2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Аминаагийн аав нэртэй хаягаас “Цөмийн шар нунтаг чинь хөрсний гүн рүү хүхэр, хүнцэл, цианид шахаад хорт бодис нь гүний усанд үлдэнэ энэ бол улс үндэстнийг мөхөөх гадны захиалга” гэсэн пост оруулжээ. Уг пост нь 143 реакц, 9 сэтгэгдэл авч, 176 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дэлхийн цөмийн холбооны World Nuclear News мэдээллийн сайтад гаргасан тайлангуудад уран гаргаж авахад ашигладаг Газар Доор Уусган Олборлох (ГДУО) аргыг тайлбарлажээ. Ураны хүдрийг газрын гүнээс уусган гаргаж авахын тулд хэд хэдэн химийн бодисыг уусгагч болгон ашигладаг. Ингэхдээ голчлон хүхрийн хүчил, натрийн бикарбонат, исэлдүүлэгч бодис болох устөрөгчийн хэт исэл, аммонийн сульфат гэсэн химийн бодисыг ашигладаг байна.
Мөн ГДУО арга нь хүхрийн хүчлийг шууд газар луу шахдаггүй бөгөөд бага хэмжээний гүний үйлдвэрлэлийн усыг соруулж аваад, хоёр хувийн концентраттай хүхрийн хүчил нэмж, хүчилжүүлсэн усыг ураны хүдэржилт байрлах уст үе рүү цооногоор шахна. Уг уусмал хүдрийн биетээр нэвтрэхдээ өөртөө ураныг уусгаад, цаашлаад соруулах цооногт хүрч газрын гадаргa руу сорогдон гарч ирснээр боловсруулах хэсэгт хүргэгддэг. Үүний дараа ураныг шингэнээс нь салган, худалдаалах боломжтой ураны концентрат буюу ураны хүдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Эх сурвалж: Дэлхий цөмийн холбооны World Nuclear News мэдээллийн сайт
Уран олборлох үйл ажиллагаанд цианид болон хүнцэл шууд ашиглагддаггүй. Гэхдээ хүнцэл нь ураны орд газрын онцлогоос шалтгаалан тодорхой нөхцөлд тухайн орчинд агуулагдаж, гарч ирэх боломжтой. Тухайлбал, хүнцэл нь уран агуулсан хүдэрт байгалийн хэлбэрээр агуулагддаг бөгөөд олборлолт, боловсруулалтын үед хяналт, шалгалтын алдаанаас үүдэн орчны бохирдол үүсгэх эрсдэлтэй байна.
Хүхрийн хүчил нь ураны хүдэртэй урвалд орж, ураныг усанд уусдаг хэлбэрт шилжүүлэх үүрэгтэй. Мөн өдөрт зарцуулах хүхрийн хүчлийн хэмжээ нь олборлож байгаа блокийн тоо буюу талбайн хэмжээнээс хамаардаг бөгөөд зарцуулах хэмжээ гэхээс илүүтэй ураныг шингэн төлөвт оруулахад ямар концентрацитай шингэн бэлтгэх шаардлагатайг эхлээд тогтоодог байна.
Жишээ нь, нэг литр уусгагч шингэнд 99 хувь нь ус, 1 хувь хүхрийн хүчил байдаг. Ингэснээр олборлолт явуулах газрын доорх орчноо хүчиллэг болгож байгаа бөгөөд тухайн орчны рН нь 1.5 болж байж уран шингэндээ уусдаг байна.
Харин хүхрийн хүчлийн оронд мөн натрийн бикарбонат, аммоны сульфат зэрэг бодис ашиглаж болдог. Натрийн бикарбонат нь хүчилтэй харьцуулахад шүлтлэг орчинд уусдаг ураны хүдэрт ашиглагддаг. Зарим орд газар хүчилд тэсвэртэй байдаг тул шүлтлэг уусгагчийг хэрэглэдэг бөгөөд АНУ, Австрали зэрэг улсад ихэвчлэн натрийн карбонатыг ашигладаг байна. Харин исэлдүүлэгч бодисууд нь ураны оксидыг исэлдүүлж уусамтгай хэлбэрт оруулахад ашиглагддаг бол аммонийн сульфат нь уусмалын рН-ийн түвшинг тохируулж, ураны уусамтгай байдлыг мөн нэмэгдүүлдэг байна.
Цианидыг алт, мөнгө зэрэг үнэт металл ялгах зорилгоор ашигладаг бөгөөд уран олборлолтод ашигладаг гэсэн баттай баримт одоогоор байхгүй байна.
Уран олборлох үйл явц дууссаны дараа үлдсэн хүхрийн хүчлийг шүлтлэг бодис (жишээ нь, шохойн чулуу) ашиглан саармагжуулдаг. Мөн хүхрийн хүчлийн уусмалын тархалтыг хянахын тулд гүний усны чанарыг тогтмол хянаж, тусгай саармагжуулагч бодис ашигладаг байна.
Дүгнэлт: ГДУО аргын хувьд хүхрийн хүчлийн хэмжээ нь олборлолт явагдаж буй талбайн хэмжээнээс хамаардаг бөгөөд хүхрийн хүчлийг устай уусган тухайн орчны рН-ийг 1.5 болгож, олборлолтыг эхүүлдэг. Уг процессд хүнцэл, цианид зэрэг бодис ашигладаг гэсэн баримт олдоогүй.
Түүнчлэн ГДУО нь битүү цикл орчин буюу хөрсний гүнд өрөмдөж оруулсан цооногоор дамжин хөрс рүү хүхрийн хүчил агуулсан уусмалыг шахдаг. Харин ураныг шингээж аваад, хөрсөнд үлдсэн хүхрийн хүчлийг саармагжуулах арга хэмжээг авч, гүний усны чанарт тогтмол хяналт тавьснаар байгальд болон хүнд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж ажилладгийг дээрх баримтууд харуулж байна.




