Search

Сөрөг нөлөө ихтэй “мөнгөжүүлсэн ус”-ыг аюулгүй мэтээр сурталчлан, борлуулж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1277

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Мөнгөжүүлсэн ус нэрж эхэлсэн эхний 8 жилдээ өдөр болгон 1 литр colloidal silver уудаг”  “хүүхдүүддээ төрсөн өдрөөс нь мөнгөжүүлсэн ус өгсөн ба ямар ч вакцин тариулаагүй эрүүл саруул өссөж торнисон байна” гэх мэт мэдээлэл түгээж байна.

Баримт шалгалтын үр дүн

“Мөнгөжүүлсэн ус” нь бөөр, элэгний гэмтэл үүсгэх, төв мэдрэлийн системийг гэмтээх, саа өвчин үүсгэх аюултай тул ууж, залгиж огт болохгүй. Мөн аргироз /арьс хөхрөх эмгэг/ үүсэж, насан туршдаа арилахгүй. Түүнчлэн Монгол Улсын Эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд байхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

Манай төвийн “АСУУ” чатботоор нэгэн цахим хэрэглэгч “Гэдэс” нэртэй группт хүүхдүүд ханиад хүрэх болон бусад үед мөнгөжүүлсэн усыг уух, утах зэргээр хэрэглүүлдэг. Монголд үйлдвэрлэж, антибиотик эмэн эмчилгээний оронд хэрэглэхийг зөвлөж байгаа энэ бүтээгдэхүүний талаар үнэн бодит мэдээлэл өгч, шалгуулах хүсэлтээ ирүүлсэн юм.

Бид хүсэлтийн дагуу тухайн группийн талаар судлахад 56,700 гаруй гишүүнтэй хаалттай групп байлаа.

Тархсан байдлын үнэлгээ:

Группт элссэний дараа доторх мэдээллүүдийг ажиглавал мөнгөжүүлсэн ус болон мөнгөжүүлсэн усны холимог, бусад хэд хэдэн төрлийн витамины талаарх хэрэглэгчдийн сэтгэгдэл бүхий постууд, мөн админы постууд ордог байна.  

Эндээс бид мөнгөжүүлсэн усны талаарх 2024 оны 12 дугаар сарын 20-нд админы оруулсан постод үндэслэн агуулгыг нь шалгалаа. Тус постод группийн гишүүний мессежийг хавсаргаж, админ тайлбар хийсэн байна. 

Админы бичсэн тайлбар:  

  1. Мөнгөжүүлсэн ус эмийн төрөл биш хүнсний бүдээгдэхүүнд орно. Америкийн бүх хүнсний сүлжээ дэлгүүрээр зарагддаг.
  2. Мөнгөжүүлсэн устай холбоотой нэг ч хордлого, үхэл бүртгэгдэж байгаагүй. 
  3. Хүмүүс гэртээ буруу нэрж, өдөр бүр их хэмжээгээр ууснаас арьс цэнхэр өнгөтэй болдог. Ийм тохиолдол нийт арван хэд л албан ёсоор бүртгэгдсэн гэсэн.
  4. Мөнгөжүүлсэн ус бол хамгийн аюулгүй зүйл. Манай группд ч гэсэн 2 жил гаран хүмүүс хүүхдүүд хэрэглэж байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн муу зүйл сонсогдоогүй. 
  5. Олон мянган хүүхдийг хөнгөн аргаар ханиад томуу, чихний өвчлөл зэргээс салгаж өгсөн байх” гэжээ.  

Бид фэйсбүүкт “мөнгөжүүлсэн ус” гэх түлхүүр үгээр хайхад “Мөнгөжүүлсэн Шидэт ус” пэйж, “Мөнгөжүүлсэн ус хэрэглэгчдийн групп”, “Шидэт мөнгөжүүлсэн ус хүргэлт” зэрэг хэд хэдэн суваг гарч ирж байна. 

  •  “Мөнгөжүүлсэн Шидэт ус” пэйжийн танилцуулга тайлбарт “Бүх насны хэрэглэгчдэд зориулсан дархлаа дэмждэг, нян бактери, вирус, мөнгөөцөр устгадаг Мөнгөжүүлсэн Шидэт Усны үндэсний үйлдвэрлэгч” гэжээ. 2025 оны 01 дүгээр сарын 12-нд энэ пэйжэд “Мөнгөжүүлсэн ус хоргүй. Мөнгөжүүлсэн усны группийн нэг админ гэхэд мөнгөжүүлсэн ус нэрж эхэлсэн эхний 8 жилдээ өдөр болгон 1 литр colloidal silver уудаг байсан бөгөөд түүний 2 охин хүүхдүүддээ төрсөн өдрөөс нь мөнгөжүүлсэн ус өгсөн ба ямар ч вакцин тариулаагүй эрүүл саруул өссөж торнисон байна. Бас 75 настай өвгөн хатгаагаар эмнэлэгт сэхээнд байсан ба эмч нар түүнийг бараг найдлагагүй гэхэд нь гэрийнхэн нь colloidal silver 8 цагийн турш тасралтгүй өдөр болгон утахад 7 хоногийн дараа эдгэрээд гэртээ харьсан тохиолдол хүртэл байдаг гэнэ шүү.” гэсэн пост оруулсан байна. Түүнчлэн, постын төгсгөлдөө “Манай үүсгэн байгуулагчдийн нэг болох Саруулын өөрийн хөтөлдөг Гэдэс пэйжнээс мэдээллийг авав.” хэмээжээ.
  • Тэгэхээр эдгээр групп, пэйж нь хоорондоо холбоотой буюу үүсгэн байгуулагчид нь ижил болж таарч байна. 

Мөнгөжүүлсэн усыг чих, нүд рүү дусааж, ууж хэрэглэхийг зөвлөсөн нь АЮУЛТАЙ

2024 оны 11 дүгээр сарын 30-нд мөнгөжүүлсэн усны найрлага болон хэрэглэх заавартай холбоотойгоор пэйжэд оруулсан постод “Мөнгөжүүлсэн ус 2 хон найрлагатай. Нэгт ус, нөгөө нь 99,99% цэвэр мөнгө.  Би мөнгөжүүлсэн усны заавар дээрээ хамгийн бага тунгаар уухаар зоож өгсөн байгаа. Би өөрөө бол цаг тутамд уухыг зөвлөдөг. Мөн өдөрт 4 удаа аль болох удаан хугацаагаар утахыг санал болгодог. Гэхдээ энэ баримжааг барьчихад болно. Насанд хүрсэн хүн дархлаа дэмжихийн тулд өдөрт 20-50 ml ууж болно Харин хүнд өвчнийг эмчлэхэд 100mg хүртэл өдөрт уувал сайн. Хүүхдүүд урьдчилан сэргийлэх тунгаар өдөрт 5 ml 2-3 удаа. Өвчин эмгэгийн үед 5 ml цаг тутамд, Нярай хүүхдэд 1-3 ml цаг тутамд өгч болно. Мөн чихрүү нүдрүү дусааж, хатиг, шарх, түлэгдэлт, тууралт дээр мөн түрхэж хэрэглэнэ. Хоолны хордлогод хэрэглэнэ” гэжээ. 

Бид дээрх постуудын агуулгыг баримтаар нягталж, бодит мэдээллүүдийг доор хүргэж байна. 

Мөнгөжүүлсэн усыг олон улсад хуурамч сурталчилгаа хийхийг хориглодог талаар бид өмнө нь баримт шалгалтдаа дурдаж байсан

Манай төвөөс 2023 оны 10 дугаар сарын 27-нд мөнгөжүүлсэн усны талаарх баримт шалгалт гарган, олон нийтэд хүргэж байсан. Баримт шалгалтын үр дүнгээс хураангуйлан хүргэе. 

  • Мөнгөжүүлсэн усыг антибиотикыг нээхээс өмнө шарх ариутгахаар хэрэглэж байсан ч хэрэглээнээс гарсан.  
  • Орчин цагт мөнгөжүүлсэн усыг гоо сайхны болон шарх ариутгах зорилгоор зарим бүтээгдэхүүнд нэмэлт орцоор ашиглаж буй.  
  • АНУ-ын Хүнс, эмийн агентлаг болон Холбооны худалдааны комиссоос мөнгөжүүлсэн усыг нянгийн эсрэг үйлчилгээтэй хэмээн сурталчлахыг хориглох тухай мэдэгдэж байсан. 
  • Австралийн ЭМЯ-ны харьяа хяналтын газар нь мөнгөжүүлсэн усыг эрүүл мэндэд тустай хэмээн сурталчлахыг хориглодог. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж бүртгэдэггүй.  
  • Европын комиссоос 2000 онд гаргасан “Мөнгөжүүлсэн усыг ууж хэрэглэхийг сурталчлахыг хориглох” шийдвэр хүчинтэй хэвээр байна. 
  • АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас мөнгөжүүлсэн ус нь аюулгүй сонголт биш бөгөөд ямарваа өвчин эмгэгийн үед онцын нөлөөгүй болохыг тогтмол анхааруулдаг. 
  • Мөнгөжүүлсэн ус ноцтой гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хамгийн нийтлэг нь аргироз буюу биеийн эд, эсүүдэд мөнгө хуримтлагдсанаар арьс хөх-саарал болох эмгэг. Энэ тохиолдолд арьс буцаж хэвэндээ орохгүй, эдгэдэггүй. 
  • Мөнгөжүүлсэн ус нь бамбай булчирхайн эм болон антибиотикийн нөлөөг сулруулдаг.

Мөнгөжүүлсэн усны хор хөнөөл, сөрөг үр дагаврын талаарх шинэ судалгаа, баталгаат эх сурвалжуудын мэдээлэл

1. АНУ-ын Кливлэнд Клиникийн мэдээлэл, (2024.06.11) 

“Эрүүл мэндийн асуудлаа шийдэхийн тулд мөнгөжүүлсэн ус авах талаар бодож байгаа танд өгөх энгийн зөвлөгөө: БҮҮ АВ” гэх өгүүлбэрийг энэ мэдээллийн хамгийн эхэнд онцолжээ.  

Мөнгөжүүлсэн ус хэрэглэснээр гарах эрсдэлүүд (Кливлэнд Клиникийн эмч, Анагаах ухааны доктор Мелисса Яангийн мэдээлэл): 

  • “Мөнгөжүүлсэн усыг ямар ч нөхцөлд жоргүй хэрэглэдэг нэмэлт бүтээгдэхүүн шиг ууж болохгүй. Энэ нь хор хөнөөл учруулж болно. 
  • Мөнгөжүүлсэн ус нь хор учруулж болох бохирдлууд агуулж болно. Мөнгө нь бөөр, элэгний үйл ажиллагаанд саад болж, төв мэдрэлийн системийг гэмтээдэг нь судалгаагаар батлагдсан” гэжээ.

2. WebMD эрүүл мэндийн корпорацийн мэдээлэл, 2024.04.18 

  • Мөнгөжүүлсэн ус нь бөөрний гэмтэл, саа өвчний аюулт сөрөг үр дагавар үүсгэдэг. 
  • Зарим арьсны шархыг эмчлэхэд тусалдаг ч бусад эрүүл мэндийн асуудалд ач холбогдолтой гэсэн нотолгоо байхгүй. Хэзээ ч залгиж болохгүйг анхааруулжээ. 
  • Мөнгөжүүлсэн ус аюулгүй зүйл биш. Арьсны өнгө өөрчлөгдөх, эд эрхтэн гэмтэх шалтгаан болж болно. Европын Холбооноос мөнгөжүүлсэн бүтээгдэхүүнийг уух, залгих мэтээр хэрэглэхийг хориглосон. 
  • Өдөр бүр биеийн жингийн килограмм тутамд 6.5 микрограммаас илүү мөнгө уувал илт сөрөг үр дагавар гарч болно хэмээн ДЭМБ-аас мэдэгджээ. 
  • АНУ-ын Байгаль орчинг хамгаалах агентлагаас өдөр бүр биеийн жингийн нэг килограмм тутамд 5 микрограмм мөнгө уух/залгих нь амь насанд хортой гэжээ. Мөн венийн судсанд 50 мг буюу түүнээс дээш мөнгө орвол хүнийг үхэлд хүргэдэг нь судалгаагаар тогтоогджээ. 
  • Мөнгө зөвхөн нянгийн эсийг устгаад зогсохгүй хүний эсийг ч устгаж болзошгүй.

3. Америкийн Healthline Media эрүүл мэндийн компанийн мэдээлэл, 2024.09.06 

  • АНУ-д мөнгөжүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд нь Хүнс, эмийн агентлагаас зөвшөөрөл авч байж бүтээгдэхүүнээ зах зээлд гаргадаг. Эс бөгөөс хяналтын арга хэмжээ авхуулдаг. 
  • Мөнгөжүүлсэн усан дахь мөнгөний жижиг хэсгүүдийн хэмжээ өөр өөр байдаг ч зарим нь маш жижиг учраас нано хэсгүүд гэж нэрлэдэг. Тэдгээр нь 100 нанометрээс бага хэмжээтэй бөгөөд энгийн нүдээр харагдахгүй гэсэн үг. 
  • Зарим хүн Боррелеа бактераар үүсдэг үрэвсэл, сүрьеэ, ХДХВ, тэр ч байтугай хорт хавдрыг эмчлэхэд мөнгөжүүлсэн усыг тустай гэдэг боловч баталсан ямар ч судалгаа байхгүй. 
  • Туршилтын хоолой дотор мөнгөжүүлсэн ус хийн шинжлэхэд олон төрлийн бактери, мөөг, вирусийг нь устгасан боловч хүн дээр баталсан туршилт, судалгаа үгүй байна. 
  • Өнөөдрийг хүртэл мөнгөжүүлсэн усны хүний бие дээрх цорын ганц үр дүнтэй хэрэглээ нь шарх, түлэгдэлтийг намдаах гэж үздэг ч, өргөн хүрээнд маргаан дагуулсаар байна. 
  • Мөнгөжүүлсэн уснаас аргироз /арьс хөхрөх эмгэг/ үүсдэг болохыг тогтоосон олон кэйс судалгаа бий. 

Мөнгөжүүлсэн бүтээгдэхүүний ач тус хэмээн түгээмэл тархсан буруу ойлголтуудын эсрэг шинжлэх ухааны тайлбар: 

  1. Хорт хавдар: Шинжлэх ухааны үүднээс мөнгөжүүлсэн бүтээгдэхүүн нь ямар ч хорт хавдрын эсийг устгаж, тархалтыг зогсоож чадаагүй 
  2. ХДХВ ба ДОХ-ыг эмчилдэг гэсэн нотолгоо байхгүй 
  3. Дархлалын системийг сайжруулдаг гэх нотолгоо байхгүй 
  4. Чихрийн шижин өвчнийг эдгээхэд тустай гэх ямар ч нотолгоо байхгүй 
  5. COVID-19-өөс урьдчилан сэргийлж, эмчилж болно гэсэн нотолгоо байхгүй 
  6. Хамрын хөндийн үрэвсэл: Мөнгөжүүлсэн устай хамрын цацлага нь хамрын хөндийн архаг үрэвслийг эмчилдэггүйг баталсан судалгаанууд бий. 

Монгол Улсад бүртгэлтэй эсэх мэдээлэл 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын “Бүртгэлтэй эм, оношлуур, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, түүхий эд”-ийн мэдээллийн сан дахь Эм болон Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлээс “мөнгөжүүлсэн ус” нэрээр хайхад аль алинд нь илэрцгүй байлаа. Харин “мөнгөжүүлсэн уусмал” нэртэй АНУ-аас импортлодог бүтээгдэхүүн бүртгэлтэй байна.

Дүгнэлт  

  • Олон улсын судалгаа, эрүүл мэндийн баталгаат эх сурвалжуудын мэдээллээс харахад “мөнгөжүүлсэн ус” нь бөөр, элэгний гэмтэл үүсгэх, төв мэдрэлийн системийг гэмтээх, саа өвчин үүсгэх аюултай тул ууж, залгиж огт болохгүй. Мөн, хүний бие дэх бактери, мөөг, вирусийг устгадаг гэдгийг баталсан туршилт, судалгаа байхгүй байна. Борлуулалтын сувгуудаар хүмүүсийн хамгийн их оруулаад байгаа ханиад, томуу, элдэв үрэвслийг эмчилнэ гэх зөвлөгөө нь худал юм. Түүнчлэн, ууж хэрэглэвэл насан туршийн арьс хөхрөх эмгэг үүсгэдэг нь үнэн бөгөөд хамрын хөндийн үрэвслийн үед цацаж хэрэглэхэд архаг үрэвслийг эмчилдэггүй нь судалгаагаар батлагджээ.  
  • Эерэг үр дүн нь батлагдаагүй, ноцтой сөрөг нөлөө ихтэй мөнгөжүүлсэн усыг ямар ч аюулгүй, ач холбогдол өндөр мэтээр сурталчилж, олон мянган гишүүнтэй хаалттай групп болоод паблик пэйж, группүүдээр борлуулж, уух, утах зэргээр хэрэглэхийг зөвлөж байгаа нь нэг ёсондоо хүний эрүүл, амьд явах эрхэнд халдсан үйлдэл юм. 
  • Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд сөрөг нөлөөтэй байсан ч эерэг мэтээр сурталчилдаг эдгээр суваг өдрөөс өдөрт өргөжин тэлж, худал мэдээллүүд нь ам дамжсаар үнэн мэт болоход хүрсэн байна. Мөнгөжүүлсэн усыг арьсны идээ, шарханд гаднаас нь түрхэж, хэрэглэхээс биш ууж, залгиж огт болохгүйг дахин сануулж байна. Та эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байж, аливаа үрэвсэл, өвчний үед зөвхөн мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэхийг анхааруулж байна.
  • Мөнгөжүүлсэн усыг ууж хэрэглэж огт болохгүй, аюулгүй мэт сурталчлахыг хэд хэдэн улсад хориглодог. Мөн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдгийг нотолсон судалгаа байхгүй. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Мөнгөжүүлсэн ус нэрж эхэлсэн эхний 8 жилдээ өдөр болгон 1 литр colloidal silver уудаг”  “хүүхдүүддээ төрсөн өдрөөс нь мөнгөжүүлсэн ус өгсөн ба ямар ч вакцин тариулаагүй эрүүл саруул өссөж торнисон байна” гэх мэт мэдээлэл түгээж байна.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document