Search

Ил уурхайн аргаар уран олборлосон хор хөнөөлийг Монголд нүүрлэх аюул мэт ойлголт төрүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1300

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Найжерт Францын Арева ураны уурхай байгуулж ураны баяжмал аваад 40 жил болсон. Франц тог цахилгаантай байсан. Харин Найжер үгүйрэн хоосорч, 45 сая тонн цөмийн шаартай үлджээ… Гэтэл Гринписийн активист мэргэжлийн багтай очиж хавь орчныг багажаар шалгахад байх ёстой хэмжээнээс 100 дахин их цацаргийн бохирдолтой гарсан” гэсэн пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нижер улсад ихэвчлэн ил уурхайн олборлолт (Open-pit mining) болон далд уурхайн олборлолтын (Underground mining) аргаар уран олборлолт хийдэг. Энэ нь манай улсад уран олборлох арга болох ГДУО-оос байгальд үзүүлэх сөрөг нөлөөний хувьд харьцангуй их байдаг.

2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Altantuya Ando Bat-Ochir нэртэй хаягаас “Найжерт францын Арева ураны уурхай байгуулж ураны баяжмал аваад 40 жил болсон. Франц тог цахилгаантай байсан. Харин Найжер үгүйрэн хоосорч, 45 сая тонн цөмийн шаартай үлджээ. Төр засаг нь француудтай хуйвалдан уранаа ухуулж өөрсдийгөө тэжээсээр. Уурхайн найжер ажилчид, нутгийнхан хүнд өвчилж үхэж үрэгдсээр. Арева уурхайгаа байгаль орчинд сөрөг нөлөөгүй, цацраг идэвхит бодис гадагш алддаггүй гэж ярьдаг. Гэтэл Гринписийн активист мэргэжлийн багтай очиж хавь орчныг багажаар шалгахад байх ёстой хэмжээнээс 100 дахин их цацаргийн бохирдолтой гарсан” гэсэн тайлбартай, гаднын сайтын мэдээллийг скрийншот хэлбэрээр авч хавсаргасан пост оруулжээ. Уг пост нь 41 реакц, хоёр сэтгэгдэл авч, 320 удаа цааш түгээгдсэн байна. 

  • Баримт шалгах арга зүйд “текстийг контекстээс салгаж болохгүй” буюу бичиж, дүрсэлж илэрхийлээгүй ч, цаанаа өгүүлж буй санаа нь олон нийтийг төөрөгдүүлсэн байвал шалгах шаардлагатай гэж үздэг. Дээрх мэдээлэлд дурдсан агуулга нь үнэн буюу Нижер улсад олон жилийн турш уран олборлож, байгаль орчин, хүн амд үзүүлсэн сөрөг нөлөө ихтэй ч энэхүү мэдээллээр дамжуулан төөрөгдүүлсэн ойлголт төрүүлэхээр түгээжээ. Тухайлбал, оруулсан хугацаа, идэвхжүүлсэн байдал зэргийг харахад зохион байгуулалттай, манипуляц хийх үйл ажиллагаа явсан байхаар байна. Түгээсэн хаяг хэт нэг талыг баримталдаг буюу бүрэн бус мэдээлэл оруулдаг, мөн хуваалцсан 320 тохиолдолд шинжилгээ хийхэд хэд хэдэн хаягаас олон группэд ямар нэг тайлбар, үзэл бодол бичилгүй шэйрлэсэн нь хуурамч хаягуудаар идэвхжүүлэх оролдлого байна.
  • Зорилготойгоор түгээж буй мэдээллийн гол онцлох шинж нь – шэйр нь олон ч реакц болон сэтгэгдэл нь цөөн байдаг.

Монгол Улсад уран олборлохоор Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан өдөр буюу 01 дүгээр сарын 17-нд Нижер улс дахь ил уурхайн олборлолтын талаар 2019 онд оруулсан нийтлэл гаргаж, зохион байгуулалттай түгээсэн нь “манайд уран олборлох аюултай” гэх ойлголт олон нийтэд өгөх санаархалтай мэдээлэл байна. Манай улсад Нижерт олборлосон буй ИЛ УУРХАЙН олборлолт бус, Газар доор уусган олборлох аргаар уран гаргаж авах юм. Энэ хоёр аргын байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө эрс ялгаатай.

Уг постод хавсаргасан зураг дахь мэдээлэл нь downtoearth.org.in сайтаас авсан байна. Тиймээс хамгийн түрүүнд тухайн сайтыг албан ёсны үйл ажиллагаа явуулдаг, баталгаатай эх сурвалж мөн эсэхийг нягталсан. 

Downtoearth.org.in сайт нь 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэтхэг болон дэлхий дахинд тулгарч буй байгаль орчин, шинжлэх ухааны талаар ихэвчлэн мэдээлэл бэлтгэн оруулдаг байна. Постонд дурдагдсан мэдээллийг 2019 оны гуравдугаар сарын 05-нд оруулсан “Нижерт цацраг идэвхт гамшиг олборлож байна” гэсэн гарчигтай нийтлэлээс авсан байна. 

Тухайн нийтлэл дэх мэдээллээс шалгасан посттой холбоотой хэсгийг дор орууллаа.

  • “… Нижерт уран олдсоноос хойш хүдрийн томоохон хэсгийг Францын цөмийн эрчим хүчний төрийн өмчит Арева компани 40 гаруй жилийн турш Франц руу экспортолж ирсэн. Нижерээс олборлосон ураны хүдрийн 50 гаруй хувийг Францын атомын цахилгаан станцуудыг цэнэглэхэд ашигладаг – Францын реакторуудад ашиглах нийт ураны гуравны нэг нь эндээс гардаг…”
  • “…Арлит, Акокан зэрэг уул уурхайн хотод судлаачид цацраг идэвхт хаягдал, тоосжилтын үр дүнд цацраг идэвхт бодисын хэмжээ нэмэгдэж, хорт хавдар ихсэж байгааг тогтоожээ. Он гарсаар 45 сая тонн орчим цацраг идэвхт хаягдал хуримтлагдсан гэсэн тооцоо бий…”
  • “…Нижерийн нийслэл Ниамейд нэрээ нууцалсан сэтгүүлч “Уул уурхайн хотуудын эргэн тойронд агаар, ус, газар бохирдсон” гэж мэдэгджээ. “Мөн бэлчээр нь цацраг идэвхт тоосонцор бохирдсоны улмаас мал аж ахуй эрхлэгчдийн мал байнга өвчилж байна” гэж тэрээр нэмж хэлэв…”
  • “… Харин “Арева”-гийн хувьд ийм сэрэмжлүүлэг нь бүрхэг. Арева уурхайгаас ямар ч бохирдсон материал гарахгүй гэж мэдэгджээ. Үүний эсрэгээр, Greenpeace Арлит дахь орон нутгийн зах зээлээс хэд хэдэн цацраг идэвхт хаягдал төмрийн олсон бөгөөд цацрагийн тун нь хэвийн хэмжээнээс 50 дахин их байна… Greenpeace Арлит бүсээс цуглуулсан таван усны дээжийн дөрөвт нь ураны агууламж ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс давсан байна. Greenpeace-ийн мэдээлснээр уурхайнууд 40 жилийн хугацаанд 270 тэрбум литр ус хэрэглэж, 150 гаруй метр гүн дэх чулуужсан уст давхаргыг шавхсан байна…”

Дээрх мэдээллийг баталгаажуулахаар Олон улсын цөмийн инженерчлэлийн Nuclear Engineering International сайт болон Крирад лабораторын холбоо зэрэг баталгаатай мэдээллийн сайтад хайж үзэхэд уран олборлолтоос гарсан хаягдал нь Нижерийн хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн талаар мэдээлсэн байна.

Шалгасан мэдээллийн тайлбарт дурдсан “Greenpeace” нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хараат бус, олон улсын төрийн бус байгууллага юм. 1971 онд байгуулагдсан бөгөөд бие даасан судалгаа, тайлан гаргадаг. Түүнчлэн цөмийн эрчим хүч, уран олборлолтыг эсэргүүцэж, экологийн тогтвортой байдлыг дэмждэг байгууллага юм.

Дээрх баримтуудаас харахад шалгасан мэдээлэл дэх агуулга нь үнэн байна. Харин Африкийн улсад ил аргаар уран олборлосон болон түүнээс гарсан хор хөнөөлийг Монгол Улсад газар доор уусгах олборлох аргаар уран олборлохтой ижил мэт ойлголт өгөхүйц төөрөгдүүлсэн байна. Энэ нь эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө эрс ялгаатай хоёр арга юм.

Уран олборлох аргуудаас хамгийн сүүлийн үеийн, сөрөг нөлөө багатай аргыг Монголд ашиглах юм

Уран олборлох хэд хэдэн арга байдаг ба тухайн ордын геологийн нөхцөл, хүдэр байрласан гүн, олборлох эдийн засгийн үр ашиг зэргээс хамааран өөр өөр олборлолтын аргыг ашигладаг. 

  • Ил уурхайн олборлолт (Open-pit mining) аргыг уран нь газрын гадаргатай ойрхон байрласан тохиолдолд ашигладаг. Гадаргын хөрсийг хуулж, ураны хүдэрт хүрсний дараа олборлолт явуулдаг. Өртөг, зардал бага хэдий ч байгаль орчинд илүү их хохирол учруулдаг арга юм. 
  • Далд уурхайгаар олборлох (Underground mining) гэдэг нь газар доор хонгил, шурф гаргаж уран олборлох арга юм. Байгаль орчинд хохирол учруулах нь бага боловч ажиллах орчин хүнд, аюултайд тооцогддог байна. 
  • Газар доор уусган олборлох (In-Situ Leach Mining – ISL) аргыг уран нь ус нэвтрүүлэх чадвартай чулуулагт оршдог үед хэрэглэнэ. Хүхрийн хүчлийг шууд газар луу шахдаггүй бөгөөд бага хэмжээний гүний үйлдвэрлэлийн усыг соруулж аваад, хоёр хувийн концентрацтай хүхрийн хүчлийг нэмж, хүчилжүүлсэн усыг ураны хүдэржилт байрлах уст үе рүү шахах цооногоор шахна. Уг уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ ураныг өөртөө уусгаад, соруулах цооногт хүрч газрын гадаргa руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт хүргэгддэг технологи юм.
2022 онд хамгийн их уран олборлосон уурхайн жагсаалт 
Эх сурвалж: Дэлхийн цөмийн холбооны World Nuclear News мэдээллийн сайтад нийтлэгдсэн тайлан

Нижерт ихэвчлэн ил уурхайн олборлолт (Open-pit mining) болон далд уурхайн олборлолтын (Underground mining) аргыг ашиглан уран олборлодог. Энэ нь манай улсад уран олборлох арга болох ГДУО-оос байгальд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй их байдаг. 

Тухайлбал, уран нь цацраг идэвхт бодис агуулдаг бөгөөд ил уурхайн олборлолтын үед их хэмжээний хөрс хуулж, ураны хүдрийг ил гаргаж ирэх үед задралын явцдаа цацраг идэвхт радон хий агаар мандалд ялгардаг

Харин ГДУО аргын үед радон хий агаарт их хэмжээгээр шууд тархах магадлал бага, учир нь олборлолт газрын гүнд явагддаг бөгөөд хүдрийг ил гаргах шаардлагагүй. Гэвч хагарсан хөрс, худгийн битүүмжлэл муу байх, уусгагч шингэний алдагдал зэрэг нөхцөл байдал үүсвэл радон хий гадарга дээр ил гарах боломжтой. Иймээс ГДУО уурхайн үйл ажиллагаанд геологийн судалгаа, битүүмжлэл, агаарын хяналт, хаягдал усны менежмент чухал үүрэгтэй юм. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document