2024 оны 11 дүгээр сарын 13-нд Myagmarsuren Amgalan нэртэй хаягаас “Анхаар! Аюул! Оюун-Эрдэнэ монголчуудыг хурдан алж дуусгах гэж бүх төлөвлөгөөгөө гаргасан ажээ…” гэсэн эхлэлтэй, “Вакцинаар хордуулаад, утаагаар хордуулаад, хоол хүнсээр нь хордуулаад, оюун санаагаар нь хүчирхийлээд, хүний эрхийг нь хааж тавгүй байлгаад бүгд үхэж өгөхгүй цор цор хийгээд байгаад байгаа юм байна бид. Одоогоор монголчуудын дундаж нас эрчүүд нь 60, эмэгтэйчүүд нь 65 байгаа билүү. Элдэв хор дарамтанд нь үхэж өгөхгүй байгаа хүмүүсийг нь хэзээнээс яаж алах гэж байгаа юм бол” гэх тайлбарын хамт албан бичгийн зураг хавсарган постлосон нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны байдлаар 250 гаруй реакц, 100 гаруй сэтгэгдэл авч, 2400 гаруй удаа түгжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав
Уг постод хавсаргасан албан бичиг нь Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас Сумдын Засаг даргын Тамгын Газрын дарга нарт хаягласан байх ба “Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтыг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г Жендэрийн үндэсний хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00-11:00 цагт цахимаар танилцуулна.” гэсэн байна. Энэ албан бичгийн “эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтыг багасгах” гэх агуулгад тулгуурлан тухайн постыг цахимд орчинд түгээжээ.
Пост нь хэдий 2024 оны 11 дүгээр сард түгсэн ч өнөөдрийг хүртэл хүмүүсийн хуваалцсан байдал нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар батлагдсан төлөвлөгөө
Бид дээрх төлөвлөгөөний талаар хайхад эх нэршил нь “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)” гэж байна. Тус төлөвлөгөөг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ажлыг Жендэрийн Үндэсний Хороо хариуцаж байгаа аж. Ийн харвал шалгасан постын албан бичигт эх төлөвлөгөөний нэршилд байгаа “зөрүү” гэх үгийг бичээгүйн улмаас утгын алдаа үүссэн харагдаж байна.
- ЖҮХ-ны албан ёсны вэбсайтын “Ном хэвлэл” цэсэд үндсэн төлөвлөгөөг байршуулсан байна. Үүнд, “Эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтыг дэмжих, гэр бүл бүр элэг бүтэн эрүүл, жаргалтай амьдрах алсын харааны хүрээнд 2020 онд “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсний мөрөөр олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж улмаар төрийн бодлогын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ харуулсан болно” гэжээ.
- Цаашлаад “Энэхүү төлөвлөгөөг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлснээр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахад ахиц гаргах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хандлага, дадлыг хэвшүүлэх, эрэгтэйчүүдийн гэнэтийн, зуурдын шалтгаант нас баралтыг бууруулах болон төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.” гэж зорилгыг тодорхойлсон байна.
Монголд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 9.4 жилээр бага насалдаг. Энэ нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт хамгийн дээгүүрт ба дэлхийд 12-т эрэмбэлэгдэх үзүүлэлт гэдгийг Дэлхийн Банк Группээс мэдээлсэн байна.
Энэхүү төлөвлөгөө нь дөрвөн зорилтын хүрээнд эрэгтэйчүүдийн эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг сайжруулж, эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулахыг дэмжиж, осол гэмтэл, зуурдаар нас барах шалтгаанаас сэргийлэх, жендэрийн мэдрэмжтэй мэдээллээр хангах зэрэг 36 төрлийн ажлыг хэрэгжүүлснээр эрэгтэйчүүдийг урт наслуулах боломжтой гэдгийг гаргаж ирсэн байна.
- Харин нэршил нь “эрэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах замаар дундаж наслалтын зөрүүг багасгах” гэх маягаар тодорхойлоогүй шууд “эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтыг зөрүүг багасгах” гэсэн нь энэ зөрүү багасаж л байвал ямар ч хамаагүй аргаар (зарим нь “эмэгтэйчүүдийн насыг багасгаж ойртуулах нь” гэж егөөдөхөд хүргэсэн) зорилгодоо хүрэх нь гэсэн ойлголт өгч болохуйц хоёрдмол утгатай найруулга болжээ.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын залруулга
Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас 2024.11.13-ны өдөр албан ёсны фэйсбүүк хуудастаа тухайн албан бичигтэй холбоотой залруулга хийжээ. Тодруулбал, “Аймгийн Засаг даргын Тамгын газраас Сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон байгууллагын дарга нарт илгээсэн албан бичгийн бичвэрийн техникийн алдааг тухайн үед засаж залруулж байгууллагуудад хүргүүлсэн байсан. Тус албан бичгийг өчигдөр сошиал орчинд байршуулж тараасан үл ойлголцол гарсанд хүлцэл өчье.” гэсэн тайлбарын хамт 2024 оны 11 дүгээр 07-ны өдрийн 3-02/884 болон 3-02/885 тоот албан бичгийн зургийг тус тус хавсаргажээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хуулийн этгээдийн баримт бичигтэй холбоотой харилцааг “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-аар зохицуулдаг. Тус журмын 2.2.4.1-т баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, Монгол хэлний зөв бичих дүрэм, стандартад заасан шаардлагын дагуу зохион бүрдүүлж, түүний үнэн зөв, албан ёсны хүчинтэй байдлыг ханган боловсруулж, хянуулах, батлуулах; хэмээн заасан байна.
Дүгнэлт
Эндээс харахад Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын холбогдох ажилтнууд албан хэрэг хөтлөх явцдаа алдаа гаргаснаас цахимд тухайн мэдээлэл тархсан. Үүнээс гадна шалгасан постын эзэн албан бичигт гарсан төлөвлөгөөний нэрийг нягтлахгүйгээр түгээсэн нь төөрөгдөл үүсгэжээ.
Иймд, аливаа байгууллага, хуулийн этгээд нь албан бичиг боловсруулахдаа холбогдох журмын дагуу хөтөлж, алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.