2025 оны 1 дүгээр сарын 06-нд Гоо Гоо (архивлагдсан хувилбар) нэртэй хаягаас “Англи шведын хамтарсан АстраЗенека компани Ковид-19 үед гаргасан бүх вакцинаа татаж авахаар боллоо.
Шалтгаан нь үхэлд хүргэдэг судасны бөглөрөл үүсгэх үр дагавартай болох нь тогтоогджээ” гэх мэдээллийг АстраЗенека вакцины зурагтай хамт түгээжээ. Тус мэдээлэл нь нийт 982 реакц, 315 сэтгэгдэл авч, 1,400 гаруй удаа цааш түгээгдсэн.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд АстраЗенека (AstraZeneca) вакцин үхэлд хүргэх цусны бөглөрөл үүсгэсэн нь тогтоогдсон учир бүх вакцинаа татаж авахаар болжээ гэж дурдсан. Өнгөрсөн оны гуравдугаар сард Европын холбоо АстраЗенека компанийн хүсэлтээр ковидын вакциныг Европын зах зээлд гаргах зөвшөөрлийг цуцалсан. АстраЗенека 2024 оны 05 дугаар сарын 07-нд дэлхийн зах зээлээс вакцинаа татаж буйгаа мэдэгдсэн байна. Үүнийг вакцины эрэлт буурсантай холбоотой хэмээн мэдэгджээ. Тодруулбал, бусад ковид-19 вакцин үйлдвэрлэгчид вирусийн шинэ хувилбарт чиглэсэн вакцины шинэ хувилбаруудыг боловсруулсан. Энэ нь үйлдвэрлэж, нийлүүлэгдэхээ больсон АстраЗенека вакцины эрэлт буурахад хүргэсэн тухай Guardian мэдээллийн сайтад дурджээ.
Вакциныг зах зээлд гаргаснаас хойш 21 хоногийн дотор маш ховор тохиолдох гаж нөлөөгий талаар мэдээлсэн
АстраЗенека вакцин нь 2020 оны 11 дүгээр сард гарсан ба 2021 оноос хийж эхэлсэн. Үүний дараа Европын холбоо тус вакцины тун ховор гаж нөлөөг 2021 оны гуравдугаар сарын 18-нд албан ёсны сайтдаа мэдээлж, мөн АстраЗенека вакцины тухай мэдээлэлд хавсаргажээ. Тус мэдээлэлд вакцины тун ховор тохиолдож болох гаж нөлөөг дурдсан ч вакцины үр өгөөж илүү байгааг мөн тайлбарласан. Вакцины гаж нөлөөний жагсаалтад цусны өтгөрөлт буюу Тромбоцитодени хам шинж болон мэдрэлийн системийн эмгэг нь маш ховор (10,000-д нэгээс бага тохиолдол) тохиолдох боломжтой хэмээн тэмдэглэжээ. Вакциныг зах зээлд гаргаснаас хойш гурван долоо хоногийн дотор маш ховор тохиолдох гаж нөлөөг мэдээлсэн байна.
2021 оны 9 дүгээр сарын 14-нд Английн Үндэсний эрүүл мэндийн албаны албан ёсны сайтад орсон мэдээлэлд АстраЗенека вакцин хийлгэсэн 50-аас доош насны хүмүүст Тромбоцитодени хам шинж илрэх нь 50,000-д нэг бол 50-аас дээш насны хүмүүст 100,000-д нэг тохиолдол байна хэмээн мэдээлжээ.
Шалгасан мэдээлэлд гаж нөлөөг тогтоосон учир вакциныг буцаан татсан гэх агуулгыг дурдсан. Европын холбооноос гаргасан вакцины тухай мэдээлэлд маш ховор гаж нөлөөг вакцин хийж эхэлснээс гурван долоо хоногийн дотор буюу 2021 оны гуравдугаар сард мэдээлсэн. Мөн АстраЗенека вакцин шинэ хувилбар үйлдвэрлээгүй ба эрэлт буурсан учир зах зээлээс татаж буйгаа мэдэгдсэн байна. Иймд саяхан гаж нөлөөг тогтоож, үүнээс болж вакцинаа татсан гэх агуулгатай мэдээлэл нь төөрөгдүүлсэн юм.
Тус вакцины гаж нөлөө мэдээлсний дараа ихэнх улс вакцинжуулалтаа хэвийн үргэлжлүүлсэн бол зарим нь тодорхой хязгаарлалт тавьжээ. Reuters агентлаг 2021 оны 03 дугаар сарны 25-нд АстраЗенека вакциныг хэвийн хийж буй улсууд болон хязгаарласан орнуудын жишээ жагсаалтыг гаргажээ. Жишээлбэл, Недерланд, Хойд Македони, Ирланд зэрэг улс 60-аас дээш насныханд АстраЗенека вакцин хийхийг хягаарласан бол бусад насныханд вакцинжуулалтыг үргэлжлүүлсэн байна.
АстраЗенека вакцин нь ковидын вирусийн эсрэг дунджаар 74 хувийн үр дүнтэй. Их Британид байрлалтай ашгийн төлөө бус өгөгдөл, аналитикийн Airfimity компани 2022 онд ковидын вакцинд хийсэн шинжилгээгээр АстраЗенека вакцин ашигласан эхний жилдээ дэлхий даяар 6.3 сая хүний амийг аварсан. Prizer вакцин мөн тус хугацаанд 5.9 сая хүний амь аварсан хэмээн мэдээлжээ.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн FactCheck.org, GhanaFact болон The Quint баримт шалгах төвөөс АстраЗенека “вакцин цусны бөглөрөл үүсгэдэг болохыг анх удаа мэдээлж, үхлийн шалтгаан болсон нь батлагдсан учир буцаагдсан” гэх агуулгыг нягталж төөрөгдүүлсэн болохыг мэдээлсэн.