Search

2015-2024 оны бичлэгийн зургийг ашиглаж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1295

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Баруун Еюропд үл мэдэгдэх манан татсан гэх агуулгатай нэг бичлэгийн хэсгээс авсан зургаан зургийг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нэгдүгээр сарын дунд үеэр Баруун Европын зарим улсад манантай гэх анхааруулгыг цаг уурын газруудаас сэрэмжлүүлсэн нь үнэн боловч тухай үеийн агаарын чанарын үзүүлэлт ихэнх газраар хэвийн байжээ. Харин шалгасан мэдээлэлд хавсаргасан зургуудыг 2015-2024 оны хооронд нийтлэгдсэн хэд хэдэн бичлэгийн хэсгээс аван төөрөгдүүлсэн агуулгатай түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны 01 дүгээр сарын 19-нд Delgermaa Beckbat (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Баруун Европын дээгүүр хачин сонин үл мэдэгдэх манан татаад 3, 4 хонож байна гэнэ. Хүмүүсийн толгой өвдөж, дотор нь муухайрч, химийн найрлагатай юм шиг сонин үнэр үнэртэж, гэрийн тэжээвэр амьтад гол горхиноос ус уухгүй байна гэнэ. Тэнд амьдардаг монголчууд ажигласан байж магадгүй. Хэн ч тайлбарлаж чадахгүй, зарим нь химийн хор цацсан, зарим нь албаар айдас төрүүлж байна. Зарим нь ямар нэг том юмны эхлэл, зарим нь харь гаригийнхан хэмээн таацгааж байна. Сатануудын төгсгөл ирж, сүүлчийн сумаа тавьж байж болох юм” гэх тайлбартай манан татаж буй хэд хэдэн зургийг нийтэлжээ. Тус мэдээллийг нь нийт 465 реакц, 61 сэтгэгдэл авч, 89 удаа цааш түгээсэн.

Шалгасан мэдээлэлд оруулсан зургаан зургийн зүүн дээд буланд нэг ижил лого байгаа нь хэд хэдэн богино бичлэгийг нийлүүлэн эвлүүлсэн контентоос screenshot хийж авчээ. Зураг тус бүрийг хайж үзэхэд интернэт орчинд нийтэлсэн хугацаа бүр өөр өөр ба 2024 оноос өмнө нийтлэгдсэн бичлэг байна. Зураг тус бүр хаана, хэзээ нийтлэгдсэн, ямар бүтээлч нийтэлсэн дэлгэрэнгүй мэдээллийг доор хавсаргалаа.

Эхний зургийг iStock гэрэл зургийн онлайн үйлчилгээний сайтаас зургаар хайхад @pixelfusion 3d нэртэй бүтээлчийн бичлэг илэрцээр гарч ирлээ.  Уг бичлэг 2019 оны 01 дүгээр сарын 17-нд “Өвлийн улирлын манан ”  гэсэн тайлбартай нийтэлсэн байна. Бүтээлчийн мэдээлэл рүү орж үзэхэд Энэтхэгийн Дели хотод байрлалтай гэх мэдээллийг оруулжээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг 1
Бичлэгийн эх сурвалж: iStock.com

Манан дунд харагдаж буй байшин, гүүрний зургийг TinEye хайлтын системээр хайхад гурван илэрц гарч ирсэн ч сайтын холбоос нь идэвхгүй болсон байна. Илэрцээр гарсан мэдээллээс 2021 он, 2017 онд Stock Adobe болон Motion Elements зураг, бичлэгийн сайтад нийтлэгдсэнийг харах боломжтой.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг
TinEye хайлтын системийн илэрц

Манан дундаас сүм харагдаж буй зургийг Google Lens хайлтын системээр хайхад 2024 оны 07 дугаар сарын 15-нд @Efrain Gracia youtube сувагт нийтэлсэн бичлэг байна. Тус бичлэгийн тайлбар хэсэгт дүрсийг авсан эх сурвалжаа дурджээ. Дүрсийг Pixabay гэрэл зураг, бичлэг нийтэлдэг сайтад @tsvetomit_lazarov_isky хаягтай бүтээлч 2024 оны 03 дугаар сарын 03-нд нийтэлжээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг 3
Бичлэгийн эх сурвалж: Pixabay.com

Дөрөв дэх зургийг iStock сайтаас зургаар хайхад 2016 оны 11 дүгээр сарын 10-нд @mkToy бүтээлчийн нийтэлсэн бичлэг илэрцээр гарч ирлээ. Бичлэгийг “Уулын зураглал ба үдшийн манан” гэх тайлбартай оруулжээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг 4.
Бичлэгийн эх сурвалж: iStock.com

Доорх зургийн мөн iStock-оос зургаар хайхад 2017 оны 10 дугаар сарын 31-нд @Remus Korsell гэх уран бүтээлч бичлэг  хэлбэрээр оруулжээ. Бичлэгийг Швед улсад хийсэн ба тайлбар хэсэгтээ “Швед дэх гольфийн талбайг дээрээс харасан нь. Нар мандах үеийн манан” хэмээн нийтэлсэн байна.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг 5.
Бичлэгийн эх сурвалж: iStock.com

Сүүлийн зураг буюу ойд манан татаж буй зургийг мөн хайхад 2015 оны 07 дугаар сарын 07-нд @emya гэх бүтээлч нийтэлжээ. Бичлэгийг Италийн хойд хэсэгт орших Трентино-Альто-Адиж мужид хийжээ.

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг 6.
Бичлэгийн эх сурвалж: iStock.com

Нэгдүгээр сарын 19-нд түгээсэн мэдээлэлд “үл мэдэгдэх манан татаад 3, 4 хонож байна” гэж дурдсан учир 01 дүгээр сарын 15-19-ний хоорондох Их Британи, Франц, Бельги улсын цаг агаарын мэдээллийг шүүлээ.

01 дүгээр сарын 15-ны лхагва гарагт The Brussels Times мэдээллийн сайтад Бельги даяар манантай байхыг цаг уурын хүрээлэнгээс нь мэдэгдсэн талаар мэдээлжээ. Бельгийн цаг уурын хүрээлэнгээс 15-16-ны өдрийг хүртэл 50-200 метр дотор үзэгдэл орчин хязгаарлагдана гэдгийг онцолсон “шар код” зарласан байна. Гэхдээ энэхүү манантай үед Брюсселийн орчимд агаарын бохирдлын хэмжээ нь 91 ба 53 буюу дундаж үзүүлэлттэй байсныг доор зургаас харах боломжтой.

Эх сурвалж: AQI.in Бельгийн Брюссел хотын 01 дүгээр сарын агаарын чанарын үзүүлэлт

2025 оны 01 дүгээр сарын 15-нд Английн Mirror мэдээллийн сайтад Их Британийн үндэсний цаг уурын алба буюу The Met office-оос 15-16-ны өдөр манантай байхыг анхааруулжээ. Цаг уурын албанаас Их Британийн өмнөд нутгаар манангийн шар код бүхий сэрэмжлүүлэг өгжээ. Өтгөн манантай байх бөгөөд тодорхой бүсэд 100 метрээс дотор үзэгдэх байдал хязгаарлагдахыг анхааруулсан байна. Харин энэ үеэрх агаарын чанарын үзүүлэлтийг Их Британийн засгийн газрын Байгаль орчин хүнс, хөдөө орон нутгийн асуудал хариуцсан албаны сайтаас харахад 15-ны өдрийн агаарын чанарын үзүүлэлт хэвийн буюу бага, 16-ны өдрийнх Йоркшир Хамберсайд, зүүн хойд бүс нутгаар их бохирдолтой, бусад нь хэвийн байна.

Эх сурвалж: uk-air.defra.gov.uk 15-ны өдрийн агаарын чанарын үзүүлэлт
Эх сурвалж: uk-air.defra.gov.uk 15-ны өдрийн агаарын чанарын үзүүлэлт

Нэгдүгээр сарын 17-нд Францын The Connexion мэдээллийн сайтад орсон 17-19-ний өдрийн цаг агаарын мэдээлэлд 17, 18-нд өглөө манантай байх бол 19-нд манан багасна гэх мэдээлэл хүргэжээ. Мөн La Depeche мэдээллийн сайтад 17-ны өдөр зарим бүс нутгаар үзэгдэх байдал 200 метрээс дотогш хязгаарлагдмал байх тухай мэдээлсэн байна. Харин энэ үеэрх Францын нийслэл Парис хотод агаарын чанарын үзүүлэлт 71 буюу дундаж байгааг доорх зургаас хараарай.

Эх сурвалж: AQI.in Францын Парис хотын 01 дүгээр сарын агаарын чанарын үзүүлэлт

“Хортой манан” тархсан тухай мэдээлэл интернэт хэрэглэгчид бичлэг хийж түгээснээр эхэлжээ.

АНУ, Канад болон Их Британийн иргэд интернэт орчинд “хортой манан тархаж байна” гэх агуулгатай бичлэг, зургийг түгээж байгаа тухай Daily Mail, Economic Times болон Time of India зэрэг сайтад мэдээлжээ. Daily Mail сайтад орсон мэдээлэлд “манан нь бохирдсон агаарыг шингээж авах буюу автомашины яндан, үйлдвэрийн хорт бодис, химийн бодисыг зөөдөг” хэмээн дурджээ. Мөн НАСА-гийн дэлхийн ажиглалтын төвийн сайтад мэдээлсэн Вашингтоны их сургуулийн агаар мандлын эрдэмтэн Рудольц Хусарын нийтлэлээс эш татаж “Манан үүсэх үед хүхрийн исэл, азотын исэл болон бусад бохирдуулагч хийг манангийн усны дуслууд шингээж авдаг” гэх мэдээллийг Daily Mail оруулсан байна. Түүнчлэн Times of India сайтад “агаар дахь бохирдуулагч бодис манан үүсэх үед нийлж, хортой манан үүсгэдэг” хэмээн тайлбарлажээ.

Гэвч “хортой манан”, “химийн бодис шиг үнэртэж буй манан”-гийн тухай албан ёсны байгууллагаас мэдэгдэл хийгээгүй. Баруун Европын улсуудад нэгдүгээр сарын дунд үеэр манантай гэх анхааруулгыг цаг уурын газруудаас өгсөн нь үнэн. Харин тухайн үеийн агаарын чанарын үзүүлэлт ихэнх газарт хэвийн байна. Шалгасан мэдээллийн тайлбар хэсэгт манан татсан тухай бичсэн ч ашигласан зургууд нь 2015-2024 оны хооронд нийтлэгдсэн, хэд хэдэн бичлэгийн хэсгээс авч ашиглажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Баруун Еюропд үл мэдэгдэх манан татсан гэх агуулгатай нэг бичлэгийн хэсгээс авсан зургаан зургийг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document