Search

Хотын төвөөр төлбөртэй зорчих зохицуулалт хуулиас хасагдсан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1283

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Баруун 4 замаас Зүүн 4 замын хооронд нэг удаа зорчиход 27000₮ төлнө” гэсэн агуулгатай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй бичлэгт хоёр жилийн өмнөх мэдэгдлийг өнөө цагт болж буй мэтээр түгээж, тодорхой тайлбаргүй бичсэн нь олон нийтийн дунд төөрөгдлийг бий болгож байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Улаан дүрс нэртэй хуудсаас “Баруун 4 замаас Зүүн 4 замын хооронд 1 удаа зорчиход 27000₮ төлнө” гэсэн тайлбартай бичлэгийг нийтэлжээ. Уг бичлэг 4300 реакц, 4900 сэтгэгдэл авч, 5000 гаруй удаа цааш түгээгдсэн байна. 

Тухайн бичлэгт Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар төлбөртэй бүсийн зохицуулалтын тухай ярьж байгаа бөгөөд уг дүрсэнд Zuv.mn-ий лого байгаа юм. Иймд анхдагч эх сурвалж болох Zuv.mn-ий хуудсаас дээрх агуулгын дагуу хайлт хийхэд 2023 оны 10 дугаар сарын 29-ний бичлэг илэрлээ. Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар тухайн зохицуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлсэн ч энэ хүрээнд баталсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуульд дээрх заалтыг тусгаагүй байна. Энэ нь төлбөртэй бүсийг бий болгохоор хэлэлцэж, олон нийтэд мэдээлж байсан ч хэрэгжүүлэхээргүй болсон гэсэн үг юм.  

Засаг дарга Х.Нямбаатар хоёр жилийн өмнө Нийслэл хот байгуулагдсаны ойн өдөр түгээсэн мэдээлэл
  • Харин шалгаж буй бичлэгт хоёр жилийн өмнөх мэдэгдлийг өнөө цагт болж буй мэтээр түгээж, тодорхой тайлбаргүй бичсэн нь олон нийтийн дунд төөрөгдлийг бий болгож байна.  

Мөн шалгаж буй бичлэгийн тайлбарт бичсэн 27,000 төгрөгийн үнийн дүнгийн талаар бидний хийсэн баримт шалгалтыг “энд“-ээс уншаарай. Хотын дарга Х.Нямбаатар төлбөртэй бүсийн төлөвлөлтийн талаар танилцуулах үедээ “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төлбөртэй бүс тогтоох эрхтэй болсны дараа 0 төгрөгөөс 27,000 хүртэлх төгрөгийн тарифыг тогтооно. 2000₮, 5000₮, 10,000₮ байж болно” гэж хэлж байсан байна.

Үүнээс гадна 20 минутын бүтэн бичлэгээс тодорхой хэсгийг тасалж түгээснээр мэдээллийн үндсэн агуулга алдагдаж, төөрөгдүүлэхээр байна. Энэ мэтчилэн аливаа бичлэгийг тасалж түгээх нь мэдээлэл хэт нэг талыг барьж, мушгин гуйвуулсан мэтээр олон нийтэд хүрдэг. 

~~~

Олон нийтийн сүлжээгээр хуучин мэдээллийг шинэ мэтээр түгээх нь нийгэмд төөрөгдөл, үл ойлголцлыг үүсгэх эрсдэлтэй. Ийм төрлийн мэдээлэл нь цаг хугацаа, нөхцөл байдал, учир шалтгаан зэргийг тодорхой дурдаагүйгээс үүдсэн байдаг. Энэ нь зарим чухал мэдээллийг санамсаргүй орхигдуулсан тохиолдолд үүсэх магадлалтай ч ихэнх тохиолдолд хүмүүсийн санаа бодолд нөлөөлөх зорилгоор санаатайгаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх нь бий.  

Иймд ямар нэгэн мэдээллийг нийтэлж, хуваалцахаасаа өмнө эх сурвалжийг сайтар шалгаж, тухайн мэдээлэл хуучирсан эсэхийг баталгаажуулж байгаарай.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Баруун 4 замаас Зүүн 4 замын хооронд нэг удаа зорчиход 27000₮ төлнө” гэсэн агуулгатай мэдээллийг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document