Search

Түймэрт шатаагүй үлдсэн байшинг өөр өөр тайлбартай түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1279

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Калифорнийн түймрийн гамшигт нэгэн гэр бүлийн байшин шатаагүй үлджээ. Гэрийн эзэн нь Африкийн ядуу хүүхдүүдэд туслах буяны ажил хийдэг ба галд үлдсэн байшинг түүний шүтдэг тэнгэр бурхад нь хамгаалсан бололтой” гэсэн агуулгатай мэдээллийг зургийн хамт түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хавайн Мауи мужийн Лахайнад болсон түймрийн гамшгийн үеэр шатаагүй үлдсэн байшингийн шалтгааныг өөр өөрөөр тайлбарлан бичиж, төөрөгдүүлж байна.

2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Нүүдэлчин Монголчууд нэртэй хуудаснаас “Калифорнийн түймрийн гамшигт нэгэн гэр бүлийн байшин шатаагүй үлджээ. Гэрийн эзэн нь Африкийн ядуу хүүхдүүдэд туслах буяны ажил хийдэг ба галд үлдсэн байшинг түүний шүтдэг тэнгэр бурхад нь хамгаалсан бололтой гэмээр энэ нь мөн үйлийн үр болон буянтай холбоотой байж болох энэ байшингийн эзэн нь үргэлж энх тайван байж эд хөрөнгийн хохиролгүй аливаа аюулаас хохиролгүй үлдэж байдаг гэнээ” гэсэн тайлбартай нэгэн зургийг нийтэлжээ. Уг пост 1,100 реакц, 146 сэтгэгдэл авч, 205 удаа цааш түгээгдсэн байна. 

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг эвлүүлсэн эсэхийг Mever хэрэглүүрээр шалгахад, эвлүүлэг ороогүй байна. Энэхүү хэрэглүүр нь эвлүүлсэн хэсгийг улаан өнгөөр, оргиналыг цэнхэр өнгөөр ялгаж өгдөг.

Уг мэдээллийг шалгахын тулд тухайн зургийг Google lens ашиглан хайлт хийлээ. Тухайн үйл явдал нь 2023 онд Хавайн Мауи мужийн Лахайнад болсон түймрийн гамшгийн үеэр тохиолдсон байна. Энэ талаарх байшингийн эзний яриаг BCC сайт мэдээлжээ. Гэрийн эзэд 100 жилийн настай үл хөдлөх хөрөнгө худалдан авч, сэргээн засварласан байна. Ингэхдээ байшингийн асфальтан дээврийг хүнд металл дээврээр сольж, байшинг голын чулуугаар хүрээлэн, эргэн тойрны мод, бут сөөгийг устгасан байна. Эдгээр засварын ажил нь байшинг аварсан байж магадгүй гэж гэрийн эзэд АНУ-ын хэвлэлд ярьжээ. Мөн тухайн байшин бусад байшингаас зайтай баригдсан нь энэхүү аюулаас аварсан байх магадлалтай гэсэн байна.

Харин цахим орчинд дээрх байшингийн зургийг ашиглан усны шугам, галын систем, шашин шүтлэг зэрэгтэй холбоотой тайлбар бичиж, төөрөгдүүлсэн мэдээллийг түгээж байна. (энд, энд, энд бас энд). Байшингийн аюулгүй үлдсэн нь сэргээн засварлалтын явцад хийсэн тохижилттой холбоотой. Гэрийн эзэд байшингийн ойролцоо гал авалцаж болзошгүй ургамлыг устгаж, галд тэсвэртэй дээвэр, голын чулуу зэргийг ашигласан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document