Хурдан морины өвөл, хаврын уралдааныг дахин сэргээх жагсаалтай холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 26 -нд Tsetseg Byambaa (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Нэг л их хүүхдүүдтэй хайртай хүмүүс сүүлийн 6 жилд авто ослоор 371 хүүхэд нас барсан байна. Харин 1991 оноос хойш хурдан морины унаач 4 хүүхэд эндсэн юм байна. Морь унуулахгүй гэж тэнэглэлгүй унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг сайжруулж, уяач болон морины эздийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өөр олон гарц гаргалгаа байгаашт морь тэнэг, машин ухаантай гэж хэлэхгүй л байх” гэх мэдээлэл түгээжээ. Тус пост нь нийт 454 реакц, 82 сэтгэгдэл авч, 48 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2019 оны 01 дүгээр сарын 30-нд Засгийн газрын 57 дугаар тогтоолоор өвөл, хаврын хурдан морины уралдааныг хориглох агуулгаар холбогдох хэд хэдэн тогтоолыг хүчингүй болгосон. Тухайн үед мэдээлж байсан хурдан морины уралдааны үеэр нас барсан хүүхдийн тоог Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд төслийн танилцуулгадаа дурдаж байжээ. Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайтад 2019 оны 01 дүгээр сарын 31-нд нийтэлсэн өвөл хаврын хурдан морины уралдааныг хориглох Засгийн газрын тогтоолын тухай мэдээлэлд “1996-2019 онд хурдан морины уралдааны явцад нийт 40 хүүхэд амь насаа алдсан” хэмээн мэдээлжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан 2022-2023 оны статистик эмхэтгэлд хурдан мориноос унаж, гэмтсэн хүүхдийн тоон мэдээллийг оруулжээ. Тус эмхэтгэлд “2022 онд унаж бэртсэн 428, үүнээс амь насаа алдсан 6 хүүхэд, 2023 онд унаж бэртсэн 464 хүүхэд байна” гэх статистик мэдээлэл гарсан.
УИХ гишүүн А.Ариунзаяа өөрийн facebook хуудастаа (архивласан хувилбар) 2025 оны 01 дүгээр сарын 25-нд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн сангаас гаргасан 2017-2024 оны хурдан морины уралдаанч хүүхдийн тоон мэдээллийг харуулсан зурган мэдээллийг хуваалцсан.
2017-2024 оны хооронд мориноос унасан хүүхдийн тоо 3070, амь насаа алдсан хүүхдийн тоо 21 байгааг харуулжээ.
Тээврийн цагдаагийн албанаас гаргадаг “Монгол Улсад бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэл” судалгааны 2019-2023 оны тайлангаас зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан 0-17 насны хүүхдийн тоог нягталж шалгахад
- 2019 онд 49,
- 2020 онд 64,
- 2021 онд 51,
- 2022 онд 76,
- 2023 онд 53 байна.
Мөн 2024 онд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн тоог Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад 69 хэмээн мэдээлсэн.
Сүүлийн 6 жилд зам тээврийн ослоос болж нас барсан хүүхдийн тоо 362 байна.
Хурдан морины өвөл, хаврын уралдааныг сэргээх тухай интернэт орчинд хэрэглэгчид үзэл бодлоо илэрхийлэн, хуваалцаж байна. Гэвч хурдан морины уралдааны үеэр болон зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн тоон мэдээллийг өөрчилж, худал мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлж байна.