2025 оны 1 дүгээр сарын 29 -нд Bayarmagnai S Myangan нэртэй хаягаас “Юу сонсчхов оо Эх орондоо эзэн байцгаая” гэх тайлбартай “Өмч хувьчлал- хаалганы ард III” нэвтрүүлгийн хэсгээс түгээснийг нийт 6,400 гаруй реакц, 532 сэтгэгдлээр идэвхжүүлж, 18 мянга гаруй удаа цааш түгээжээ. Тус бичлэгт “2023 оны статистикийн эмхэтгэлд монгол улсын газар нутгийн хэмжээ 1 сая 564 мянган квадрат гэж тэмдэглэсэн ч НҮБ-ын хөгжлийн үзүүлэлт гэсэн хэсэгт 1 сая 557 мянган квадрат гэж хавсаргасан. 7 мянган км квадрат алга болчхож” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Үндэсний статитикийн хорооны албан ёсны сайтад 2024 оны 06 дугаар сарын 26-нд “Монгол улсын статистикийн эмхэтгэл 2023” тайланг нээлттэй нийтэлсэн. Тус эмхэтгэлийн “Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж” хэсэгт “Монгол Улс 1,564.1 мянган.км2 нутаг дэвсгэртэй” хэмээн оруулсан байна.

Шалгасан мэдээлэлд “эмхэтгэлийн дэлхийн хөгжлийн үзүүлэлт хэсэгт газар нутгийн хэмжээг 1 сая 557 мянган.км2 тусгасан” хэмээн дурдсан. Харин тус эмхэтгэлийн 25 дугаар бүлэгт “Дэлхийн хөгжлийн үзүүлэлтүүд“ хэсэгт Монгол Улсын газар нутгийн хэмжээг 1 сая 564,1 мянган км2 хэмээн инфографикаар үзүүлсэн байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудын мэдээллээр бэлтгэсэн 25 бүлэг бүхий мэдээллийг харуулсан “Монгол Улсын статистикийн эмхэтгэл-2023” тайлангийн дэлхийн хөгжлийн үзүүлэлт хэсэг дэх Монгол Улсын газар нутгийн хэмжээг өөрчилсөн хэмээн худал тоон мэдээлэл түгээжээ.