллагааны тухай Associated Press агентлагийн эрэн сурвалжлах нийтлэл байна.
Монгол Улсад ДОХ-ын халдвар тараасан Камеруны иргэдийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлсэн гэх мэдээлэл, баталгаа огт байхгүй.