2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сувд-Эрдэнэ Ганхуяг нэртэй Facebook хэрэглэгч “Баянхонгор аймгийн Шинэжинст, Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрийг Google Map дээр хятад нэрээр нэрлэсэн байна. Тус сумдыг “Түцүхасу”, “Томацуси” гэж нэрлэжээ” гэх хадмалтай рийл түгээжээ. Уг рийлийг 723 реакц, 100 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 2100 гаруй удаа цааш түгээсэн ба 155 мянган удаа үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн бичлэгийн эх сурвалж нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “TV9 Mongolia” Facebook пэйжийн оруулсан “Өмнөговь аймгийн зарим газрын нэршлийг хятадаар тэмдэглэжээ” гэсэн тайлбартай бичлэг аж. Уг мэдээнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ахлах мэргэжилтэн Д.Ундармаагаас тодруулга авсан байна. Тэрээр “Газар нутгийн нэрийг хэн нэгэн шинээр өгнө гэсэн юм байхгүй. Үүнийг зөвхөн УИХ-аар баталдаг. Google бол олон улсын платформ болохоор бүртгэлтэй хэрэглэгч хэн дуртай нь тэмдэглэж байдаг. Манай байгууллага хүсэлт л явуулна даа” гэсэн байна.
Уг бичлэгийн эхний 12 секундийг таслан авч, “Монгол Улсаа ийнхүү зараад дуусаж байгаа юм байна даа” гэсэн тайлбараар төөрөгдүүлэн түгээжээ.
Google Maps-д сумдын нэр хэвээр байна
Google Maps дээрх Баянхонгор аймгийн Шинэжинст болон Дорнод аймгийн Матад сумын газрын зургийг харахад, уг хоёр сумын нэр хэвээр байгааг доорх зургаас харна уу.

Дорнод аймгийн Матад сумын газрын зураг
Бид Google Maps руу орж Монгол Улсын хэмжээнд “түцүхасу”, “томацуси” гэдэг үгийг дангаар болон нийлмэлээр нь кирилл, латин үсгээр хайхад тийм нэртэй сум гарч ирсэнгүй.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын засаг даргын тамгын газрын албан ёсны вэбсайтаас харахад сумын нэр хэвээр байна. Мөн Дорнод аймгийн засаг даргын тамгын газрын албан ёсны вэбсайтад Матад сумын нэр хэвээр байгааг эндээс орж үзээрэй.
Монгол хэлний тухай хууль болон Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд сумдын нэр хэвээр байна
Монгол хэлний тухай хуулийн дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоол гаргаж, толь зохиох ажлын хэсэг байгуулагдан, тус Зөвлөлийн Ажлын албаны дэргэд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлж, нэг жилийн хугацаанд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” боловсруулжээ. Уг толь бичигт Баянхонгор аймгийн Шинэжинст болон Дорнод аймгийн Матад сумын нэршил хэвээр байгааг үзэж болно.

1999 оноос хойш сумын нэр өөрчлөх тухай УИХ-ын тогтоол гараагүй
Сумын нэр өөрчлөгдөхөөр болбол УИХ-ын тогтоол гардаг бөгөөд хамгийн сүүлд 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Засгийн газрын саналыг харгалзан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Завхан аймгийн Булнай сумын нэрийг “Тосонцэнгэл” гэж өөрчилсүгэй” гэсэн тогтоолоор сумын нэр өөрчлөгдөж байжээ.

Дүгнээд хэлбэл, Google Maps-д бүртгэлтэй хэрэглэгч хүссэн газартаа тэмдэглэгээ зүүж, нэр өгөх боломжтой ба үүнийг нь тухайн газрын албан ёсны нэр гэж ойлгох нь өрөөсгөл. Монгол Улсын засаг захиргааны нэгж, газар нутгийн нэршлийг өөрчлөхөөр болбол заавал УИХ-ын тогтоол гаргадаг. Шалгасан мэдээлэлд дурдсан сумдын засаг даргын тамгын газрын албан ёсны вэбсайт болон Google Maps зэргээс үзвэл уг сумдын нэр өөрчлөгдөөгүй, хэвээр байна.




