Search

CNN-ийн сэтгүүлч Жим Акоста баривчлагдсан гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1305

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АНУ-ын армийн эрүүгийн мөрдөн байцаах хэлтсийн ажилтнууд мягмар гарагт CNN-ийн сэтгүүлч Жим Акостаг баривчилжээ” гэх агуулгатай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Жим Акоста баривчлагдсан талаар мэдээлсэн ямар ч мэдээлэл илрээгүй. Шалгаж буй мэдээлэлд дурдсан АНУ-ын армийн дотоод мөрдөн шалгах байгууллага нь зөвхөн цэргийн албан хаагчдыг мөрдөн шалгах үүрэгтэй. Энэ нь энгийн иргэдийг саатуулан, баривчлах эрхгүй гэсэн үг юм. Харин түүний ажлаасаа гарсан шалтгааныг телевизийн хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотой гэж таамаглаж байгаа талаар хэвлэлүүд нийтэлжээ.

2025 оны нэгдүгээр сарын 30-ий өдөр Dashpurev Ojunchimeg нэртэй хаягаас “CNN-ийн сэтгүүлч Жим Акоста баривчлагджээ” гэх мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээлэлд “АНУ-ын армийн эрүүгийн мөрдөн байцаах хэлтсийн ажилтнууд мягмар гарагт CNN-ийн сэтгүүлч Жим Акостаг баривчилжээ. Сүлжээ нь түүнийг зодог тайлж буйгаа зарлаж олон сая либерал, гүн мужийн шүтэн бишрэгчдэдээ баяртайгаар салах ёс гүйцэтгэсэн CGI нэвтрүүлэг хүргэхээс өмнө баривчилжээ… Эх сурвалжийн мэдээлснээр, Акостаг дайсны суртал ухуулга тараасан, үймээн самуунтай хуйвалдаан, эх орноосоо урвасан зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа нь түүнийг цаазын тавцанд унагаж болзошгүй юм. Akosta Сурталчилгааны төлбөр авч COVID-19 тахлын оргил үед вакцины талаар худал мэдээлэл тараасантай холбоотой, Эх сурвалжийн хэлснээр, Акоста Байдены дэглэмийн эрүүл мэндийн албаны хүмүүстэй хуйвалдаан хийж, цусны бүлэгнэлтийн үр нөлөө, гаж нөлөөний талаар худал хэлснийхээ төлөө санхүүгийн төлбөр авсан үгүйсгэх аргагүй нотолгоо бий… Тэр вакцинд хамрагдаагүй гэдэгт итгэлтэй байна. Цагаан малгайтнууд баривчлагдсан Гүн Стейтчүүдэд тогтмол цусны шинжилгээ хийдэг, дийлэнх нь вакцин хийлгээгүй байдаг” гэжээ. Уг пост 206 реакц, 15 сэтгэгдэл авч, 275 удаа цааш түгээгдсэн байна.

CNN-ийн сэтгүүлч Жим Акоста баривчлагдсан талаар баталгаатай эх сурвалжийн мэдээлсэн нийтлэл илэрсэнгүй. Харин нэгдүгээр сарын 28-нд Жим Акоста телевизийн салбараас гарч буйгаа зарласан мэдээ, нийтлэлүүд байна. Тэрээр ажлаас гарах болсон шалтгаанаа тодорхой дурдаагүй ч “CNN телевизийн хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой, санал зөрөлдөж ажлаасаа гарсан байж болзошгүй” гэж АНУ-ын хэвлэлүүд таамаглан бичжээ.

Мөн АНУ-ын армийн дотоод мөрдөн шалгах байгууллага буюу CID (Criminal Investigation Division) нь зөвхөн цэргийн алба хаагчдыг мөрдөн шалгах үүрэгтэй бөгөөд энгийн иргэдийг баривчлах эрхгүй байна. Харин шалгаж буй мэдээлэлд тус байгууллагын мөрдөгчид Жон Акостаг баривчилсан мэтээр бичсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

Үүнээс гадна, мэдээлэл түгээсэн хаягийг шалгахад “Моссад буюу Израилын тагнуулын төв байгууллага CNN-ийн үйл ажиллагааг хянадаг, Жим Акостаг CGI-аар нэвтрүүлэг бэлтгэсэн, COVID-19-ийн талаар худал мэдээлэл тарааж, засгийн газраас төлбөр авсан” гэх мэт хуйвалдааны онолын шинжтэй зүйлсийг дурдсан байна. Үүнийг нэр, зураг тодорхойгүй хаягаар олон бүлгэм рүү түгээж, нийтэлжээ. (Энд, энд, энд бас энд)

Дээрх нь баримт, нотлогдоогүй мэдээллүүд бөгөөд хэт нэг талыг барьж, гуйвуулсан байх магадлалтай. Учир нь Жим Акоста, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг шүүмжлэлтэй ханддагаараа алдартай юм. Эдгээрээс дүгнэж үзэхэд, шалгаж буй мэдээлэлд зөрчилдөөнтэй олон агуулгыг тусгаж, бодит бус мэдээллийг түгээсэн байна.

Мөн өгүүлбэр хоорондоо логик зөрчилдөөнтэй, найруулга муутай, үг үсэг, тэмдэгтийн алдаатай байх нь хуурамч мэдээлэл түгээдэг хаягуудын нийтлэг шинж юм. Энэ нь зарим тохиолдолд гаднын улсаас хөтлөн явуулж буй хаяг, мэдээлэл байх нь бий. Тиймээс мэдээлэл хүлээн авч буй хаягийнхаа найдвартай байдлыг шалгаж, агуулгыг нягтлах нь чухал.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document