2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Эрка Босоо Хөх Монгол нэртэй хаягаас “Хэдхэн хоногийн өмнө тавьсан боловч 1000 хүн шэйр хийтэл устгасан байдаг юм дахиад тавьлаа, уран бол сүйрэл” гэсэн тайлбарын хамт ургийн гажигтай хүүхдийн 48 секундын бичлэг нийтэлжээ. Уг пост нь 127 реакц, 27 сэтгэгдэл, 370 удаа цааш түгээгдэн, 18 мянган үзэлттэй байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Америкийн Үндэсний Биотехнологийн хүрээлэнгээс бичлэг дээрхтэй адилхан шинж тэмдгийг циклопийн синдром хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн Иран улсын Урмиа хотод циклопийн синдромтой төрсөн хүүхдийн бодит кейсийг 2021 онд тус хүрээлэнгээс тайлбар болон зургийн хамт олон нийтэд ил болгосон байна.
Cyclopia (Циклопи) нь төрөлхийн гажиг хэлбэрээр илэрдэг ховор удамшлын эмгэг бөгөөд өвчлөлийн түвшин нь 13,000-20,000 нярайд нэг тохиодог байна.
- Төрөлхийн энэ эмгэг нь амьтан, хүний аль алинд нь илэрч болно
- Циклопийн синдромтой өвчтөнүүд ихэвчлэн урт хоншоортой, дутуу эсвэл хамар нь ажиллагаагүй төрдөг.
- Гаднах чих нь муруй, хугарсан эсвэл дотогшоо үрчийсэн байдаг.
- Үр хөврөлийн үед ихэвчлэн зулбасан эсвэл төрөх үед амьгүй төрсөн, эсвэл төрснийхөө дараа хамгийн дээд тал нь 13 цаг л амьдардаг байна.
- Ураг умайд ургаж байх үед циклопийн синдромыг хэт авиан шинжилгээгээр оношлох боломжтой. Энэхүү төрөлхийн эмгэг нь жирэмсний гурав, дөрөв дэх долоо хоногийн хооронд тохиолддог байна.
- Жирэмсний эхний 3-4 долоо хоногт нүүр болон тархи хөгжиж эхэлдэг бөгөөд хэвийн нөхцөлд тархи хоёр хэсэг (баруун, зүүн) болж хуваагддаг. Энэ үйл явцын нөлөөгөөр хоёр нүд тусдаа байрлалд шилжиж байрладаг. Харин циклопи өвчний үед тархины хуваагдал явагдахгүйд хүрч нүдний алим нэг цэг дээр үлдэж, нэг том нүдтэй мэт харагдах байдалтай болдог байна.

Дээрх зурагт Иран улсын Урмиа дахь “Махзад” эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт 44 настай эхээс 37 долоо хоногтой дөнгөж төрсөн хүүхдийг харуулжээ. Тухайн эмэгтэй өмнө нь 32 настайдаа кесарь хагалгаагаар төрсөн бөгөөд хүүхэд нь бүрэн эрүүл байсан. Харин сүүлийн жирэмслэлтийнхээ хугацаанд эмэгтэйчүүдийн эмчид ганцхан удаа үзүүлж, жирэмсний ямар ч үзлэг, хэт авиан шинжилгээ гэх мэт оношилгоо хийлгээгүй байна. Тиймээс циклопийн синдромыг эрт үед нь илрүүлж чадаагүй, төрүүлсэн байна.
Циклопийн синдром үүсгэх хэд хэдэн хүчин зүйл бий
Циклопийн синдромын шалтгаан одоо ч тодорхойгүй хэвээр байгааг Америкийн Үндэсний Биотехнологийн хүрээлэнгээс мэдээлсэн юм . Гэсэн хэдий ч судлаачид хэд хэдэн хүчин зүйл нь циклопийн эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн үздэг байна. Тухайлбал:
- удамшлын хүчин зүйл,
- жирэмсний үеийн чихрийн шижин,
- жирэмсэн үед халдвар авах,
- хэт ягаан туяанд өртөх,
- тамхи татах,
- жирэмсэн үед согтууруулах ундаа болон зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалах боломжтой хэмээн үздэг байна.
Түүнчлэн 2003 онд эхэлсэн АНУ Иракийн дайны дараа ургийн гажигтай төрсөн тохиолдол 20 гаруй хувиар ихэссэн нь ураны сөрөг нөлөө гэж таамагладаг ч баттай баримт нотолгоо одоогоор байхгүй. Дүгнэхэд бичлэг дээрх нэг нүдтэй, ургийн гажигтай, дөнгөж төрсөн хүүхэд нь циклопийн синдромтой бөгөөд нэг өдөр ч амьдарч чадаагүй байна. Уг тохиолдлын шалтгааныг олон улсын судалгааны байгууллагууд одоо ч тодорхой зарлаагүй байна.
Циклопийн синдром хамгийн их тохиолдсон газрууд:
- Ирак (Fallujah хот)
- Иракийн Fallujah хотод 2003 оноос хойш төрөлхийн гажигтай хүүхдийн тоо огцом өссөн бөгөөд үүнд циклопийн синдром ч багтсан байдаг. Үүний шалтгаан нь цөмийн болон химийн зэвсгийн бохирдол, ялангуяа дайны үед ашиглагдсан химийн бодис, цацраг идэвхт уран байж болзошгүй гэж үздэг.
- АНУ (1950-1960 он)
- 1950-1960-аад онд АНУ-д циклопийн синдром болон бусад ховор гажигтай хүүхэд төрөх тохиолдол нэмэгдсэн. Үүний нэг шалтгаан нь жирэмсний үед талидомид (thalidomide) гэх тайвшруулах эмийг хэрэглэсэн явдал байж магадгүй хэмээн үздэг байна.
- Латин Америк болон Өмнөд Азийн зарим улсууд
- Гажиг үүсгэгч хорт бодис, пестицид (хортон шавж устгах бодис) өндөр хэмжээгээр хэрэглэдэг бүс нутгуудад төрөлхийн гажиг илүү түгээмэл ажиглагддаг. Жишээ нь, Бразил, Энэтхэг, Бангладеш зэрэг улсад циклопийн синдром тохиолдсон тохиолдлууд бүртгэгдсэн.
Ургийн гажиг нь 4000 гаруй төрөлтэй ба эмчилгээ шаардахгүй хөнгөн зэргийн гажиг байхаас эхлээд хөгжлийн бэрхшээлд хүргэх, эмийн эмчилгээ, мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай төрөлхийн гажиг байдаг. Үүнээс маш ноцтой цөөн гажигийн нэг болох циклопийн синдром гэх өвчнийг үүсгэгч хэд хэдэн хүчин зүйл байдгийг зөвхөн уранаас болсон гэж итгүүлэхээр бүрэн батлагдаагүй бичлэг түгээжээ.
Энэ нь Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан үйл явдлыг угтаж түгээж байгаа нь олон нийтийн санааг эргүүлэх, төөрөгдүүлэх зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн нэг хэсэг байна.