2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Наранхүүгийн Таванцэцэг нэртэй хаягаас “Тэтгэмж хүссэн гишүүд гэнээ. Ханаж цаддаггүй ёроолгүй шуналтай улс юмаа. Эдэнд өгөх тэтгэмжээ ядаж хорт хавдартай иргэндээ зарцуулж нэг Монгол хүнээ ч гэсэн эрүүл болгож болдоггүй юм байх даа” гэсэн тайлбарын хамт хэсэг гишүүдийн зургийг нийтэлжээ. Уг пост 494 реакц, 312 сэтгэгдэл авч, 297 удаа цааш түгээгдсэн байна. Хавсаргасан зурагт Ug.mn сайтын лого байршуулсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Ug.mn сайтын пэйжээс дээрх мэдээллийг хайхад илэрцгүй. Тиймээс уг мэдээлэлд ашигласан зургийг дуурайлган хийсэн, эсвэл постолж түгээснийхээ дараа устгасан байх магадлалтай. Анхдагч эх сурвалжийг устгах нь хуурамч мэдээлэл түгээгчдийн нэг технологи гэж үздэг.
Мэдээлэл дэх агуулга нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41.9 дэх заалттай холбоотой байхаар байна. Тус заалтад “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэж заасан байна.

- Уг хуулийн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл өргөн барих тухай хэлэлцүүлэг явж буй.
Түүнчлэн 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн Graph.mn сайт УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодруулга авсан байна. Тэрээр “…Ажил олгогч нь ажилтныхаа тэтгэмж авсан эсэхийг бусад хүнд задруулдаггүйтэй адил хэн гэдэг, хэдэн гишүүн байсан хүн тэтгэмж хүссэн талаар мэдээлэх боломжгүй. Тэгэхээр цахимаар явж байгаа мэдээлэл бол ташаа гэсэн үг” гэж мэдээлсэн байна.
Логикоор авч үзэхэд, мэдээлэлд хавсаргасан “экс” гишүүдийн зураг дунд одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй Г.Занданшатар, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар зэрэг одоо ажил эрхэлж буй хүмүүс багтсан байна. Түүнчлэн өнгөрсөн оны 06 дугаар сард бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүд тухай үед тэтгэмжээ хүссэн байх шаардагатай болохоос найман сарын дараа буюу дараа оны 01 дүгээр сард нь тэтгэмж хүссэн байх боломжгүй юм.
Дүгнээд үзвэл, мэдээлэлд хавсаргасан зураг дахь эх сурвалжид нь тус мэдээлэл байхгүй (эсвэл устгасан) ба УИХ-ын Тамгын газраас няцаасан мэдээллийг түгээж байна.




