Search

“30 насанд 6-8 см өсгөх кальцийн бэлдмэл” гэх хуурамч сурталчилгаа явуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1302

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

30 насандаа 6-8 см өсөх боломжтой гэх бүтээгдэхүүний сурталчилгаа нийтэлжээ.

 

Баримт шалгалтын үр дүн

Өсөлтийн даавар 10 жил тутамд ойролцоогоор 15 хувиар буурдаг ба өсөлтийн зон буюу шинэ ясны эд үүсгэх мөгөөрс хатуурч хаагдахад цааш өсөх боломжгүй юм. Өсөлтийн зон ихэвчлэн бэлгийн бойжилт дуусах үеэр хаагддаг байна.

 

2025 оны 01 дүгээр сарын 17-нд HITO Calcium (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Та өөртөө итгэлтэйгээр 170-180 см өндөр болохыг хүсэж байна уу? 100% үр дүнтэй амлалт. 20-30 насныхан 8 см ба түүнээс дээш өснө. 100% байгалийн гаралтай орц” гэх тайлбартайгаар Hito A+ гэх бүтээгдэхүүний зургийг нийтэлжээ. Түгээсэн зурагт 30 насандаа 6-8 см өснө гэх агуулгыг мөн тусгасан байна.

Хаяг шалгах

HITO calcium хуудасны мэдээлэл

HITO calcium хуудасны мэдээллийг шалгахад 2024 оны 11 дүгээр сарын 19 нд “HITO បង្កើនកម្ពស់ .08.” нэртэй нээгдсэн ба 12 дугаар сарын 18-нд “HITO calcium” гэж нэрээ сольжээ. Тус пэйжийг Вьетнамд 9, Индонезод 1 админ удирддаг байна. Хуудастаа оруулсан өмнөх постууд нь бүгд англи хэлээр бичигджээ. Хуудасны танилцуулга болон худалдаалж буй бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл огт байхгүй, зөвхөн өндөр болгоно гэж амласан байна.

Тус хуудас руу чат бичиж бүтээгдэхүүний тухай асуухад англи монгол хольж бичиж байгаагаас гадна хэрэглэгчдийн сэтгэгдэл бүхий жишээ зураг явуулсан нь гадаад хаягаас англи хэлээр бичсэн сэтгэгдэл байгааг зургаас харах боломжтой.

HITO calcium хуудаснаас бичсэн чат

Мөн хэрэглэгчдийн үр дүн хэмээн явуулсан зургийг Google Lens хайлтын системээр хайхад @heightveda Instagram хаягт Veda гэх бүтээгдэхүүний сурталчилгаанд ижил зураг нийтэлжээ. Үүнээс харахад өөр өөр бүтээгдэхүүнийг сурталчилж буй зураг нийтэлсэн нь баталгаагүй, хуурамч болохыг харуулж байна.

Бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, холбогдох хаяг, танилцуулгыг огт бичээгүй нь баталгаагүй бүтээгдэхүүн байж болзошгүйг харуулж байна. Мөн чат бичихэд гадаад хэлээр хариу илгээж, байгаагаас гадна тус хуудсыг хөтлөн явуулж буй админууд нь Вьетнам, Индонезод байршилтай нь хуурамч бүтээгдэхүүнээр залилан хийж байх эрсдэлтэйг илтгэж байна.

Хүний өндөр генетик, хоол тэжээл, даавар орчин гэх мэт зүйлээс хамаарч байдаг. Үүнээс генетик нь илүү давамгай буюу өндрийн 80 хувь нь ДНХ-ийн дарааллын өөрчлөлтөөр тодорхойлогддог.

Ясны өсөлтийн зон (growth plate) нь гуя, шилбэ, гар зэрэг урт ясны төгсгөлд байрладаг хондроцит гэж нэрлэдэг мөгөөрсний эсээс тогтдог хэсэг юм. Уг эс нь үржих, боловсрох, шохойжих зэрэг үйл явцаар ясны шинэ эд үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл, урт ясны төгсгөлд байрлах мөгөөрс шинэ ясны эд үүсгэх замаар ясыг ургуулж байдаг. Уг мөгөөрсөн хэсэг хатуурахад өсөлт зогсдог ба үүнийг өсөлтийн зон хаагдах хэмээн нэрлэдэг байна. Өсөлтийн зон хаагдсаны дараа ясны шинэ эд үүсэхгүй, өсөх боломжгүй юм. Ихэвчлэн бэлгийн бойжилт дуусах үед буюу охидынх 13-15 насны хооронд, хөвгүүдийнх 15-17 насны хооронд хаагддаг.

Өсөлтийн даавар буюу HGH (Human growth hormone, somatoropin) нь өнчин тархины булчирхайгаас ялгардаг уургийн даавар ба хүүхдийн өсөлтийг дэмжиж, биеийн бүх эд эрхтэний өсөлтөд нөлөөлдөг. Хондроцит гэх мөгөөрсний эс болон остеоблат гэх ясны эсүүд өсөлтийн дааврын дохиог хүлээн авснаар репликацийг нэмэгдүүлж ясны өсөлтөд шууд нөлөөлдөг байна. Өсөлтийн зон хаагдсаны дараа өсөлтийн даавар өндөрт нөлөөлөхөө больдог ч биеийн хэвийн бүтэц, бодисын солилцоог хадгалах, цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг. Өсөлтийн даавар нас ахих тусам буурдаг бөгөөд 10 жил тутамд дааврын шүүрэл ойролцоогоор 15 хувиар аажмаар буурдаг. Өсөлтийн дааврын шүүрэл бэлгийн бойжилтын үед дээд цэгтээ буюу 150мкг/кг-д хүрч, 55 насанд ойролцоогоор 25мкг/кг-д хүрдэг тухай “Хөгшрөлтийн үеийн өсөлтийн даавар” судалгаанд харуулжээ.

Кальци нь ясны эрүүл, нягт бат бөх байхад, булчин, мэдрэл, эсийн хэвийн ажиллахад тусалдаг. Өсөлтийн зон хаагдсаны дараа кальцийн бэлдмэл хэрэглэх нь өндөр болгохгүй. Шалгасан мэдээлэлд 30 насандаа 6-8 см өсөх боломжтой гэж дурдсан ч энэ нь иргэдийг төөрөгдүүлсэн хуурамч сурталчилгаа юм. Иймд 30 насандаа 8 см өснө гэж амласан бүтээгдэхүүний сурталчилгаа нь иргэдийг төөрөгдүүлсэн хуурамч сурталчилгаа юм. Аливаа эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. Мөн бүтээгдэхүүний тухай мэдээллийг сайтар судалж, нягталдаг хэрсүү хэрэглэгч байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document