Search

Уран эсэргүүцэхэд уриалахын тулд төөрөгдүүлсэн зураг ашиглаж байна 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1285

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Маргааш ураныг эсэргүүцэх жагсаалтай” гэсэн тайлбарын хамт гурван төрөлхийн гажигтай хүүхдүүдийн зургийг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Монголд ураны хайгуул хийсэн 27 жилийн хугацаанд ургийн гажигтай төрөлтийн хэмжээ өөрчлөгдөөгүй ба одоо эхэлж буй газар доор уусган олборлох аргаар ураны шар нунтаг ялгах технологи нь дайны үеийн зэвсэглэлээс өөр юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Гантөгс Пүрэврагчаа нэртэй хаягаас “Маргааш ураныг эсэргүүцэх жагсаалтай” гэсэн тайлбарын хамт гурван төрөлхийн гажигтай хүүхдүүдийн зургийг нийтэлжээ. Уг пост нь 61 реакци, 19 сэтгэгдэл авч, 93 удаа цааш түгээгдсэн байна. Хавсаргасан гурван зургийн доор “Ураныг эсэргүүцэж байна” гэсэн өгүүлбэр бичсэн байна.  

Тухайн нийтлэлд хавсаргасан гурван зургийг Google Lens ашиглан өмнө нь өөр мэдээллийн сайтад ашиглагдаж байсан эсэхийг шалгасан. Хайлтын үр дүнд  Олон улсын баримт шалгах сүлжээний баталгаат эрхтэй байгууллага болох Snopes 2015 онд эхний зурагт баримт шалгалт хийсэн байна. Уг зураг нь 2013 оны дөрөвдүгээр сараас хойш онлайнаар тархсан бөгөөд “Иракийн төрөлхийн гажигтай хүүхдийн зургийг дүрсэлсэн” хэмээн Snopes -оос тайлбарлан мэдээлжээ.

Мөн 11 жилийн өмнө буюу 2014 онд тус нийтлэлд хавсаргасан төрөлхийн гажигтай хоёр хүүхдийн зурагтай ижил дүрс, бичлэгтэй мэдээг Democracy Now телевиз мэдээлж байжээ. Уг мэдээнд “АНУ-ын цэргийнхэн Ирак руу довтлохдоо хаягдал уран болон цагаан фосфор их хэмжээгээр хэрэглэснээс үүдэж, хорт хавдар, төрөлхийн гажигтай хүүхдүүд төрж буй хэмээн сэжиглэж байгаа”-г дурдсан юм.

2012 онд Европын парламент цахим хуудсандаа байршуулсан “Иракт ургийн гажиг асар их өссөн байна” хэмээх гарчигтай нийтлэлдээ “Америкийн цэргийнхэн Фаллужа хотыг 2003 онд бөмбөгдөхдөө цагаан фосфор хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч, хаягдал ураныг ашиглаагүй гэдэг байр суурь илэрхийлдэг” гэжээ. Уг асуудал нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулсан сэдэв хэвээр байна.

Хаягдал уран буюу “depleted uranium” нь байгалийн уранаас ялган авсан, цөмийн реакторт ашигласаны дараах үлдэгдэл уран юм. Энэ нь өндөр нягтралтай тул ихэвчлэн танк устгах сум, хуяг нэвтлэх галт хэрэгсэл, зарим төрлийн пуужинд ашиглагддаг байна. 

Хаягдал уран буюу “depleted uranium”-ийн үр дагавар

  • Хаягдал уран буюу “depleted uranium” нь байгальд удаан хугацаанд хадгалагддаг. Мөн дайралт болсон газруудад ураны үлдэгдэл шороонд шингэж, ундны усыг бохирдуулж болзошгүй аюултай байна. 
  • Түүнчлэн амьсгал, арьс болон шархаар дамжин хүний бие рүү ордог бөгөөд хавдрын шалтгаан болохоос гадна ДНХ-д гэмтэл учруулах нөлөөтэй байдаг байна. 

Харин цагаан фосфорын хувьд хүний арьс болон нүдэнд хүрэх үед ноцтой түлэгддэг ба амьсгалбал уушги, дотоод эрхтнийг гэмтээдэг байна. Олон улсын гэрээгээр хүний эсрэг ашиглахыг хориглосон боловч АНУ, Израил зэрэг орон ашигласан тохиолдол бий.

  • Шууд хор хөнөөлийн хувьд – Цагаан фосфор илүү аюултай.
  • Урт хугацааны үр дагаврын хувьд – Хаягдал уран буюу “depleted uranium”  илүү хортой.

Иракт дайны дараа ургийн гажигтай хүүхдийн тоо ихэсжээ

2012 онд “National Library of Medicine” буюу Америкийн Үндэсний Биотехнологийн хүрээлэнгээс Фаллужа хотод хүүхдийн эндэгдэл болон ургийн гажигтай төрөлт өндөр хувьтай байна гэж мэдээлжээ. 2009 оны 09 дүгээр сард Фаллужагийн нэгдсэн эмнэлэгт 170 хүүхэд мэндэлсний 24% нь долоо хоногийн дотор нас барсан ба тэдний 75% нь хоёр толгойтой, толгойгүй, духандаа ганц нүдтэй, гар хөлгүй төрсөн хүүхдүүд зэрэг гажигтай байжээ. Дайнаас өмнө буюу 2002 оны 08 дугаар сарын харьцуулсан мэдээллээр 530 төрөлт бүртгэгдсэнээс зургаа нь нас барж, зөвхөн нэг нь гажигтай байжээ. 

Иракийн эрүүл мэндийн яам-наас тухайн улсын зарим бүс нутагт гажигтай төрөлтийн түвшин өнөөдрийн байдлаар:

  • Духок: 1000 төрөлтөд 4.7 мэдрэлийн хоолойн гажиг буюу (NTD) 
  • Багдад: 1000 төрөлтөд 5.95 NTD гэсэн судалгааг тайлагнасан байна. 

Ирак дахь бусад төрлийн ургийн гажиг: 

  • Яс, булчингийн гажиг нь төрөлхийн гажигтай хүмүүсийн 33 хувийг эзэлж байна
  • Төрөхийн гажигтай хүмүүсийн 11.9 хувийг хоол боловсруулах эрхтний гажиг эзэлж байна
  • Шээс бэлгийн замын гажиг нь ургийн гажигтай хүмүүсийн 1.8 хувийг эзэлж байна
  • Төрөлхийн гажигтай хүүхдийн 1.8 хувийг төрөлхийн өвчлөл эзэлж байгаа юм. 

Монгол Улсын ураны анхны судалгааг 1948 онд ЗХУ-ын Геологийн яамны Дорнодын экспедиц хийж байсан.Түүнчлэн 1997 онд хуучин нэрээр тухайн үеийн Арева компанийн Кожеговь ХХК (одоогийн Орано Майнинг компанийн Бадрах энержи ХХК) Монгол Улсад геологи хайгуулын ажлыг эхлүүлсэн юм. Ийнхүү 2006 онд 7000 гаруй тонны нөөцтэй Дулаан Уул, 2010 онд 93 мянга гаруй тонны нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээж, албан ёсоор нөөцийг нь бүртгүүлсэн байна. 

Үүнээс харахад орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй ураныг судалж эхэлсэн он цагаас тоолбол 78 жил,  “Орано Майнинг” компанийн охин компани “Бадрах энержи” албан ёсоор орж ирж, геологийн хайгуул хийснээс хойш 27 жилийн хугацаанд олон удаагийн тооцоо судалгаа, шинжилгээнд үндэслэн батлагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. 

Ингэхдээ Газар доор уусган олборлох (ГДУО) аргыг ашиглаж буй бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй юм. Дэлхийн олон оронд зэс, лити, кали зэрэг эрдсийг олборлох зорилгоор ашигладаг арга аж. Мөн хүн, малын ундны усыг хэрэглэхгүй, уурхайлан малтахгүй, хүнд машин механизм шаардлагагүй, газрын гүн дэх эрдэст усыг маш бага хэмжээгээр ашигладгаараа давуу талтай

Уран олборлоход ундны усны эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй хэмээн таамагладаг ч тус компанийн байгаль орчин, гидрогеологийн багийнхан хууль, журмын дагуу усны хяналтыг цаг тухайд нь гүйцэтгэн ажиллаж, хяналтын цооногоор дамжуулан газрын доорх усны чанар, хэмжээг хянадаг ба малчдын худаг, булаг шандаас дээж авч, хөрсний усны статик түвшнийг хянадаг байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас харахад ураны хайгуул хийж буй Дорноговь аймагт 2016-2023 оны хооронд нийт 8,667 төрөлт бүртгэгдсэнээс төрөлхийн гажигтай төрсөн хүүхдийн тоо нийт 53 байна. Бусад аймгийн хувьд ч ойролцоо гарсан байна. Эдгээр хүүхдийн төрөлхийн ургийн гажигийн шалтгааныг уранаас болсон гэж дүгнэсэн баримт одоогоор байхгүй.

2016-2024 оны хооронд төрөлхийн гажигтай төрсөн хүүхэд, бүс, аймаг, нийслэлээр, сараар. Эх сурвалж: ҮСХ

Эхийн хэвлийд бойжиж буй ургийн зарим эд эрхтэн үүсэн бий болох явцад ямар нэг таагүй хүчин зүйл нөлөөлж, хэвийн хөгжих боломжгүй болсоноос үүсэх эмгэг байдлыг төрөлхийн гаж хөгжил гэдэг. 4000 гаруй төрөлхийн гаж хөгжил байдаг бөгөөд эмчилгээ шаардлагагүй хөнгөн зэргээс эхлээд хөгжлийн бэрхшээлд хүргэж, эмийн болон мэс заслын эмчилгээ шаардагддаг хүнд зэргийн төрөлхийн гаж хөгжлүүд бий.

Дүгнээд хэлбэл, АНУ Иракийн дайны үеэр ашигласан гэх цагаан фосфор, хаягдал ураны сөрөг нөлөөгөөр ургийн гажигтай төрсөн тохиолдол 20 гаруй хувиар ихэссэн судалгаа байна. Харин Монголд ураны хайгуул хийсэн 27 жилийн хугацаанд ургийн гажигтай төрөлтийн хэмжээ өөрчлөгдөөгүй ба одоо эхэлж буй газар доор уусган олборлох аргаар ураны шар нунтаг ялгах технологи нь дайны үеийн зэвсэглэлээс өөр юм. 

Энэ ялгааг тодруулахгүйгээр уран аюултай гэх хирдхийлгэм зураг, бичлэг түгээж байгаа нь олон нийтийг айдаст автуулж, бодит мэдээллийг хүлээж авах боломжгүйгээр төөрөгдүүлж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Маргааш ураныг эсэргүүцэх жагсаалтай” гэсэн тайлбарын хамт гурван төрөлхийн гажигтай хүүхдүүдийн зургийг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document