2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Gobi-Altai Mongolia нэртэй фэйсбүүк хуудас нь “Говь Алтай аймаг Цогт сум. Захуй Зармангийн говийн урд хэсэгт орших Сөхрөхийн бүрд” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ. Уг пост нь 256 реакц, 37 сэтгэгдэл авч, 288 удаа цааш түгээгдсэн байна.
Уг мэдээллийг Монголд түгээсэн анхдагч эх сурвалж нь Таванбаяр Каба гэх хаягаас 01 дүгээр сарын 16-ны өдөр постолсон “Би гэж салгалсан юм ямар балай юм хийчив ээ? Маазарч хийсэн зургаа устгаж амжихаас өмнө л Говь Алтайн хуудас нь үг үсэггүй хуулаад пост болгочихсон байх юм. Яасан ч хурдтай юм. Энэ AI зураг болохоос танай аймагтай ямар ч хамаагүй шдээ. “Сөхрөхийн бүрд” гээд л зохиогоод биччихсэн чинь л ийм пост хийж л байдаг. Аймгаа мэддэггүй юм уу Gobi-Altai Mongolia?” гэсэн тайлбартай пост байна. Эндээс харахад Сөхрөхийн бүрд гэх тайлбартай зургийг хошигнож оруулсан нь цахим орчинд тархсан байна.
- Харин Gobi-Altai Mongolia гэх пэйжийг тэмдэглэж өгсөн буюу хуурамч гэдгийг нь нэр зааж мэдээлсэн ч тухайн хаяг постоо устгаагүй, нэмж хандалт авсаар байна. Хуваалцсан болон сэтгэгдэл бичсэн хэрэглэгчдийн дунд хуурамч мэдээлэлд итгэж, төөрөгдсөн хүмүүс байгаа нь егөөдөл хошигнол цааш дамжихдаа хуурамч мэдээлэл болдог гэх онолыг баталсан үзэгдэл болжээ. (Энэ үзэгдэлтэй төстэй баримт шалгалтыг эндээс уншина уу)
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Зургаар хайх нь
Баримт шалгах анхан шатны аргууд болох зургаар хайх аргаар нягталж үзлээ. Ингэхдээ зургийг, Google Lens хэрэглүүрт хайхад дараах үр дүн гарлаа.
2024 оны 10 дугаар сарын 25-нд Isalovesislam нэртэй YouTube хуудаст нийтлэгдсэн бичлэгт “исламын шашинтнууд Аллахдаа залбирч байгаа” гэх утгатай тайлбартай нийтэлжээ.
Хиймэл оюунаар хийсэн зургийг нягтлах нь
Зургийг хэд хэдэн хэрэглүүрээр шалгахад хиймэл оюун ухаанаар хийсэн гэх үр дүн гарсан юм. Тухайлбал, Sightengine хэрэглүүрээр шалгахад 99% хиймэл оюунаар бүтээсэн гэж харууллаа. Мөн Wasitai-аар шалгахад хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг байна гэсэн үр дүн гарсан. Түүнчлэн Aidetectcontent хэрэглүүрээр шалгахад 62% нь хиймэл оюун ухаанаар хийсэн гэх үр дүнтэй гарлаа.
Gobi-Altai Mongolia хуудас болон Таванбаяр Каба гэх нэртэй хаяг нь хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн зургийг Говь-Алтай аймагт байдаг байгалийн өвөрмөц тогтоцын зураг мэтээр төөрөгдүүлсэн байна.