Search

Сонгиныг хөлийн уланд тавьж ханиад эмчлэх шинжлэх ухааны үндэслэл, судалгаа байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1281

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хүүхэд нь хий ханиалгаад, нус гоожиж, цэртэй байгаад байвал энэ аргыг туршаад үзээрэй. Хэрчсэн сонгиноо 2 хөлийн уланд нь тавьж, оймсыг нь өмсүүлээд 20-60 минут байлгаарай” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өнөөдрийн байдлаар хэрчсэн сонгино оймсондоо хийснээр ханиадыг эдгээдэг гэсэн ШУ-ны судалгаа, шинжилгээ байхгүй.

2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр MamyPoko Mongolia гэх пэйж “Хүүхэд нь хий ханиалгаад, нус гоожиж, цэртэй байгаад байвал энэ аргыг туршаад үзээрэй. Хэрчсэн сонгиноо 2 хөлийн уланд нь тавьж, оймсыг нь өмсүүлээд 20-60 минут байлгаарай” гэх заавар бүхий рийл түгээжээ. Уг рийл нь 6200 гаруй реакц, 207 сэтгэгдэл авч, 4100 гаруй удаа цааш түгээгджээ.

Шинжлэх ухаан, судалгаа үүний талаар юу гэж байна вэ?

Сонгино оймсондоо юм уу биеийнхээ аль нэг хэсэгт тавьснаар ханиадыг эдгээх тал дээр тодорхой нарийвчилсан судалгаа өнөөдрийн байдлаар хийгдээгүй аж. Харин цахим орчинд сонгино оймсондоо хийснээр ханиадыг эдгээх боломжтой гэсэн нийтлэлүүд олон байдаг боловч аль нь ч ямар нэг судалгаа, шинжилгээ, баримт дурдаагүй байдаг. Мөн энэхүү аргыг хэрэглэснээр ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй аж.

Хөлийн уландаа сонгино тавих нь ханиад болон бусад олон өвчнийг эмчилдэг гэх худал мэдээлэл олон жилийн турш интернэтэд тархаж байгаа бөгөөд SnopesLead StoriesAFPAP News, VERA Files гэх мэт Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд дээрхтэй ижил, төстэй мэдээллүүдийг худал гэдгийг нь тогтоосон.

Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь аливаа өвчин, вирусийг сорж авах чадваргүй бөгөөд хүний бие дэх эсвэл агаар дахь вирус, нянг устгаж цэвэршүүлэхгүй юм.

Макгиллын их сургуулийн шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд тайлбарлах зорилготой Шинжлэх ухаан ба Нийгмийн оффисын захирал доктор Жое Шварц “Дээрх мэдээлэл нь хөлийн ул нь биеийн дотор эрхтэнүүдтэй холбогддог ба сонгинод агуулагддаг нэгдлүүд нь улаар дамжин хорт бодисыг устгадаг гэх төөрөгдөлд суурилсан” гэж Australian Associated Press-д мэдээлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “сонгинод нянгийн эсрэг зарим үйлчилгээ байдаг ч… энэ нь ямар ч практик хэрэглээгүй” гэж мэдэгджээ. Тийм учраас сонгиныг хөлийн уландаа биш хайруулын тавгандаа тавихыг доктор Шварц зөвлөсөн байна. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгч “Сонгиныг хөлийн уландаа тавих нь ковид-19, хавдар, хумхаа, эвсэл өөр ямар ч хамаагүй өвчнийг эдгээхгүй” гэж AFP Fact Check-д мэдэгджээ.

Хөлийн цэгэн эмчилгээ нь ямар нэг өвчнийг эдгээдэг гэсэн судалгаа маш цөөн тооны байдаг. Зарим судалгаагаар халдварыг улам дордуулдаг гэсэн үр дүн гарчээ.

“Сонгиноор ханиадыг эмчлэнэ” гэх энэ мэдээлэл хаанаас гаралтай вэ?

Сонгиноор ханиадыг эмчлэх аргыг Хятадын уламжлалт анагаах ухааны хөлийн цэгэн эмчилгээ болон дундад зууны Европоос гаралтай гэж үздэг. Хятадын уламжлалт шинжлэх ухаанд хүний бие 12 үндсэн голчилтой (меридиан) бөгөөд голчил нь биеийн бүх эрхтэнд хүрдэг нэгэн төрлийн зам, суваг юм. Үүний зургаа нь хөлөөр дамжин өнгөрдөг аж.

Харин дундад зууны Европт тахлын үед халдварт өвчнийг багасгах зорилгоор хэрчсэн сонгино гэртээ байршуулж байжээ.

Шинжлэх ухаан, эрдэмтэд нянг нээн илрүүлэхээс өмнө, хүмүүс түүхий сонгиныг агаар цэвэршүүлдэг гэдэгт итгэж, ашигладаг байжээ. Хөлийн улны арьсанд сонгино нааж тавих нь цус цэвэрлэх тустай гэж хүмүүс боддог бөгөөд ингэснээр ханиадыг эдгээдэг гэж үздэг байжээ.

Зөвлөмж

Гэрийн нөхцөлд ханиадыг эдгээх аргууд дунд сонгиноос гадна үр дүн нь нотлогдсон ямар аргууд байна вэ?

  • Зөгийн бал, нимбэгтэй цай уух. Хоолой өвдөлтийг намдаана. Нэгэн судалгаагаар зөгийн бал нь ханиадыг багасгадаг гэсэн үр дүн гарсан.
  • Цагаа гаатай халуун ус уух. Ханиаднаас болж гэдэс эвгүйрсэн мэдрэмжийг буулгана.
  • Давстай усаар хоолойгоо зайлах. Амьсгалын замын халдвараас сэргийлнэ.

Дүгнээд хэлбэл, оймсондоо сонгино хийх энэхүү аргыг хэрэглэснээр ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй хэдий ч ханиадыг эдгээдэг гэсэн судалгаа, нотолгоо байхгүй юм. Үүний оронд сонгино идэх нь дархлааг дэмжих тустай. Учир нь сонгино, саримс зэрэг ногоо нь С витаминаар баялаг билээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document