Search

“Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлын хөрөнгийг хураах хууль гэнэ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1273

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Нөгөө Ерөнхийлөгч байхгүй, Ерөнхий сайд байхгүй, УИХ-ын дарга, гишүүд байхгүй. Хөөрхий муу цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлын хөрөнгийг хураах хууль гэнэ ээ. Тэдний унаж байгаа приусыг нь хураагаад яах юм…” гэх мэтчилэн ярьсан бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд төрийн гурван өндөрлөг багтаж байна.

2025 оны 01 дүгээр сарын 02-нд Отгонбаатар Аюурзана нэртэй хаягаас “Төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө хураана гэж байсан хүн Сайд, гишүүн болоод үг нь үнс, яриа нь ялгадас болжээ” гэсэн тайлбартай бичлэг түгээжээ. Уг бичлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг төрийн өндөр албан тушаалтны хөрөнгийг хураах хуулийн төсөл санаачилна гэж сонгуулийн өмнө ярьж байснаа оруулж ирсэн төсөл нь “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө…” гэж оруулж ирсэн байна гэжээ. Тэрээр, “Нийтийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх вэ гэдгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1-д гэж заасан. Энийг нь харахаар Авлигын эсрэг хуулийн 4.1 гээд төөрүүлсэн байна. Авлигын эсрэг хуулийн 4.1-д нь төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах албан тушаал хийж байгаа хүн гэсэн байна. Нөгөө Ерөнхийлөгч байхгүй, Ерөнхий сайд байхгүй, УИХ-ын дарга, гишүүд байхгүй. Хөөрхий муу цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлын хөрөнгийг хураах хууль гэнэ ээ. Тэдний унаж байгаа приусыг нь хураагаад яах юм…” гэх мэтчилэн ярьжээ. Уг бичлэгт 2.8 мянга гаруй реакц, 309 сэтгэгдэл өгч, 6.3 мянга гаруй удаа цааш түгээжээ.

2024 оны 12 дугаар сарын 12-нд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулжээ. Уг төсөлд санал авч дуусах хугацааг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж заасан байна.

Уг төслийн 4.1.10-т “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 – 4.1.9-д заасан этгээдээс ГАДНА хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтнаар томилогдон, эсхүл сонгогдон, түр болон байнгын орон тоон дээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүнийг;” гэж тодорхойлсон байна.

Тиймээс хуулийн төсөлд одоо ажиллаж байгаагаас гадна, ажиллаж байсан хүнийг хамруулна.

Нийтийн албан тушаалтан гэж хэн бэ?

Нийтийн албан тушаалтан гэдгийг Авлигын эсрэг хуулийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан…” гэж заасан байна.

“Төрийн улс төрийн алба” гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд:

Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” гээд:

  • 11.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;
  • 11.1.2.Монгол Улсын Их Хурлын дарга;
  • 11.1.3.Монгол Улсын Ерөнхий сайд;
  • 11.1.4.Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;
  • 11.1.5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн;
  • 11.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
  • 11.1.7.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд сайд;
  • 11.1.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх;
  • 11.1.9.бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын Ерөнхий менежер;
  • 11.1.10.улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал;
  • 11.1.11.Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал;
  • 11.1.12.хуульд заасан бусад албан тушаал…” гэж заажээ.

Энэ нь Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд төрийн гурван өндөрлөг багтаж байна гэсэн үг юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document