2025 оны 1 дүгээр сарын 31-нд Farm Green хуудаснаас “Detox & Slimming Capsules-ийг дөрвөн долоо хоногийн турш хэрэглэсний дараа үр дүн нь намайг гайхшруулсан” гэх тайлбартай 13 минутын урттай капсул бэлдмэл хэрэглээд богино хугацаанд турж буй мэт дүрслэлийг харуулсан бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг 710 реакц, 248 сэтгэгдлээр идэвхжүүлж, 189 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах

Farm green гэх хуудас нь 2024 оны 12 дугаар сарын 3-нд нээгдсэн ба танилцуулга, мэдээлэл, холбогдох дугаар зэрэг мэдээлэл болон нүүр зургаас өөр зураг огт оруулаагүй. Нийт 4 бичлэг оруулсан ба 2 бичлэг нь монгойнаас сэргийлэх хятад бүтээгдэхүүний тухай байна. Мөн тус хуудсыг удирдаж буй 2 админ Вьетнам улсад байрлалтай байгааг зургаас хараарай.
Шалгасан мэдээлэлд харуулсан тураах бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад ebay, amazon, walmart, alibaba, ubuy онлайн худалдааны сайтад өөр өөрийн брэндийн нэртэй борлуулагдаж байна. Тухайлбал, уг бүтээгдэхүүний тайлбар хэсэгт оруулсан брэндийн нэрийг худалдааны сайтуудаас харахад GoSupps, amazon-д AnnieCare, Aliexpress-д North moon, whizzcart сайтад Dubush, ubuy сайтад HengBang, amazon сайтад iffany гэх нэрээр харин Alibaba болон ebay худалдааны сайтад брэндийн нэргүй худалдаалж байна. Мөн эдгээр худалдааны сайтуудад уг бүтээгдэхүүний орц найрлагын тухай мэдээллийг огт дурдаагүй. Үйлдвэрлэгчийн мэдээлэл, брэндийн нэр сайт бүр дээр өөр байгаагаас гадна орц найрлагын тухай мэдээлэл огт байхгүй байгаа шинж нь баталгаагүй бүтээгдэхүүн болохыг илэрхийлж байна.

Үтрээнд хийдэг капсул ашиглаж турах боломжтойг баталсан судалгаа байхгүй .
Түгээсэн бичлэгт тураах капсулыг үтрээндээ хийж ашиглах зааварчилгааг харуулсан. PubMed, Google Scholar, ResearchGate зэрэг судалгааны сангаас тураах үтрээний капсулын тухай энэ талаар судалгаа огт байхгүй байна. Мөн энэтхэгийн THIP баримт шалгах төвөөс бидний шалгасан бүтээгдэхүүнтэй ижил төрлийн үтрээндээ хийж хэрэглэдэг тураах бүтээгдэхүүний тухай шалгаж худал болохыг мэдээлсэн.
Бид өмнөх баримт шалгалтуудаараа (энд, энд,энд бас энд) тураах цай, наалт, тос болон саван зэрэг бүтээгдэхүүнийг баталгаагүй болохыг шалгаж байсан. Эдгээр бүтээгдэхүүнтэй ижил хэв маягаар сурталчилж буй тураах үтрээний капсул нь мөн судалгаа шинжилгээ хийгдээгүй, хуурамчаар сурталчилж буй бүтээгдэхүүн юм. Баталгаагүй хуурамч бүтээгдэхүүн эмчийн зөвлөгөө, хяналтгүйгээр хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. Тиймээс хурдан хугацаанд, амар хялбар аргаар тураана гэж амласан бүтээгдэхүүний сурталчилгаатай таарвал түгээж буй хаягийг шалгаж, бүтээгдэхүүний орц найрлагыг нягталж, шинжлэх ухааны нотолгоо бий эсэхийг түлхүүр үгээр хайн шалгаарай.