𝐒𝐡𝐮𝐮𝐝𝐞𝐫𝐡𝐞𝐞𝐧 𝐏• гэх фэйсбүүк хаягаас 2025.01.06-нд “2025 Та азтай дугтуйгаа сонгоод надаас гэнэтийн бэлэг авах болно. Бэлгийн дугтуй 2 ширхэг л байгаа. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэсэн тайлбарын хамт Жүжигчин П.Шүүдэрцэцгийн зургийг хавсарган пост оруулсан нь 2025.01.10-ны байдлаар 1700 гаруй реакц, 9800 гаруй сэтгэгдэл авч, 9200 гаруй удаа түгээгджээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
- Хаягийг шалгах
Пост оруулсан хаяг руу орж үзэхэд 2025 оны 01 дүгээр сарын 06-нд анх нээсэн байх бөгөөд нээсэн даруйдаа бэлэг олгоно гэх дээрх постыг оруулж, жүжигчин П.Шүүдэрцэцгийн зургийг профайл болгосон байна. Үүнээс гадна, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөн л шагнал бэлэглэнэ гэсэн пост оруулжээ.
Оруулсан постуудаас харахад тус хаяг нь олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглан нээдэг хуурамч хаягуудтай маш төстэй харагдаж буй тул бид юун түрүүнд жүжигчин П.Шүүдэрцэцгийн албан ёсны фэйсбүүк хуудсыг хайлаа. Ингэхэд, дараах хаяг гарч ирж байна. Энэ хаягийн мэдээллийг пост оруулсан хаягийнхтай харьцуулан хүргэе.
“Shuuderhen P. (Shuuderhen)” хаяг | “𝐒𝐡𝐮𝐮𝐝𝐞𝐫𝐡𝐞𝐞𝐧 𝐏•ۦۦۦ ” хаяг | |
Дагагчийн тоо | 534,000 | 367 |
Пэйжийн тухай хэсэгт | П.Шүүдэрцэцэгийн албан ёсны хуудас | Байхгүй |
Пэйжийн ангилал | Actor · Rising creator | Real Estate |
Холбоо барих суваг | Instagram, TikTok, Youtube channel-н холбоос, имэйл хаягаа оруулсан | Байхгүй |
Хувийн мэдээлэл | Боловсролын мэдээлэл, амьдардаг улсаа оруулсан | Байхгүй |
Пэйжийн админы ил тод байдал | Монгол, АНУ-д байршилтай хоёр админтай | Байхгүй |
Ийн харьцуулан харахад жүжигчин П.Шүүдэрцэцгийн албан ёсны фэйсбүүк хаяг нь Shuuderhen P. (Shuuderhen) нэртэй буюу бидний шалгасан постыг оруулсан хаяг нь хуурамч байна.
Жүжигчин П.Шүүдэрцэцгийн мэдэгдэл
Жүжигчин П.Шүүдэрцэцэг нь 2025 оны 01 дүгээр сарын 08-нд фэйсбүүк хуудастаа “Сайн нягтал, сайн шалга, сайн түгээ, луйвар байна шүү гэж ердөө 2 хуурамч миний нэр зургийг ашиглаж байнаа гээд байхад л хэдэн 100гаараа надруу бичээд би тааруулчихлаа, тэдэн удаа тэгэхээр тэдэн зуун мянгыг авна гэсэн үг үү гээд надруу бичээд байх юм!! Луйварчинд хулхидуулчихаад яагаад миний өөрийн Хаяг руу мөнгө нэхэж бичээд байдаг юм бэ? 290к шилжүүлээд 50сая болгож ав гэсэн гэхийн??? Ямар ч танихгүй хүнд сошиалаар хувийн мэдээллээ битгий өг, МАШ АЮУЛТАЙ!!! Энэ бол ЛУЙВАР!!!! ЗАЛИЛАН!!!!!! БОЛГООМЖИЛ!!!!!!” гэх агуулгатай анхааруулга пост нийтэлжээ.
Шалгасан пост дахь сэтгэгдлүүдийг ажиглахад тоо бичсэн хүмүүст “Сайн уу Amgalan Dechin! Одоо мессежээ шалгаарай Шагнал хүлээж байна” гэх ганц ижил хариуг л өгсөн байна.
Пэйжээс хариу сэтгэгдэл бичихдээ мессежээр харилцах болзол тавьсан нь цахим залилангийн шинжтэй постуудад байдаг нийтлэг “урхи” юм. Өөрөөр хэлбэл, цахим залилагчид сэтгэгдэл бичсэн хүмүүс рүү чат бичиж, утасны дугаарыг нь асуусгаад “мессежээр тоо, код явуулсан хэлж өгөөрэй”, ““багахан мөнгө шилжүүлбэл буцаан их хэмжээний шагнал, мөнгө илгээнэ” гэх мэтээр хүний хувийн мэдээллийг нь авч, дансан дахь мөнгийг нь хулгайлдаг гэсэн үг.
Дүгнэлт
Дээрхтэй төстэй цахим залилангийн шинжтэй худал мэдээллүүд нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэний дараа болон 1072 хувьцааны ногдол ашиг тараагдсаны дараа эрчимтэй түгж, хандалт нь илт нэмэгддэг.
2024 оны 12-р сард Эрдэнэс Тавантолгой 1072 хувьцааны ногдол ашиг орсон. Шалгасан постын он, сар, өдрийг харвал иргэдэд бэлэн мөнгө тараасны дараа идэвхжиж буйг харж болох юм.
Иймд, цахим хэрэглэгч та олны танил хүмүүсийн нэр, зургийг ашиглан нээсэн хуурамч хаягууд, тэдгээрийн оруулдаг бэлэн мөнгө, шагнал амладаг залилангийн постуудаас сэргийлж, хувийн мэдээлэл, эд хөрөнгөө хамгаалж, эрсдэлд орохгүй сануулж байна.