2025 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Эргэн төлөгдөхгүй санхүүжилт Монгол гэсэн нэртэй хуудсаас “Монголын ард түмнийхээ санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс тэг хувийн эргэн төлөгдөхгүй санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Үүний үр шимийг хүртэхийн тулд бидэнтэй хувийн мессежээр холбогдоорой” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 35 реакц, 135 сэтгэгдэл авч, 12 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дээрх мэдээллийг шалгахын тулд зургаар хайх анхан шатны баримт шалгах алхмын дагуу уг мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хэрэглүүрээр хайлаа. Хайлтын үр дүнд 2023 оны аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинтай хийсэн уулзалтын үеийн зураг илэрлээ. Хуучин зургийг ашиглаж буй энэ үйлдэл нь залилангийн шинж чанартай байх магадлалтай. Учир нь залилангийн түгээмэл хэлбэрийн нэг нь олны танил хүмүүсийн зургийг ашиглах явдал юм.
Мөн шалгаж буй мэдээллийг агуулгаар нь хайхад хэд хэдэн төрлийн бүлгэмд л ижил утга бүхий бичвэрийг нийтэлсэн байна. ( энд, энд, энд бас энд). Ингэхдээ өөр өөр төрлийн зургийг ашиглаж, албан ёсны эх сурвалж дурдаагүйгээс гадна холбоо барих дугаар, хаягийг бичээгүй зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан. Энэ төрлийн залилан нь чатаар харилцахдаа хэрэглэгчийг итгүүлэн үнэмшүүлж, дансны мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар, утасны дугаар, мессежээр ирсэн код зэргийг авахыг хүсдэг. Та эдгээр мэдээллээ өгснөөр цахим залилангийн хохирогч болж санхүүгийн хохиролд орох эрсдэлтэй.
Иймд цахим залилангаас сэргийлэхийн тулд мэдээлэл түгээж буй хаягийн найдвартай байдлыг шалгаж, тодорхой мэдээлэл, нэр зураггүй хуурамч хаягийг репорт хийж хэвшээрэй.