2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь.мн нэртэй фэйсбүүк хуудас нь “Нээрээ үнэхээр Монгол улс газар нутгаасаа тасдуулаад алдцийн бишүү… та нар google map руугаа ороод хараарай… нээрээ яамаар ч юм дээ” гэсэн тайлбартай пост оруулжээ. Уг пост нь 10 реакц, 7 сэтгэгдэл, 13 удаа цааш түгээгджээ.
Шалгасан мэдээллийг хамгийн анх Tmts Tamiraa гэсэн хаягаас олон нийтийн сүлжээнд нийтэлж, мянга гаруй удаа хуваалцсаны дараа тухайн бичлэгийг устгасан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэг дэх газрыг Google Map-аас харж болж байна. Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзоригоос тодруулахад “Хятад улсын нутаг дэвсгэрт байгаа торон хашаа харагдаж байна” хэмээн бидэнд мэдээлсэн юм.

Уг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан даруй Хил Хамгаалах Ерөнхий Газар албан ёсны цахим хуудсандаа тодруулга хийжээ. Үүнд “Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын улсын хилийг 1958, 1976 онуудад, Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын улсын хилийг 1962 онд хилийн гэрээгээр тус тус тогтоож, газар дээр нь тэмдэглэж хуулийн хүрээнд баталгаажуулан, Нэгдсэн үндэсний байгууллагад 1975 онд бүртгүүлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлсэн хилийг хэн ч өөрчлөх боломжгүй бөгөөд Монгол Улсын хилийн нийт урт 8252.658 км байгаа хэвээр байна. Хилийн шугамын уртыг 10-20 жил тутамд хөрш оронтой хамтран байрлал дээр нь шалгаж баталгаажуулдаг. Өнөөдрийн байдлаар хилийн уртад нэг сантиметр өөрчлөлт ороогүй бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Мөн Статистикийн мэдээллийн нэгдсэн сан албан ёсны сайтдаа “Монгол Улсын хилийн нийт урт 8252.7 км, хойд талаараа Оросын Холбооны Улстай 3543 км, өмнө талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4709.7 км хиллэдэг. Нутгийн баруунаас зүүн цэг хүртэл 2392 км, хойноос өмнө цэг хүртэл 1259 км, нийт 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай” гэжээ. Уг хэмжээ хэвээр байгааг Хил Хамгаалах Ерөнхий Газраас баталсан юм.
Түүнчлэн “БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 онд хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэж, 1975 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагад бүртгүүлсэн тул улсын хилийн бүрэн бүтэн байдал хууль тогтоомжоор бүрэн хамгаалагдсан байдаг. НҮБ-д бүртгүүлсэн хилийг өөрчлөх боломжгүй” хэмээн Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Х.Лхагвасүрэн мэдээлсэн юм.