Search

Холливудын бэлгэ тэмдэг галд өртөөгүй, хамгийн ойр дэгдсэн галыг пүрэв гарагт бүрэн унтраасан

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1274

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Холливудын бэлгэ тэмдэг шатчихлаа гэх мэдээлэл, зургийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах хэлтсийн албан ёсны сайтад 01-р сарын 09-нд Холливудын бэлгэ тэмдэгтэй хамгийн ойрхон гарсан Sunset галыг бүрэн унтраасан хэмээн мэдэгдсэн.

2025 оны 1 дүгээр сарын 09-нд Мэдээлэл (архивласан хувилбар) гэх хуудаст “Шатчихлаа” гэх тайлбартайгаар Холливудын тэмдэг шатаж буй зургийг нийтэлсэн нь нийт 1 дүгээр сарын 10-ны байдлаар 160 реакц, 32 сэтгэгдэл авч, 6 удаа цааш түгээгджээ. Мөн Monnews болон Баатаржавын Алтанбагана гэх хаягууд ижил агуулгатай мэдээлэл түгээжээ.

Лос Анжелес хотод гал гарсантай холбоотой интернэт орчинд Холливудын тэмдэг шатаж байна гэх мэдээллүүд бүх төрлийн платформ дээр тархсан. Гадаад хаягаас түгээсэн зураг бидний шалгасан зургаас өөр зураг боловч ижил агуулгатай байна. Уг мэдээллийг олон улсын мэдээллийн сайтууд  болон баримт шалгах төвүүд худал болохыг мэдээлжээ. Тухайлбал, ReutersNDTV World, FOX 11 мэдээллийн сайт болон VERIFY баримт шалгах төв Холливудын тэмдэг галд өртсөн гэх мэдээллийг шалгаж өрнөж буй үйл явдлыг нягтлан худал болохыг мэдээлсэн. Доорх зурагт Verify баримт шалгах төв Холливудын тэмдэг шатаж буй хэд хэдэн зургийг шалгаж хиймэл оюун ухаанаар бүтээсэн хэмээн мэдээлжээ. Тодруулбал, @valueandtime Х хаягт (архивласан хувилбар) “Холливудын тэмдэг галд өртөж байна” гэх тайлбартай бидний шалгасан зургийг оруулсан. Тус зургийн баруун доод буланд “Grok xAI” гэх тэмдэглэгээг бичжээ. Grok нь xAI-ийн бүтээсэн хиймэл оюун ухаант чатбот юм.

Калифорни мужийн хэд хэдэн хэсэгт гарсан гал түймрийн нэг болох Sunset гал нь Холливудын толгод дээр Runyon Canyon-ийн ойролцоо дэгдсэн ч одоогийн байдлаар Холливудын тэмдэг галд өртөөгүй. Лос Анжелес хотын гал түймрийн албаны албан ёсны сайтад 01-р сарын 08-ны лхагва гарагийн оройн Sunset гал 60 акр талбайг хамарсан хэмээн мэдэгдсэн. 01-р сарын 08-ны оройноос эхлэн гал унтраах үйл ажиллагаа эхэлсэн. Калифорни Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах хэлтсийн албан ёсны сайтад 01-р сарын 09-нд Холливудын тэмдэгтэй хамгийн ойрхон гарсан Sunset галыг бүрэн унтраасан хэмээн мэдэгдсэн.

Калифорни мужид дэгдсэн галын тухай нэмэлт мэдээлэл

Энэ долоо хоногийн мягмар гараг буюу 01-р сарын 07-ны 10:00 цаг орчимд АНУ-ын Калифорни мужийн баруун урд буюу Малибу болон Санта Моника эргийн хот хэсгээр гал гарч эхэлсэн байна. Одоогийн байдлаар буюу 1-р сарын 10-ны байдлаар 5 газар ойролцоогоор 32 мянган акр талбайд гал зэрэг тархаж байна. Мужийн захиргаанаас 180,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажил хийж байгаа ба мөн 200,000 орчим оршин суугчийг бэлтгэлтэй байхыг анхааруулжээ. Доорх зургаас гал гарсан байршлуудыг харах боломжтой.

Эх сурвалж: AP, Зургийг авсан цаг 12:00 (10 минут тутамд шинэчлэгдэж буй гал түймрийн мэдээлэл

АНУ-ын Калифорни мужид гарч буй гал түймэрт олон мянган хүн нэрвэгдээд буй. Иймд олон нийтийн анхаарлын төвд болж буй гамшигт үйл явдалтай холбоотой хуурамч мэдээлэл түгээж байна. Холливудын тэмдгийн ойролцоо гарсан галыг 01-р сарын 09-нд бүрэн унтраасан хэмээн албан ёсны эх сурвалж мэдэгдсэн билээ. Тиймээс Холливудын тэмдэг галд өртсөн байх боломжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document