Search

Орц найрлагыг худал сурталчилж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1286

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Манай төвийн “АСУУ” чатботод Солонгосын гурилгүй жигнэмэг хэмээн сурталчилж буй бүтээгдэхүүний тухай мэдээллийг шалгуулахаар илгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бүтээгдэхүүний шошгод “Улаанбуудай, сүү, шар буурцаг агуулсан” гэж тодруулсан бичсэн ч гурилгүй жигнэмэг хэмээн худал сурталчилгаа явуулжээ.

Манай төвийн “АСУУ” чатботоор “Солонгос амттан-한국 과자” хуудасны “гурилгүй жигнэмэг” хэмээн сурталчилж буй бүтээгдэхүүний талаар үнэн бодит мэдээлэл өгч, шалгуулах хүсэлт ирүүлсэн. Тус хуудаст “Mr.Oat” жигнэмгийг “Солонгос улсын овьёостой эрүүл шинэ төрлийн жигнэмэг… Холестролгүй, цардуулгүй, эрүүл орц, гурилгүй овьёосны жигнэмэг” хэмээн сурталчилжээ. Тус хуудасны мэдээлэл нь бүхэлдээ бүтэгдэхүүнээ сурталчлахад чиглэсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 12-нд оруулсан пост нь 329 реакц, 4 сэтгэгдэл авч, 22 удаа цааш түгээгдсэн ба мянга гаруй удаа үзсэн байна.

Манай төвд уг мэдээллийг шалгуулахаар илгээсэн хэрэглэгч бүтээгдэхүүний бодит зураг болон орц найрлагын зургийг хавсарган явуулсан. Тухайн зурагт орц найрлага англи хэл дээр бичигдсэн байгааг доорх зургаас харах боломжтой.

Уг зурагт бичигдсэн орцонд улаанбуудайн гурил, будааны гурил, эрдэнэ шишийн нунтаг, эрдэнэ шишийн цардуул зэрэг орсон байна.

Мөн уг бүтээгдэхүүнийг худалдаалж буй солонгосын Coupang, Lotte Mart, Auction болон SSG онлайн худалдааны сайтад орц найрлага, тэжээлийн чанарыг хавсаргажээ.

Lotte Mart онлайн худалдааны сайтаас авсан бүтээгдэхүүний зураг
Lotte Mart онлайн худалдааны сайтаас авсан бүтээгдэхүүний найрлагын зураг

Доорх зурагт бүтээгдэхүүний шошгод “Улаанбуудай, сүү, шар буурцаг агуулсан” гэж тодруулсан бичсэнгийн зурагт улаанаар тэмдэглэж харууллаа. Мөн зургийн тайлбар хэсэгт бүтээгдэхүүний орц найрлагыг дэлгэрэнгүйг орууллаа.


Найрлага дахь мэдээллийг орчуулсан нь: “Бүтээгдэхүүний шошгон дээрх мэдээлэлд 2.01 хувийн овьёос, 0,06 хувийн ванилийн нэмэлт синтетик амт оруулагч хэмээн тэмдэглэсэн байна. Түүхий эд, орц найрлагад “Какаоны цөцгийн тосыг орлуулагч [устөрөгчжүүлсэн далдуу модны тос, элсэн чихэр, хуурай сүү, шар сүүний нунтаг, мальтодекстрин, шар буурцагны лецитин (генийн өөрчлөлттэй шар буурцаг агуулсан байж болно), глицерин тосны хүчлийн эфир, ваниллин, синтетик амт (ванилийн амт) 0.06%], эрдэнэ шишийн чийгшүүлэгч нунтаг ( генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш агуулсан байж болно), үр тариа [улаанбуудайн гурил, будааны гурил, эрдэнэ шишийн нунтаг (генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш агуулсан байж болно), Нунтаг глюкоз, эрдэнэ шишийн цардуул (генийн өөрчлөлттэй эрдэнэ шиш агуулсан байж магадгүй), соёолжны ханд, элсэн чихэр, будаа, овъёос 2.01%, улаанбуудайн гурил, кальцийн карбонат, цэвэршүүлсэн давс” гэжээ.

Зар сурталчилгааны тухай хуульд бүтээгдэхүүний найрлагыг талаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бодит байдалд үл нийцсэнд тооцдог

Зар сурталчилгааны тухай хуулийн 7-р зүйлд хууль бус зар сурталчилгааны тухай тусгасан байдаг бөгөөд хууль бус зар сурталчилгааг захиалах, бүтээх, түгээхийг хориглодог байна.  Тус хуулийн 7.3.1-д бүтээгдэхүүний зориулалт, бүтэц, найрлага, үйлдвэрлэсэн арга, огноо, шинж чанар, хэрэглэх арга, хугацаа, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг, чанарын баталгаажуулалт, тоо, хэмжээ, гарал үүслийн талаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бодит байдалд үл нийцсэнд тооцно хэмээжээ. Зөрчлийн тухай хуулийн 10.1.4-т “ Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно“ гэж заажээ. Хууль бус зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, эсвэл түгээсэн тохиолдолд хувь хүн 500 мянган төгрөг, хуулийн этгээд 5 сая төгрөгөөр торгуулах хуулийн заалттай.

Бүтээгдэхүүний орц найрлагыг бүрэн гүйцэт тайлбарлахгүйгээр худал сурталчилгаа явуулах нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай

Шалгасан мэдээлэлд гурилгүй жигнэмэг хэмээн сурталчилсан боловч шошго дээрх мэдээлэлд гурил агуулсан гэдгийг тодруулан бичсэн байсан. Худал сурталчилгаанаас үүдэн бүтээгдэхүүнийг гурилын харшилтай, глютенд мэдрэмтгий, чихрийн шижинтэй, аль эвсэл целиак өвчинтэй (celiac diseaase) хэрэглэгчийн эрүүл мэндэд эрсдэлтэй.

Глютенд мэдрэмтгий байдал

Глютен нь улаанбуудайн , арвай, хөх тариа зэрэгт агуулагддаг уураг ба зарим овьёосонд бага хэмжээгээр байдаг.  Хэрэв глютенд мэдрэмтгий бол хэвлийгээр өвдөх, хий үүсэх, суулгах зэрэг хоол боловсруулах эрхтэнд таагүй шинж тэмдгүүд илэрдэг байна. Глютен агуулсан хүнс хэрэглэсэн тохиолдолд:

  • Хэвлий өвдөх, цус багадалт, гэдэс дүүрэх, анхаарал төвлөрөхгүй байх, суулгах эсвэл өтгөн хатах, ядрах, толгой өвдөх, дотор муухайрах, арьсан дээр юм туурах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Улаан буудайн харшил

Улаанбуудайн харшил нь улаан буудайн нэг болон хэд хэдэн уургийн эсрэг харшлын урвал юм. альбумин, глобулин, глиадин, глютен гэх дөрвөн төрлийн улаан буудайн уургийн аль нэгээс нь харшил үүсэх боломжтой. Харшилтай хүн улаан буудай хэрэглэх үед дархлааны систем нь улаанбуудайн уургийг хортой гэж андуурч,  хөнгөнөөс хүнд бүртэл янз бүрийн хариу урвал үүсгэдэг. Улаанбуудайн харшилтай хүн улаан буудай болон буудайн уураг агуулсан хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрэв улаанбуудай агуулсан хүнс хэрэглэвэл дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

  • арьсны тууралт, хавагнах, ходоод хямрах, өвдөх, дотор муухайрах, суулгах, хамар битүүрэх, толгой өвдөх, амьсгалахад хүндрэлтэй байх, үрэвсэл, анифилакси буюу харшлын хүнд хэлбэрийн хариу урвал илрэх аюултай.

Целиак өвчин нь глютентэй холбоотой сөрөг урвалын улмаас үүсдэг.

Целиак өвчин нь глютен уурагтай хүнс хэрэглэх үед дархлааны систем нь өөрийн эрүүл эд эсэд халддаг аутоиммун өвчин юм. Глютен агуулсан хүнс идсэнээр дархлааны эсүүд нарийн гэдэсний дотор талд байдаг хоол тэжээлийг шингээж авдаг жижиг хэсгүүдийг гэмтээдэг. Ингэснээр шим тэжээл биед шингэж чадахгүй болдог байна.

Целиак өвчинтэй хүмүүс глютен агуулсан хүнс хэрэглэхэд доорх шинж тэмдгүүд илэрнэ.

  • Хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, өтгөн хатах, суулгах, хангалттай шим тэжээл авч чадаагүйн улмаас ядрах, жин хаях, толгой өвдөх, арьсны цэврүүт тууралт үүсэх, үе мөч өвдөх, амны хөндий шархлах, дотор муухайрах, захын мэдрэл гэмтэх, ходоод хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Чихрийн шижинтэй хүмүүс улаанбуудайн гурил хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны албан ёсны вэбсайтад ордог хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийн мэдээлэлд 100 гр улаанбуудайн гурилд 76.3 грамм нүүрс ус агуулагддаг. Хоол идсэний дараа хүний бие нүүрс усыг глюкоз буюу сахар болгон задалдаг. Глюкоз нь эд эсэд энерги өгдөг ба цусны урсгал руу орсоноор цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлдэг. Америкийн чихрийн шижингийн холбооны албан ёсны сайтад чихрийн шижинтэй хүмүүсийн түлхүү хэрэглэх хэрэгтэй болон зайлхийх хүнсний жишээг үзүүлж, үүнд цэвэршүүлсэн цагаан гурилыг хэрэглэхээс зайлхийхийг зөвлөжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)

Mr.Oat жигнэмэгийг худалдаалж буй солонгос худалдааны сайтын мэдээлэл

Зар сурталчилгааны тухай хууль

Зөрчлийн тухай хууль

Америкийн харшил, астма, дархлаа судлалын академиын албан ёсны вэбсайт

Кливланд клиникийн албан ёсны сайт

Майо клиникийн албан ёсны сайт

Кливланд клиникийн албан ёсны сайт- Улаан буудайн харшлын тухай мэдээлэл

Америкийн харшил, астма, дархлаа судлалын коллежийн албан ёсны сайт

Английн Үндэсний эрүүл мэндийн албаны албан ёсны сайт

Celiac Disease Foundation-ий албан ёсны сайт 

Майо клиникийн албан ёсны сайт – Целиак өвчний тухай мэдээлэл

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны албан ёсны вэбсайтг

Флоридагийн Немурс хүүхдийн эмнэлэгийн албан ёсны сайт

Америкийн чихрийн шижингийн холбооны албан ёсны сайт

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document