2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Шуурхай Мэдээ нэртэй Facebook пэйж “Хэдхэн жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины нэгэн шийдвэр олны анхаарлыг ихэд татаж байв. Тодруулбал, В.Путин банкны тухай хуульдаа өөрчлөлт оруулжээ. Тэрбээр ядуу хүмүүст зориулсан банк байгуулах тогтоолд гарын үсэг зурсан байна. Тус байгуулагдах банкнаас иргэд хоёр сая рубль буюу манайхаар 80 сая орчим төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хүүгүй зээл авах бүх нөхцөлийг нь бүрдүүлжээ. Мөн банкны алдагдлыг төрөөс нөхөж байх журам гаргасан байна. Хамгийн гол нь энэхүү банкны үйл ажиллагаа итгэлцэл дээр тогтох аж. Энэхүү журам нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлж байв” гэх агуулгатай пост түгээжээ. Уг постыг 380 реакц, 52 сэтгэгдлээр идэвхжүүлж, 192 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Тус постын анхны эх сурвалж нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Амаржаргал Зориг нэртэй Facebook хэрэглэгчийн түгээсэн пост байжээ.
2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр RosBiznesConsulting (The RBC Group) нэртэй мэдээллийн вэбсайтад Оросын Холбооны Улсын (ОХУ) ерөнхийлөгч В.Путин ирэх зургаан жилийн дотор ОХУ-ын ядуу амьдралтай иргэдийн тоог тавин хувиар буулгах зорилго тавьсан хэмээн мэдэгджээ. Цаашлаад “2000 онд 42 сая хүн ядуурлын түвшнээс доогуур амьдарч байсан нь хүн амын 29 хувь нь байжээ. Харин 2012 онд үүнийг 10 хувиар буулгаж чадсан хэдий ч эдийн засгийн хямралаас болж ядуурал буцаад ихэсжээ. Өнөөдрийн байдлаар 20 сая хүн ядуу амьдарч байгаа нь байж болохгүй өндөр тоо” гэжээ.
Дээрх зорилгын хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ОХУ-ын Төрийн Дум олон нийтэд “ядуу хүмүүст зориулсан хадгаламж” гэх нэрээр танигдсан хууль баталжээ. Хуульд тусгасан гол зүйлсийг дурдвал хадгаламжийн дээд хэмжээ 50 мянган рубль, хугацаа нь 1 жил (сунгах боломжтой), хадгаламжийн хүү хамгийн өндөр хэмжээнд байх зэрэг багтжээ.
2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Владимир Путин “Ядуу иргэдэд зориулсан хадгаламжийн тухай хуульд гарын үсэг зурлаа” гэх гарчигтай мэдээ гарчээ.

Уг мэдээг орчуулбал, “Нийгмийн хадгаламж, данс нээлгэх эрх авсан хүмүүс тусгай нөхцөлөөр 50 мянган рубль хүртэл хадгалах боломжтой болно. Тэдгээрийг зөвхөн төрийн үйлчилгээгээр дамжуулан нээх бөгөөд тухайн хүн эхлээд сонгосон банкныхаа үйлчлүүлэгч болох ёстой. Банкууд ийм хадгаламж, данс нээхээс татгалзах боломжгүй болно. Гэсэн хэдий ч тэдгээрийг зөвхөн 2025 оны 07 дугаар сарын 01-ээс системийн ач холбогдолтой банкуудад, 2027 оны 01 дүгээр сарын 01-ээс бусад бүх банкуудад нээх боломжтой” гэжээ.
Дүгнээд хэлбэл, 2025 оны 07 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлэх “Ядуурлын түвшинд байгаа иргэдэд зориулсан хадгаламж” гэх хуультай холбоотой мэдээллийг “Ядуу хүмүүст зориулсан банк байгуулна. Тус банкаас иргэд хоёр сая рубль буюу манайхаар 80 сая орчим төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хүүгүй зээл авах бүх нөхцөлийг нь бүрдүүлжээ” гэх агуулгатай түгээж төөрөгдүүлжээ.