2025 оны 01-р сарын 18-нд Аминагийн Аав (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Тэгшбаярыг баярлаж дуусаагүй байхад Францын ЗГ-ыг атомын эрчим хүчний бүх төслүүдийг шууд зогсоохыг шаардсан Аудиторын шүүхийн дүгнэлт гарчээ” гэх тексm бүхий зурган мэдээллийг түгээжээ. Тус мэдээлэл нийт 221 реакц, 31 сэтгэгдэл авч, 146 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн мэдээлэлд хавсаргасан зурагт мэдээллийг авсан эх сурвалжаа оруулжээ. WinFuture.de Германы мэдээллийн сайтад Францын Аудиторын шүүх цөмийн эрчим хүчний бүх төслүүдийг нэн даруй зогсоохыг шаардсан гэх агуулгатай мэдээлэл оруулжээ.
Дэлхийн Цөмийн Холбооны World Nuclear News мэдээллийн сайтад 2025 оны 01 дүгээр сарын 14-нд “Европын даралтат реактор-2” (European Pressurized Reactor 2, EPR2) төслийн тухай шүүхийн шийдвэрийг тайлбарлан нийтэлжээ. Уг мэдээлэлд 2025 оны 01 дүгээр сард гарсан Аудиторын тайланд EPR2 төсөл, дизайны хоцрогдолтой, эцсийн тооцоо дутмаг, санхүүжилтийн төлөвлөгөө тодорхойгүй хэвээр байгаа учир төслийн хөрөнгө оруулалтыг хойшлуулах шинэ зөвлөмж хүргэсэн тухай мэдээлсэн. Францын Аудиторын шүүхийн тайланд гаргасан дүгнэлтэд,
- “EPR2 хөтөлбөрийн санхүүжилтийг баталгаажуулж, анхны цөмийн бетоны үе шатанд чиглэсэн нарийвчилсан зураг төслийн судалгаа эхлэх хүртэл эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргалгүй хойшлуулах”,
- “Цөмийн эрчим хүчний салбарт олон улсын шинэ төсөл нь тодорхой хэмжээний ашиг авирч, Францад EPR2 төслийн хуваарийг хойшлуулахгүй байхыг баталгаажуулах” гэх зөвлөмжийг хүргэсэн.
EPR2 төсөл нь EDF (Électricité de France, Францын эрчим хүчний үйлчилгээний компани) болон Framatome (Францын цөмийн эрчим хүчний компани) компанийн боловсруулсан даралтат усан реакторын төсөл юм.
- Их Британийн “Hinkley Point C”, “SizeWell C” төсөл нь EDF францын төрийн өмчит компанийн олон улс дахь цөмийн реакторын төсөл юм. Шүүхээс Hinkley Point C төслийн санхүүгийн эрсдэлийг бууруулахаас өмнө SizeWell C төсөлд оруулах эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг батлахгүй байх нь зүйтэй хэмээн тайландаа дурджээ.
Одоогоор Франц улсад нийт 57 реактор бүхий 18 атомын цахилгаан станц байдаг ба эрчим хүчнийхээ 70 хувийг цөмийн эрчим хүчээс авдаг байна. 2022 онд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон одоо байгаа бүх реакторын ашиглалтын хугацаа, аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр сунгах ёстойг мэдэгдэн, зургаан шинэ даралтат реактор бүтээх хөтөлбөрийг танилцуулж байсан.
Шалгасан мэдээлэлд харуулсан WinFuture сайтад Аудиторын шүүхийн зөвлөмжийг “Франц дахь цөмийн эрчим хүчний бүх төслийг зогсоохыг шаардсан” гэх төөрөгдүүлсэн агуулгатай нийтэлсэн байна. Харин Reuters, Financial Times, World Nuclear News зэрэг баталгаат мэдээллийн сайтад EPR2 төслийг санхүүгийн төлөвлөгөө, эцсийн тооцоолол дутмаг учир хөрөнгө оруулалтыг хойшлуулсан тухай мэдээллийг бодитоор нь хүргэжээ.
2007 оноос эхэлсэн Францын Фламанвилл 3 (FlamanVille 3) реакторын бүтээн байгуулалт тодорхой хугацаагаар хойшилсон ч 2024 оны 12 дугаар сард сүлжээнд холбосон. Энэ нь Францын эрчим хүчний сүлжээнд 25 жилийн дараа шинэ цөмийн реактор холбосон үйл явдал юм. Аудиторын шүүхээс “Фламанвилл-3 реактор болон EPR2-ын ашигт ажиллагааны таамаглалыг тооцоолж, хяналт тавих”-ыг зөвлөжээ. Шүүхээс Фламанвилл-3 реакторын ашиг орлого EDF компанийн зардлаас бага байхыг тооцоолжээ.
“Франц улсад цөмийн эрчим хүчний бүх төслийг зогсоохыг шаардсан” гэх агуулга нь Аудиторын шүүхийн төслийг хойшлуулах зөвлөмжийг гуйвуулсан агуулгатай юм. Мөн 2024 оны сүүлээр шинэ цөмийн реактор сүлжээнд холбосон ба хуучин цөмийн реакторууд ажиллаж байгаа юм. Цөмийн эрчим хүчний төслүүдийг зогсоохтой холбоотой мэдээлэл байхгүй байна.