2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Tsetsegjargal Dorj нэртэй хаягаас “Саримс нь нян бактери устгах чадвартай ногоо юм. Усанд хийгээд тавьчихвал ус нь аяндаа ногоон болно. Тэр нь бохир агаарыг өөртөө шингээж байгаа гэсэн үг юм. 7-8 хумс саримсанд дээр 300-400 мл буцалсан халуун ус хийнэ. (хүүхэд хүрэхгүй газар тавиарай). Усыг нь ногоон болохоор л солино. Аяндаа ус нь ногоороод саримс нь доошоо живнэ. Эсвэл олон шилэнд 1-2 хумсыг хийгээд бүх өрөөндөө тавьж болно. Хэрэв агаарт нян бага байвал ус нь ногоон болохгүй цэвэр тунгалаг байдаг. Ханиадтай хүн байвал маш амархан ногоордог. Ханиад томуу их энэ үед туршаад үзэхэд илүүдэхгүй юм байна шүү” гэсэн тайлбартай пост оруулжээ. Уг пост 154 реакц авч, 128 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Саримсыг усанд хийж орчин тойрон дахь нян бактерийг устгах арга нь үр дүнтэй эсэх талаар шинжлэх ухааны батлагдсан судалгаа байхгүй. Шалгаж буй баримтад дурдсан саримс ногоон болох үзэгдэл нь агаарт нян бактери их байгаатай холбоотой бус саримсны доторх фермент, хүхрийн нэгдлүүд усанд урвалд орж, ногоон пигмент ялгаруулж байгаагаас үүдэлтэй.
Мичиганы Их Сургуулийн сайтад саримсны химийн найрлагын талаар дараах мэдээллийг өгсөн байна. Саримс нь кальци, фосфор, витамин С, витамин В6, манган зэргийг агуулдаг. Саримсны хумсыг тайрах, жижиглэх, бутлах үед аллицин хэмээх бодис ялгарч, хурц амт үүсгэдэг байна. Мөн энэхүү бодис нь саримсны өнгө өөрчлөгдөхтэй холбоотой бөгөөд саримсыг даршилж хадгалах үед ферментийн урвалд орж, хөх эсвэл ногоон өнгөтэй болж хувирдаг гэж мэдээлжээ. Энэ нь саримсыг усанд хийснээр урвалд орж, ногоон өнгөтэй болох боломжтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл усанд хийсэн саримсны өнгө өөрчлөгдөж буй нь бохир агаартай ямар ч хамааралгүй бөгөөд саримсны доторх аллицин бодис урвалд орж буйтай холбоотой юм.
Аллицины хими болон биологийн чанарыг харуулсан 2014 оны судалгаанд аллициныг бактери, мөөгөнцрийн өсөлтийг зогсоох, зарим тохиолдолд устгах нөлөөтэйг дурдсан байна. Саримсны бактерийн эсрэг шинж чанар нь хүнсний шууд хэрэглээнд илүү үр дүнтэй. Харин агаарт буй бохирдлыг бууруулахад нөлөөтэй талаар уг судалгаанд дурдаагүй байна. Саримсны гол биоидэвхит бодис болох аллицин нь хүхэр агуулсан байгалийн нэгдэл бөгөөд эрүүл мэнд, анагаах ухаан, хөдөө аж ахуйн салбарт ашиглах өргөн боломжтойг уг судалгаа харуулжээ. Гэсэн ч аллицины тогтворгүй чанарыг зохицуулах, түүний үйлчлэлийн талаар нарийвчлан судлах шаардлагатай гэжээ.
Саримсыг хоол хүнсэндээ хэрэглэснээр дархлааг дэмжихэд тустай ч усанд хийж агаарт байгаа нянг устгана гэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Аливаа нян, бактерийг устгахад зориулалтын ариутгагч бодис ашиглаж, ханиад, томуугийн дэгдэлт ихтэй үед гараа тогтмол угаах, маск зүүх, агаар сэлгэх хэрэгтэй.