2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Bolormaa Natsagdorj гэх Facebook хэрэглэгч “Дэлхий тэр чигээрээ ковид бла бла гэж байхад ганцаараа, худлаа шүү гээд дэлхийн хүмүүст уриал, тэнэгээрээ дуудуулсан, вакцин ард түмэндээ шахахгүй байна, дарангуйлагч гэж байлаа шүү дээ. Ганц энэ улс ковид вакцин хийлгээгүй. Удирдагч гэж энэ хүнийг хэлнэ” хэмээн түгээжээ. Тус постийг 519 реакц, 51 сэтгэгдлээр идэвхжүүлж, 200 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр RadioFreeEurope/RadioLiberty (RFL/RL) хэвлэл мэдээллийн вэбсайт “Ковид-19-ийг үл ойшоож байсан Лукашенко одоо харин вакцинжуулах гэж хичээж байна” гэх гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээнд “Ерөнхийлөгч Лукашенко Ковид-19-ийг үгүйсгэж, саунд орж, водка татаж, трактор унаад л эдгэчих өвчин зэргээр хэлэхийн хажуугаар энэ бол массын “психоз” хэмээж байсны үр дүнд Беларус хүнд цохилтод орсон” гэжээ.
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Беларусын ерөнхийлөгч Александер Лукашенко Ковид-19-ийн талаар хэлэлцэх уулзалтад “Би дахин хэлмээр байна. Хүмүүсийг маск зүүхийг хориглохгүй, хязгаарлахгүй байсан хэдий ч, би хэзээ ч вакцины эсрэг байгаагүй. Харин ч вакциныг чухал гэж боддог. Тиймдээ ч Путинтэй Спутник вакцины талаар хэлэлцээр хийсэн” гэжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) албан ёсны дата авч мэдээлсэн Our World in Data вэбсайтад дурдсанаар 2023 оны 09 дугаар сарын 03-ны байдлаар Беларусын хүн амын 70 орчим хувь нь Ковид-19-ийн вакцин хийлгэсэн гэжээ.

Дүгнээд хэлбэл, Беларусын хүн амын 70 орчим хувь нь Ковид-19-ийн вакцин хийлгэсэн байгаа нь уг улсыг вакцин хийлгээгүй цор ганц улс гэх мэдээллийг няцааж, огт ор үндэсгүй, хуурамч мэдээлэл болохыг баталж байна.