Search

“Тэтгэвэр 2 дахин нэмэгдэнэ” гэх хуурамч холбоостой, худал мэдээллээс сэргийлээрэй  

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1264

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тэтгэвэр хоёр дахин нэмэгдэнэ” гэх агуулгатай пост нийтэлжээ.  

Баримт шалгалтын үр дүн

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хуулиудын хүрээнд тэтгэврийн хэмжээ 2025.01.01-нээс эхлэн 6 хувиар нэмэгдээд байна. Гаднын хэд хэдэн улсаас удирддаг хуурамч хаягаар “тэтгэвэр 2 дахин нэмэгдэнэ” гэх худал мэдээлэл түгээжээ.

“More exciting” гэх хаягаас 2024 оны 12 дугаар сарын 31-нд “Энэ бол онигоо биш! Засгийн газар мэдэгдэл гаргалаа!” гэх тайлбартай пост оруулжээ. Постыг харвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийн хажууд “Тэтгэвэр хоёр дахин нэмэгдэнэ. 2024 оны арванхоёрдугаар сараас эхлэн ахмад настнуудын тэтгэвэр эрс нэмэгдэнэ! Тэтгэврийн хэмжээг харахын тулд зөвхөн насаа оруулна уу” гэсэн текстүүд байх ба холбоос хавсаргасан байна.  

  1. Холбоосыг шалгах

Хавсаргасан холбоосоор нь орж үзвэл постын агуулгатай холбогдох мэдээлэл гарч ирэхгүй ба огт хамааралгүй гаднын вэбсайт руу үсэрч байна.  

Пост оруулсан хаяг руу орж, Page transparency цэсээс хаягийг нээсэн он сар, админуудын мэдээллийг харахад 2024 оны 03 дугаар сарын 01-нд анх нээсэн ба Филиппинээс 3, БНХАУ-аас 1, Энэтхэгээс 1, тодорхой бус байршлаас 1 хүн энэ хаягийг хөтөлдөг нь харагдаж байна. 

Тус пэйжийг нээсэн өдрөө эмэгтэй хүний зургийг профайл болгосон байх ба хоёр сарын дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 10-нд Bank гэсэн бичигтэй зургийг профайл болон ковер болгожээ. Харин эдгээр зургаас өөр ямар нэг нээлттэй пост, мэдээлэл байхгүй байна.

3. Агуулгыг шалгах 

2024 оны 12 дугаар сараас тэтгэврийг хоёр дахин нэмнэ гэх агуулгыг холбогдох хуулиудад хэрхэн тусгаснаар шалгав.  

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ийн заажээ.  

  • 27.1.Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. 

“Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хууль” 2024 оны 11 дүгээр сарын 08-нд батлагдсан бөгөөд 5-р зүйлд Тэтгэврийн даатгалын санд 5,391,992.2 төгрөг зарцуулахаар тусгасан ба тус хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ. 

Дээрх хуулиудын заалтад үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 18-нд Засгийн Газраас “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол баталсан. Тодруулбал,  

  1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 6 хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай. 
  1. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай” хэмээн заажээ. 

Дүгнэлт  

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хуулиудын хүрээнд тэтгэврийн хэмжээ 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 6%-иар нэмэгдээд байна. Шалгасан постод байгаа “тэтгэвэр хоёр дахин нэмэгдэнэ” гэсэн агуулга худал бөгөөд түгээсэн хаягийг харвал албан ёсны мэдээлэл хүргэхүйц эх сурвалж биш гэдэг нь илт байна.

Хаягийг хэд хэдэн гаднын улсаас удирдан хөтөлдөг ч манай улсын талаар ийм мэдээлэл тараасан нь хандалт авахаас гадна хавсаргасан холбоосоор орсон хүмүүсийг залилах гэх мэт далд зорилготой байж болзошгүй юм. Иймд, үүнтэй ижил төстэй баталгаагүй мэдээллүүд рүү дарж орохгүй байж, хувийн мэдээллээ алдахаас сэрэмжлээрэй. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document