Search

“Сорви арилгадаг” гэх хуурамч сурталчилгаар хувийн мэдээлэл цуглуулж байгаа тул болгоомжлоорой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1299

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

South Moon Scar Fade Spray буюу сорви арилгадаг гэх бүтээгдэхүүн сурталчилжээ 

Баримт шалгалтын үр дүн

Зуун насттай бүтээгдэхүүн сорвийг хэдхэн хоногийн дотор ор мөргүй арилгана гэх хангалттай туршилт, судалгаа байхгүй байна. Энэ бүтээгдэхүүний сурталчилгаагаар дамжуулан, хувийн мэдээлэл авч байгаа тул болгоомжлоорой.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

RAX нэртэй пэйжээс 2024 оны 10 дугаар сарын 13-нд “South Moon Scar Fade Spray ашиглан арьсаа сэргээж, итгэлтэйгээр гэрэлтээрэй! Та шаардлагагүй сорвины талаар санаа зовж байна уу? South Moon Scar Fade Spray-ээр арьсныхаа байгалийн гоо сайхныг сэргээгээрэй” гэх тайлбарын хамт бичлэг оруулсан нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ны байдлаар 900 гаруй реакц, 1100 гаруй сэтгэгдэл авч, 800 гаруй удаа түгжээ.  

Тухайн мэдээлэл 2024 оны 10-р сард постлогдсон ч өнөөдрийг хүртэл хандалт, түгээлт нь нэмэгдсээр байгаа тул баримтаар шалгаж, бодит мэдээллийг хүргэх шаардлагатай байна.

Энэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл оруулж байгаа пэйжийг анх 2024 оны 10 дугаар сарын 09-нд нээсэн бөгөөд Вьетнам улсаас хоёр админ хөтлөн ажиллуулдаг нь доор харагдаж байна.  

Бичлэг түгээж буй хаягийн мэдээлэл

Харин утасны дугаар, и-мэйл зэрэг холбоо барих мэдээлэл огт байхгүй байна. Пэйж хөтөлсөн байдлыг харвал анх нээснээс хойш өнөөдрийг хүртэл тус бүтээгдэхүүний зар бүхий хоёр пост оруулжээ.  

Хувийн мэдээллээ бүү өгөөрэй 

Шалгасан постын гол агуулга нь “соривтой хэсэгтээ түрхэж, зөөллөн иллэг хийхэд 2 долоо хоногийн дараа үр дүн мэдрэгдэнэ” гэж байгаа юм. Мөн бичлэгийн доор холбоос оруулсан ба түүгээр дамжин бүтээгдэхүүн захиалах хэсэг гарч ирж байна.

 Захиалгын хэсэгт нэр, утасны дугаар, хаяг, хэдэн ширхэгийг авахаа бөглөх хэсэг байгаа боловч уг бүтээгдэхүүнийг борлуулж буй газрын мэдээлэл, холбоо барих утас байхгүй байна.  

Эндээс харахад худалдан авагч хувийн мэдээллээ өгсний дараа бараагаа захиалах бөгөөд тухайн газартай холбогдох мэдээлэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар нэг бараа бүтээгдэхүүн борлуулах биш, таны хувийн мэдээллийг авах зорилготой залилан мэхлэх арга байна.  

Бүтээгдэхүүний мэдээллийг шалгах

Энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн мэдээлэл, үр дүн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг хайхад дараах илэрцүүд гарч байна.  

  • Amazon сайтад “New South Moon 2023 Medical Grade Scar Spray 20g” нэрээр яг ижил бүтээгдэхүүн гарч ирсэн ба үйлдвэрлэгч нь ‎Shinra Tianzheng гэсэн байна. 

Уг бүтээгдэхүүний үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ямар байгааг харахад ямар нэг үнэлгээ байхгүй байна.  

  • Хятадын томоохон худалдааны сайт Алибабад мөн тухайн бүтээгдэхүүний нэрээр хайхад олон илэрц гарснаас хамгийн сүүлд буюу нэг жилийн өмнө оруулсан мэдээллийг харахад сорви арилгах биш, үсний ургалт зогсоох үйлчилгээтэй гэжээ.

Бүтээгдэхүүний мэдээллийг харахад шингэн бүтэцтэй, найрлагад зуун наст орсон ба гарал үүсэл нь Хятадын Гуандоноос гэсэн байна. Мөн бүтээгдэхүүний онцлог нь үсний ургалт зогсоох гэжээ.

Үнийн хувьд нэг ширхэг нь $1.41 буюу 4870 орчим төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь сурталчилж байгаа үнээс (49,000₮) даруй ес дахин бага байна. Түүнчлэн, энэ сайтад хэрэглэгчийн үнэлгээ бас байхгүй байна.  

Дэлхий даяар минут, секунд тутамд олон сая бараа борлуулагддаг дээрх цахим худалдааны сайтуудад хэрэглэгчид аливаа бүтээгдэхүүнд үнэлгээ өгч, сэтгэл ханамжаа илэрхийлдэг. Энэ нь бүтээгдэхүүний хүртээмж, чанар, үр дүнг тодорхой хэмжээнд илтгэдэг. Харин бидний шалгасан бүтээгдэхүүнд хэрэглэгчийн үнэлгээ байхгүй байгаа нь олон улсын зах зээлд хэр олон хүнд хүрч, үр дүнгээ өгсөн тухай мэдээлэл хангалтгүй байна гэсэн үг юм. 

Шалгасан бүтээгдэхүүний сав баглааны зурагт №1 Dermatologist recommended буюу арьсны эмч нарын №1 зөвлөмж, мөн approved буюу зөвшөөрөлтэй гэсэн тэмдэглэгээг тус тус харуулжээ. Гэвч яг энэ үзүүлэлтийн дагуу хайж үзэхэд үнэн гэдгийг нь батлах мэдээлэл олдсонгүй. 

Орц, найрлагыг шалгах

Шалгасан постод тухайн бүтээгдэхүүний орц найрлагад зуун настын ханд, витамин Е агуулсан гэжээ. Эдгээр найрлага нь сорви эдгэхэд хэрхэн нөлөөлдөг талаар бид судалсан ба хэд хэдэн судалгааны үр дүнгээс товч хүргэе.   

  • Зуун настыг арьс шархлахаас урьдчилан сэргийлэх, шархыг түлэх, мэс заслын дараах шарх, хөхний толгой хагарах, хайрст үлд, идээ, буглаа зэрэг архаг шарх эмчлэхэд хэрэглэж болдог. Бүтэц, нэгдлүүдийн шинж чанарыг нь харгалзан үзээд арьсны чийг, бүрэн бүтэн байдлыг хадгалах, шарх үүсэхээс сэргийлэхэд хэрэглэж болно гэжээ. 
  • Арьсны шинэ шархыг зуун настаар эдгээх туршилтыг хулгана дээр хийхэд арьсны биохими, морфологи, биомеханик шинж чанарыг сайжруулсан байна. Иймд энэ төрлийн эмчилгээ нь эмнэлзүйн практикт тустай байж болно гэжээ. 
  • Витамин Е сорви эдгээхэд хэрхэн нөлөөлдгийг судалсан 1999 оны судалгаагаар нийт оролцогчийн 90 хувийнх нь арьсанд витаминаас үүдэлтэй харшлын хариу урвал илэрсэн ба сорвинд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй гэж мэдэгдсэн байна. 
  • Витамин Е-г сорви эдгээхэд үр дүнтэй эсэхийг судлахын тулд илүү их судалгаа шаардлагатай байгаа тухай 2016 оны тоймд тэмдэглэжээ.  
  • Medical News Today эрүүл мэндийн сайтад сорви багасгахын тулд витамин Е хэрэглэхийг зөвлөх хангалттай нотолгоо одоогоор байхгүй гэсэн байна. 

Дүгнэлт 

Тус бүтээгдэхүүнийг цахимд борлуулж байгаа хаягийг харахад эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулахуйц, найдвартай газар огт биш бөгөөд хаягийг гаднын улсаас хөтөлдөг нь бүтээгдэхүүнд эргэлзэх бас нэг шалтгаан юм. Энэ бүтээгдэхүүн эрүүл мэндийн зохих стандартуудыг хангасан гэх баталгаа, нотолгоо байхгүй. Сав баглаа дээрх тэмдэглэгээнүүд нь үнэн бодит биш гэдэг нь хайлтаар батлагдаж байна.  

Бүтээгдэхүүний найрлага дахь зуун наст нь арьсны шарх эдгэрэлтэд үр дүнтэй гэдэг нь тодорхой хэмжээнд батлагдсан ч гэлээ ийм найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэвэл сорви хэдхэн хоногийн дотор ор мөргүй арилна гэдгийг баталсан туршилт, судалгаа олон улсад байхгүй байна. 

Иймд, холбоо барих мэдээлэл огт байхгүй, гаднын улсаас хаяг хөтөлдөг, бүтээгдэхүүнийг хэд дахин өндөр үнээр зарж, борлуулдаг, холбоосоор захиалга авахдаа хувийн мэдээлэл цуглуулдаг байж болзошгүй энэ мэт хаягаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Түүнчлэн, хэрэглэсэн даруйд үр дүн өгөх мэтээр амласан энэ төрлийн сурталчилгаанд итгэж, хохирохоос сэргийлээрэй.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

South Moon Scar Fade Spray буюу сорви арилгадаг гэх бүтээгдэхүүн сурталчилжээ 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document