2025 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Дариймаа Цэрэндаш нэртэй хаягаас “Монголчуудаа уранд хордсон ийм малын махыг идэж…. ийм үр хүүхэд тэвэрч амьдрахыг хүслээ гэж үү!!! монгол нь монголоо мөхөөхийг харах гэж үү” гэсэн тайлбартай пост оруулжээ. Уг пост нь 279 реакц, 99 сэтгэгдэл, 3900 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд хавсаргасан хоёр зурагт АI ашигласан эсэхийг хамгийн түрүүнд нягталсан. Хэд хэдэн хэрэглүүр ашиглан шалгахад аль ч зураг нь хиймэл оюун ухаанаар бүтээгдээгүй гэсэн үр дүн гарсан.

Үүний дараа Google хайлтаас өмнө нь өөр сайтад нийтлэгдэж байсан эсэхийг шалгахад ургийн гажигтай дөнгөж төрсөн хүүхдийн зураг нь 2009 оноос олон нийтийн сүлжээгээр тархжээ. Тус зургийг ихэвчлэн “Ирак улсын Фаллужа хотын ургийн гажигтай хүүхэд” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Түүнчлэн 2009 онд гаргасан Турины Политехникийн их сургуулийн доктор Массимо Зукчетти “Хаягдал ураныг цэргийн зориулалтаар ашиглах аюулыг шинжлэх ухааны үүднээс авч үзэх нь” гарчигтай богино хэмжээний лавлах номонд уг зургийг ашиглажээ. Тус нийтлэлд “deplected uranium” буюу хаягдал ураны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар тайлбарлаж, Ирак улсын эмч нараас авсан ургийн гажигтай хүүхэд болон хүмүүсийн зургийг хавсаргасан байна.
Энэ талаар дэлгэрүүлэн судлахад Иракийн Fallujah хотод 2003 оноос хойш төрөлхийн гажигтай хүүхдийн тоо огцом өссөн байна. Үүний шалтгаан нь цөмийн болон химийн зэвсгийн бохирдол, ялангуяа дайны үед ашиглагдсан химийн бодис, цацраг идэвхт уран байж болзошгүй гэж үздэг гэжээ.
Шалгасан мэдээлэлд хавсаргасан хэл нь унжсан, том хоёр нүдтэй, ерөнхийдөө ямааны ишиг гэж харагдаж буй амьтныг Google lens-ээр хайж үзэхэд 2017 оноос интернэт орчинд тархаж байгаа аж. “Сонин толгойтой ямаа Йордонд төрлөө” гэсэн гарчигтай мэдээ 2017 онд Арабын хоёр ч сайтад нийтлэгджээ. Шалтгааныг нь малд өгсөн эм, тэжээлээс үүдэлтэй гэж тайлбарласан байна.

Йордан улсад уран олборлох туршилтын үйлдвэр 2021 оноос эхэлсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сард 160 тонн ураны хүдрээс 20 кг ураны нэгдэл (U3O8) үйлдвэрлэсэн гэж Дэлхийн цөмийн холбооноос мэдээлсэн.
Шалгасан мэдээлэлд хавсаргасан хоёр зураг нь уран олборлолтоос үүдсэн сөрөг үр дүн биш юм. Америкийн цэргийнхэн Фаллужа хотыг 2003 онд бөмбөгдөхдөө цагаан фосфор, хаягдал уран ашигласан байж магадгүй гэж үздэг бөгөөд үүнээс болж Иракт ургийн гажигтай төрөлт өссөн байх магадлалтайг Европын парламентаас мэдээлсэн.
- Монгол Улсад ГДУО аргаар уран олборлох бөгөөд энэ нь дайны үед их буу, пуужинд хаягдал уран агуулсан сум ашиглаж агаарт их хэмжээний хорт бодис тархахаас ялгаатай юм. Учир нь газар доор уран олборлолт явагдаж, хүдрийг газрын гадаргад гаргаж ирэлгүй металлыг нь олборлодог. Уг арга бусад уран олборлох аргуудаас хүн, малд хамгийн бага сөрөг нөлөөтэйг Дэлхийн Цөмийн Холбооноос мэдээлсэн байна.