2025 оны 1 дүгээр сарын 05-нд PC Mall (архивлагдсан хувилбар) гэх хуудаснаас “онцгой сюрприз. Сайн уу👋 @PC mall төрсөн өдрөө тэмдэглэж байна. 2025 оны 1-р сарын 10-ны дотор манай хуудсанд “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичсэн хүн бүр тусгай шагнал, гал тогооны тоног төхөөрөмж, угаалгын машин, хөргөгч, бэлэн мөнгө, дэлгүүр хэсэх эрхийн бичгийн эзэн болно. Амжилт хүсье! 🎂🎉💜Бүх улс оронд хүчинтэй” гэх мэдээллийг цахилгаан барааны зурагтай түгээсэн нь нийт 6,300 реакц, 23 мянга гаруй сэтгэгдэл авч, 68 мянга гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах
Мэдээллийг түгээж буй хаягийг хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй. PC Mall гэх хуудас руу орж үзэхэд нийт 2,700 гаруй like, 3,900 гаруй дагагчтай байна. Цаашлаад хуудасны танилцуулга хэсэгт “электрон барааны дэлгүүр” гэх ангиллыг оруулснаас өөр танилцуулга, байршил, холбогдох утасны дугаар, вэбсайт зэрэг мэдээллийг огт оруулаагүй байна.
Хуудасны ил тод байдлын хэсгийг харахад тус хуудас 2025 оны 01 дүгээр сарын 05-нд нээгджээ. Хуудсыг нээгээд тухайн өдрөө ганц пост оруулсан байна. Үүнээс уг хуудас PC Mall-ийн албан ёсны хуудас биш гэдгийг харж болох юм.
Шалгасан мэдээллийг түгээсэн хаягийг Pc mall дэлгүүрийн албан ёсны хуудастай харьцуулан харахад дагагчийн тоо болон дэлгүүрийн мэдээлэл, оруулсан пост зэрэг нь өөр байна. Мөн PC Mall дэлгүүр албан ёсны фэйсбүүк хуудастаа 2025 оны 01 дүгээр сарын 06-нд тус хаягийг хуурамч болохыг мэдэгдэж, залилангаас сэргийлээрэй хэмээн мэдээлжээ.
Агуулгыг нягтлах
Шалгасан мэдээлэлд Төрсөн өдрийн мэнд гэж бичсэн хүн бүрд үнийн дүн ихтэй бэлэг өгнө, бүх улс оронд хүчинтэй хэмээн мэдээлсэн. PC mall дэлгүүр нь зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд анх 2009 онд нээгдэж байжээ. Харин шалгасан мэдээлэлд бүх улс оронд хүчинтэй гэж оруулсан нь хуурамч байж болзошгүйг илтгэж байна. Мөн тус мэдээлэлд сэтгэгдэл бичсэн хүмүүст “Одоо мессежээ шалгаарай Шагнал хүлээж байна” хэмээн хариулж буй нь зөвхөн чатаар мэдээлэл өгөх зорилготой, үйлдэлд уриалсан шинжтэй байгааг харж болох юм.
Залилан хийж буй хаягууд амар хялбар үйлдэл хийгээд бэлэг авах боломжтой мэтээр пост оруулдаг. Ингэхдээ азтан шалгаруулах бус хүн бүрд өгнө гэх агуулгыг дурддаг нь аль болох олон сэтгэгдэл бичүүлж, түгээх зорилготой. Хандалт ихтэй байх нь хэрэглэгчдэд албан ёсны хаяг мэт ойлголт өгдөг. Дөнгөж нээгдсэн хаягт бэлэн өгнө гэх агуулгатай пост оруулж хандалтаа өсгөдөг байна.
Зургаар хайх
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зургуудыг ажиглавал зурагт харагдах баннерт гадаад хэлээр бичигдсэн, зарим зураг үйлдвэрийн зураг байгааг харж болно.
Зургийг Google Lens хайлтын системээр хайхад интернэт орчинд түгээмэл ашиглагддаг зураг байна. Эдгээр зургийг нийтэлсэн постууд гадаад хэл дээр бичжээ.
Аливаа мэдээлэлд анхан шатны баримт шалгалт хийхдээ эхлээд хаягийг шалгаж, агуулгыг нягтлаад, зургаар хайх алхмын дагуу шалгаарай.